Ум базар бани хум пад

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 03 ・ 1


Ингэж хэлсэндээ уншигч авхай таниас  түмэнтээ хүлцэл өчих  байна. Номхон далайн гүн дэх газар хөдлөлт, Японы ард түмний туулж буй  эмгэнэлт амьдрал дэлхий нийтэд энэ ертөнцийн юугаар ч сольшгүй  цорын ганц үнэт эрдэнэ нь хүн төрөлхтөн гэдгийг ямар нэг байдлаар ухааруулсан  гэдэгт  эргэлзэх зүйл алга. Гэтэл  гурван  сая хүн амтай өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад хүн эрдэнийн үнэ цэнийг хэлж мэдэх юм үнэндээ алга, зарим талаар. Ямартай ч арлын Япон шиг иргэн бүрийнхээ төлөө санаа тавьж, цунами болсон  байшин барилгын нуранги доороос нэг ч болов  амьд хүн  олохын төлөө газар газар самардах аюул монголчуудыг зовоогоогүй байна, өнөөдөртөө.

Ингэж хатуу хэлэхийн учир  Монгол Улсын нийслэлд  зарим тохиолдолд өдөрт 3-5  хэн нь танигдахгүй, бичиг баримтгүй,  эрж сурсан  ах дүүсгүй  цогцос олддог, талийгаачдыг  шүүх эмнэлгийнхэн цагдаагийн байгууллагатай  хамтран оршуулдаг явдал үүнийг бичихэд хүргэлээ. Өнгөрсөн долоо  хоногт л гэхэд  Шүүх эмнэлгийнхэн хэн нь танигдахгүй,   моорогт 15 хоносон хоёр цогцсыг оршуулжээ. Ингэхдээ  талийгаач нарт хийсэн задлан шинжилгээ, гаднах төрх байдал, өмссөн хувцас  зэргийг үндэслэсэн  гэцгээсэн. Улс орон, ах дүү, төрөл садандаа үнэ цэнэгүй тэднийг Монголын “илүүдэл” гэхээс өөрөөр юу гэж нэрлэх билээ. Монгол Улсад  иргэний  бичиг баримтын ямар ч бүртгэлгүй  4300 гаруй иргэн байгаагийн 28 хувь нь бага насны хүүхэд гэх мэдээллийг статистик мэдээллээс харж болно.

Тэгэхээр бидний дунд 4300 “амьд илүүдэл”  орчлонгийн тоос хөдөлгөж яваа гэсэн үг. Мэдээжийн хэрэг тэдний ихэнх нь гудамж талбай, цэвэр бохир усны цооног, “Улаанчулуут”-ын  хогийн цэг дээр хоног төөрүүлж буй.  
 

Хөгцөрсөн талх булаалдан “алалдах” багачууд


Хүйтэн салхи хавирга нэвт үлээж байлаа. “Улаанчулуут”-ын аманд ч ялгаагүй, хүйтэн гэж жигтэйхэн.  Салхи  нөмөрлөх байшин савгүй болохоор  хийсгэчих гээд зовлонтойн дээр агаарт хөөрсөн шар, улаан гялгар уут,  хэрэглэсэн ариун цэврийн  цаас нүүрэн дээр ирээд наалдчих гээд сандаргахыг нь яана. 

Хавирга нь гэрэлтэж, нуруундаа наалдчих шахсан золбин ноход, хүнтэй зэрэгцэн шуудай хог тонших улаан хошуут, хөгцөрсөн талхны өөдөс олоод түүн дээрээ зодолдох багачууд, ундааны сав булаалдан “алалдах” дөхөх авгай хүүхнүүд гээд тэр ертөнц тэр чигээрээ аймшиг юм билээ.  Хуучин Цагаан давааны энгэрийн арын хонхорт орших энэ газарт арваад овоохой боссон харагдана. Хогийн цэгийн торон хашааны баруун хойд өнцөгт боссон овоохойн эзэгтэйгээс “Улаанчулуут”-д ойролцоогоор хэчнээн хүн аж төрж байгааг сонирхвол  “Манайх өнгөрсөн намраас энд амьдарч байгаа.  Биднийг ирснээс хойш дөрвөн айл шинээр нүүж ирсэн. Одоо энд арав гаруй айл лав бий.  Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.  Хөрш эмэгтэй  маань бага насны гурван хүүхэдтэй.

Дундговийнх юм гэнэ лээ. Бусдыг нь мэдэхгүй.  Миний нөхөр цаад хавиар чинь л яваа байх. Өчигдөр гэрээс гараад ирээгүй л байна. Олз муутай л яваа юм байлгүй” гэж хариулаад шуудайгаа үүрэн ямар нэг зүйлийг амандаа үглээд явж одсон.  Бүсгүйн араас “Танд бичиг баримт байна уу. Улсаас  ямар нэгэн тэтгэмж, тусламж авдаг  уу” хэмээн хашгирвал “Ямар юмных нь бичиг баримт байдаг юм.  Нутгаас гарахад улаан паспорт байсан.  Эндэхийн хулгайч нар овоохойноос хулгайлчихсан” гээд  цаашаа харсан чигтээ хашгирч хариулах нь тэр. Яг л талд яваа төөрсөн улс шиг. 

Эзэгтэйг явсны дараа  эрээн судал бүхий гялгар бүтээлгээр хулдсан овоохойн амыг онгойлгон гэрийн доторхийг сонирхвол  баруун талд тавьсан түгжээ нь хэмхэрсэн чемодан дээр найман сартай болов уу гэмээр нялх хүүхэд унтаж байх агаад зуухны  ёроолд  ам нь сэтэрсэн гурван аяга цайны шавхруутайгаа,  хөө тортог болсон хөнгөнцагаан түмпэн, түүнээс холгүй  хир даг болж хажуугаараа урагдсан  хоёр ширхэг цаасан хайрцаг, хуйлаад тавьсан  бололтой бөөрөнхийлж орхисон  гудас хөнжлийн  тамтаг тэргүүтнээс өөр зүйл нүдэнд өртсөнгүй.

Харин овоохойн зүүн талд хэц маягийн юм татаж, улаан эрээн байгаад өнгө нь мэдэгдэхгүй болсон ноосон цамц, салтаа нь урагдсан жинсэн өмд тохсон  байлаа. Гэхдээ угаагаад хатаахаар тохсон эд биш гэдгийг хэлэх нь зөв байх.  Ийн  хэрэгт дурлаж байх зуур  хог ачсан эхний машин тоос, дохио хоёрыг агаарт зэрэг хөөргөсөөр ирэв.

Бид л анзаараагүй болохоос авгай хүүхэн тэргүүтэй хэсэг улс  овоолгоотой шороон дээр нарлан хэвтэж байсан нь чухамдаа эхний машин ирж яваа дууг сонсчихоод  замыг нь амдан хүлээж байсан нь тэр юмсанж. Торон хашаагаар хог ачсан  машин орж ирүүт л  барианы морьдыг тосон давхилдах  морь баригч нар шиг л хогчид  дугуйн дор нь орох шахам тэвш өөд авиралдан, зарим нь явдал дунд зүүгдэх юм гээч.

Түүгээр ч үл барам машин хогоо буулгах газраа сонгох хооронд л тэвшин дээр даруулж ачсан том овор хэмжээтэй хогийг булаалдан зодолдож, арваад насны нэгэн хүүг түлхэн унагааж орхив. “Хүүе, хүн аллаа” гэж орилох миний дуу худаг руу тонгойгоод хэлсэнтэй утга нэг, хэн ч тоосонгүй. 

Энд сонирхуулахад, дөрвөн тонн хогоос хүний амьдралд хэрэг болох зүйл тун ховор гардаг юм билээ.  Хамгийн  олзуурхууштай нь таван литрийн  бидон нэг ширхэг, тэр нь дотроо будагтай. Эвдэрхий индүү, ул нь ханзарсан гутал, шатсан будаа агшаагч, мебель орны урагдаж, пүрш нь хөвөрсөн матраас төдийхөн гарсан даа.

Хуванцар савуудыг жолооч, ачигч нар замаас нь олзолчихдог учраас  мөнгө болох  эд зүйл маруухан. Гэвч хогчид олдог л юм билээ. Шулуухан хэлэхэд, үхсэн хүнээс бусад нь олддог аж.  Заримдаа ч эмнэлгийн хог хаягдлаас эрхтэн дутуу төрсөн  нялхсын цогцос ч гарч ирдэг гэнэ лээ.  
 

Б.Эрдэнэдалай:  Би эндэхийн босс нь байна, яах гээв


Хогчид бужигнан, олзоо булаацалдан зодолдож, бага­чууд нь уйлалдаж байх зуур гэнэтхэн газрын хаанаас гараад ирэв гэмээр нөхөр таягаа тулсаар “п....” унших төдийд орчин нам жим болоодохдог байгаа.  Өнөө орилж хашгирч үсээ зулгаалдаж байсан авгай нар ч нам жим. Өнөөх хазгар эр хогчдын дундуур зүсч орж ирээд тэднээс татвар татах юм. Татвар юу  байх вэ дээ, мөнгө болох зүйл. Нэг эр сэнжгүй данхаар хахууль өгтөл “Би үүгээр чинь яах юм” гээд эрүүл хөлөөрөө өшиглөчихөөд жолоочийн кабин руу мацав.

Бууж ирэхдээ  гартаа шар тортой зүйл барьсан харагдсан. Түүнтэй ярилцах санаатай замыг нь амдвал “Би эндэхийн босс нь байна, яах гээв, ална шүү та нарыг” гээд дайрахаар нь айсандаа хог туучин гүйж гарснаа нуугаад яах вэ. Согтуу эр таягдаж орхивол миний л хохь болох юм чинь.  Тэр нөхөр гурван эхнэртэй гэнэ. Мэдээжийн хэрэг гурван согтуу эм байж таараа.

Чойрын хорихоос  суллагдаж ирээд “Улаанчулуут”-д төвхнөсөн аж.  Согтуу үедээ  хүн амины хэргээр шоронд сууж байгаад  “өршөөлөөр” суллагдсанаа ярьж, багачуудыг айлган, олзыг нь дээрэмдэн элдвээр дарамталдаг гэж дээр уулзсан зүс таних болсон эмэгтэй  шивнэсэн.  Энэ эрийг ноёрхлоо тогтоох хүртэл хогийн цэг дээр овгор гэж байгаагүй, олзоо булаалдан зодолдоод л өнгөрдөг байсан юм байх.

Гэхдээ хогчид бүгд  энэ хонхортоо амьдардаггүй аж.  Баянхошуу, Толгойт, Дарь-Эх, Улаанхуарангийн ядуучууд  өдөржин хогны машин хүлээж дошны атамануудтай үзэж тарж байгаад үдээс хойш хот руу ордог байна.  Харин тэнд найгаа алдсан согтуу харагдаагүй. Согтуу байх аваас олзгүй хоосон хоцорч хөлийн гарз болохоо гудамжныхан мэддэг байх л даа.
 

“Аав ээж ээ, мэдэхгүй”


Хөх саравчтай малгай дух­дуул­сан бүрэг байрын хүүг чухам ямар олз олохыг  нүд­ний­хээ булангаар хараад л бай­лаа. Тэрбээр гялгар ууттай зүйл олоод машины тэвшин дээ­рээс үсэрч буугаад гүйсэн бо­ловч араас нь хөөх гурван хүүд  тэр дороо гүйцэгдэн ол­зоо булаалгаж орхиод  сөхөрч суу­гаад нүүрээ таглан уйлж гар­лаа.  Хүүгээс ямар олз олоод түүнийгээ булаалгаж ор­хис­ныг нь асуувал “Мах байсан юм. Ганц ч хазаж ча­дал­гүй  булаалгачихлаа” гээд мэг­шин уйлсан. Хүү нэрээ мэд­дэг­гүй гэнэ. Хогийнхон түү­нийг “ногоон гичий” гэж дуу­даж байхыг бодвол эмэгтэй бо­лол­той. Энэ нэрэндээ ч дасч орхисон бололтой тэр. Түүнд ерөөсөө аав, ээж байх­гүй  аж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Үнэн үг / 2015 03 сар 04/

    Энэ бол нийгмийн үзэгдэл ш дээ. Ард түмнээ боддоггүй төр засгийн л "ГАВЪЯА" юм даа

    Хариулах