Дэлхий
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 03 сар 02
・ 2
Ираны гэрэл зурагчин Сахар Фадайаны хувьд зурган дээр хэн байх нь чухал биш, сонгосон сэдэв нь л хамгийн чухал байдаг. Тиймээс тэрбээр нийгмийн бодит байдлыг харуулсан хар бараан боловч хүчирхэг гэрэл зураг авдаг нэгэн юм.
Тэрбээр Бангалор хотод амьдарч байх хугацаандаа трансжендер эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан фотосурвалжлагыг хийжээ.
Энэтхэгт трансжендер хүмүүсийг хижра гэж нэрлэдэг бөгөөд 2014 оноос трансжендер хүмүүсийг хуулиар хүлээн зөвшөөрөх болсон байна. Гэрэл зурагчин Сахар Фадайаны тэмдэглэснээр нийгмийн гуравдагч хүйсийнхэн гэгдэх болсон хижрачуудын 90% нь багадаа гэрээсээ явж Мумбай, Бангалор зэрэг хотын ядуусын хороололд ирж амьдарчээ. Тэднийг жирийн иргэнээр хүлээн авах нэгэн нь байхад гуйлгачин, биеэ үнэлэгч гэж харах нь ч бий.
Хижрачуудын гаран дээрээс шарх, сорви олныг олж харна. Учир нь захиалж биш заяаж төрсөн цус, генэндээ гоморхсон тэдний олонх нь амиа егүүтгэхийг завдсан байдаг. Эдгээр шарх, сорвины цаана сэтгэл эмтрэм түүхүүд бий.
Эмма гудманд гуйлга гуйж, бүжиглэж амьдралаа залгуулдаг. Түүний үзүүлбэрийг үзэж сонирхсон хүмүүс мөнгө өгөхийн оронд түүнийг шоолж, сариг нь сөхөж тохуурхах явдал олон гардаг.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд гэр бүлийнхнийгээ, ялангуяа ээжийгээ их санадаг. Хижрачууд гэр бүлтэйгээ холбогдож боломжтой бол мөнгө явуулахыг хүсдэг.
Гуйлга гуйж, гудманд бүжиглэхээс бусдаар тэднийг ресторан, театр, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газраар явахыг хориглодог. Ихэнх ресторанд тэднийг мөнгөтэй байсан ч хооллохыг зөвшөөрдөггүй.
Трансжендер эмэгтэйчүүд нэгдэж Гуру буюу Загалмайлсан эхтэйгээ амьдардаг. Тэрбээр хижрачуудыг орон байраар хангаж охин шигээ, ач зээ нар шигээ ханддаг.
Эндэхийн трансжендер эмэгтэйчүүдээс нөхөрт гарсан тохиолдол цөөнгүй ч ихэвчлэн олонх нь амиа егүүтгэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэргээр эмгэнэлтэй байдлаар төгсдөг ажээ.
Ауруши гэдэг энэ хижрагаас гэрэл зурагчин хүсэл мөрөөдлийнх нь талаар асуутал тэрбээр ямар ч хувиралгүйгээр “Надад мөрөөдөл байхгүй” гэж хариулжээ...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.