Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 05
Их эзэн Чингэс хааны өлгий нутаг, Австралийн араас орох нүүрсний ордуудтай, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг алт зэс, нүүрсний асар их баялагтай гэдгээрээ дэлхийд сүүлийн жилүүдэд танигдаад байсан Монгол Улсыг дэлхий өөр нүдээр харах боломж бүрдлээ.
Тодруулбал, дэлхийн 160 гаруй орны 2000 гаруй аялал жуулчлалын байгууллага өөрсдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний сурталчилдаг, жил бүхэн аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүнийг эрэлхийлдэг, сая сая жуулчдын анхаарлыг татдаг “ИТБ Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс амжилттай оролцож байна. Тэр дундаа энэ удаад монголчууд гол түнш орноор оролцож “Монгол бол язгуурын нүүдэлчин” гэсэн уриатайгаар орж байгаа нь талархууштай.
Энэ үзэсгэлэнд орохын тулд хэдэн төгрөг зарж, хэр хэмжээний зардал гаргасан нь одоо чухал биш. Эндээс гарах үр ашиг нь юу байх вэ гэдгийг бид одоо ярих ёстой. Нээлтийн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол дэлхийн 300 хэвлэл мэдээллээр дамжуулан нүүдэлчин ахуйтай Монгол оронд тавтай морил хэмээн эх орондоо жуулчдыг урилаа. Энэ хэрээр ч аялал жуулчлалын салбарт нэгэн том боломж гарч ирж байна.
Үзэсгэлэнгийн дараанаас эхлэн Монголыг зорих жуулчдын тоо даруй 20-30 хувиар /уг үзэсгэлэнд түншлэгч орноор оролцсоны дараа жуулчдын тоо 30 хувиар нэмэгддэг/ нэмэгдэх нь дамжиггүй. Налгар зуны улирал дөхөж буй энэ цагт Төрийн тэргүүнийх нь заллагыг авч, язгуурын нүүдэлчин соёлтой танилцах цуваа манай улсыг зорино.
Ингээд бодохоор сайхан санагдах. Байгаль дэлхийгээ ухаж сэндийчилж биш нүүдэлчин ахуй, эх сайхан нутгийнхаа гоо үзэмжээр бид мөнгө олох нь гэх сайхан бодол төрөх юм. Гэвч өмнөх жилүүдээс даруй 30 хувиар нэмэгдэх жуулчдыг угтаж авахад бэлэн болсон уу гээд бодохоор хангалтгүй дүн авах нь тодорхой.
Сүр дуулиан болж 8000 хэвлэл мэдээллээр бүтэн жилийн турш сурталчилсан нүүдэлчин ахуйтай монголчууд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бэлэн болсон уу, жуулчин зориод ирэхэд угтаад авах буудал, хөтөч, аяллын маршрут, зам харгуй, аюулгүй байдал, цаашлаад гараа угааж, бие засах газраа олигтой шийдсэн үү гээд бодоод үзэхээр ингэж сурталчилж ийм олон хүнийг урих хэрэг байсан уу хэмээн яс хавтайх юм.
Өнөөдөр аялал жуулчлалын бүс нутгийн зам дагуу байтугай нийслэл дотроо бие засах газар олоход хэцүү. 32-ын буудал дээр бие засмаар санагдсан бол 100 айл хүртэл тэсэхээс өөр аргагүй л болох жишээний. Тиймээс өнөөдрөөс эхлэн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орцгооё. Дарга цэрэг нь хийнэ биз гэж суухгүйгээр хүн бүхэн жуулчдыг угтаж авахдаа бэлтгэе. Харилцаагаа анхааръя. Жуулчны баазуудад стандарт тогтоож, төрөөс аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогоо баталж гаргая. Алгуурлаж суух цаг үлдсэнгүй. Төрийн тэргүүн нь бардам гэгч нь дэлхийн хүн амыг манайх руу аялж жуулчлахыг урьчихлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.