20 жилийн дотор нийтдээ 286 сүм хийдэд зөвшөөрөл олгожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 03

 

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй маш олон байгууллага бий. Үүний ихэнхи хувийг шашны байгууллага эзэлдэг гэхэд бараг болно. Дэлхийн хүн төрөлхтөн бид шашин шүтэх, эс шүтэх эрхээ өөрсдөө шийддэг. Тэгвэл сүм хийд, шашны байгууллагыг бүртгэлжүүлэх тооллогыг дараах хууль тогтоомж, эрх зүйн актыг үндэслэн зохион байгуулжээ. Тухайлбал,

-Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 8 дах заалт 

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дах заалт

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”.

Нийслэлийн шашны байгууллагуудын үйл ажиллагаа 2007 оноос нэлээд идэвхжиж эхэлсэн гэдэг. Учир нь 2005 он хүртэл давхардсан тоогоор нэг жилд дээд тал нь 30 гаруй сүм хийд, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж ажилласан байхад 2010 онд 110 болтлоо огцом өссөн. 2012 оны эцэст 138 болж нэмэгдсэн нь өмнөх оныхоос 14.0 хувиар өсчээ. Өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 удаагийн хуралдаанаар нийт 13 шашны байгууллагад шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, 131 шашны байгууллагын өмнө олгосон зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгах асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.

 

Шинээр байгуулагдсан сүм хийдийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд харилцан адилгүй дүнтэй байна. 2004 онд нийслэлд 28 шашны байгууллага шинээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2010 онд хамгийн олноор байгуулагдсан тохиолдол гарч, 42 шашны байгууллагад шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байжээ. Ийнхүү сүүлийн 20 жилийн дотор нийтдээ 286 сүм хийдэд нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхлэн явуулах албан ёсны зөвшөөрөл олгогдож байсны дийлэнх буюу 232 (81.1%) сүм хийд нь 2000-2014 оны хооронд шинээр үүсгэн байгуулагджээ.

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт салбар сүм хийд, шашны байгууллагатай 45 сүм хийд бий. Эдгээрийн 34 нь христийн сүм, 7 нь бурханы шашны дацан хийд байгаа бол исламын шашны хоёр, бөө мөргөл, бахайн шашны байгууллага тус бүр нэг салбартай байна.Харин албан ёсны зөвшөөрөлтэй сү хийдийн дийлэнх хувийг Христийн шашны сүм, цуглаан эзэлж буй аж.

Зөвшөөрөлтэй 283 сүм хийдийн талаас илүү (51.6%) хувь буюу 146 сүм хийдийн өмнө олгогдсон зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа хэтэрчээ. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай Төгсбаясгалант хийд, Гандантэгчэнлин хийд, өмнө нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Улаанбаатар дахь Христосын чөлөөт сүм, Налайх дүүргийн Мекке исламын сүм, Сонгинохайрхан дүүргийн Намдолдэчэнлин хийд, христийн шашны Баянхошуу цуглаан орж байгаа юм. Гэхдээ бурханы шашны 65 хийдийн 17 нь Баянгол дүүргийн, христийн 62 сүм цуглааны 32.3 хувь нь Баянзүрх дүүргийнх байдаг аж. Харин зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн бөөгийн ихэнх шашны байгууллага нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байршдаг юм.

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх