Холимог тогтолцоонд “баяртай” гэж хэлэх үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 05 ・ 1

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл гацаанд оржээ. Холимог тогтолцоог сонгох эсэх дээр намууд хоёр тийшээ харсан байна. АН-ынхан одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн 28:48 гэсэн харьцаатай пропорциональ, мажоритар холимог тогтолцоог дэмжиж байгаа бол МАН-ынхан 100 хувь мажоритар тогтолцоог дэмжихээ илэрхийлжээ.

Ийм зарчмын зөрүүтэй санал гарснаар сонгуулийн тогтолцооны асуудал тодорхойгүй байдалд орсон байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэвлэлийнхэнд намрын чуулганы ажлаа тайлагнах үеэр  ийм өнгө аястай мэдээлэл хийжээ.

 

ИЗНН-ын хувьд пропорциональ, мажоритараар сонгогдох мандатын тоо 50:50 хувь буюу 76 гишүүнийг 38:38 гэсэн харьцаагаар холимог тогтолцоогоор сонгох нь зөв. Олон улсын жишиг ч ийм эн тэнцүү холимог тогтолцоо руу явж байгааг онцолжээ. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд анх удаа холимог тогтолцоог оруулж ирэхээр ярьж байх үед ч гэсэн ИЗНН-ынхан ийм байр суурьтай байсан билээ. Гэхдээ одоо парламент дахь гол хоёр улс төрийн хүчний нэг нь холимог тогтолцооноос бүрэн татгалзчихаад байхад 28:48 ч бай, 38:38 ч бай аль аль нь утгагүй болж хувирав.

 

Тэгэхээр ажлын хэсэг дээр эхний ээлжинд сонгуулийн холимог тогтолцоог сонгох уу, дан мажоритарыг сонгох уу гэдгээ шийдэхээс өөр аргагүй болж байна. Тэгсний дараа холимогийн хувь хэмжээ ямар харьцаатай байхыг ярих боломжтой болно. МАН засагт хамтрахаар болж АН-тай гэрээ байгуулахдаа сонгуулийн тогтолцооны талаар тодорхой байр сууриа илэрхийлж, АН-ынхнаас ам өчиг авсан ажээ. Тэр нь 100 хувь мажоритар тогтолцоог сонгох тухай.

 

Шинэчлэлийн Засгийн газар нь огцорчихоод дараагийн Засгийн газраа байгуулах гэж тэвдэн, парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй хэлэлцээ хийж, нэг ёсондоо тэднийг царайчилж байсан АН тухайн үед МАН-ынхны хэлсэн бүхнийг “За” л  гэсэн биз. Тиймээс л МАН-ынхан 100 хувь мажоритарыг санал болгохдоо АН-тай байгуулсан гэрээгээ дахин дахин сануулаад байгаа хэрэг.

 

Хэрвээ 100 хувь мажоритар тогтолцоог нь дэмжихгүй бол МАН засгаас гарна гэж айлгаж мэднэ. Үлгэн салган байгаа шийдлийн нэртэй ч шийдэмгий бус Засгийн газраа унагачих юм бол АН-ынханд хүнд цохилт болно. 2016 оны сонгуулийг санах ч хэрэггүй болно. Гэтэл 100 хувь пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахаар боллоо гэхэд АН-д мөн л ашиггүй. Ийм ацан шалаан дээр Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийнхэн тулж иржээ.   

 

Одоогоор МАН-ынхан гол хөзрийг атгачихаад маадгар байна. Өнгөрсөн гурван жил өөдтэйхэн засаглаад, бүх шатны сонгуульд ялсныхаа ид хавыг үзүүлж чадалгүй сөрөг хүчиндээ “зодуулсаар” байгаад дальдрамтгай болчихсон нь АН-ынхны өөрсдийнх нь буруу.Ийм байдалд хүргэсэн нь тус нам доторхи өлсгөлөн фракцуудын өс хонзонт тэмцлийн балаг. Товчхондоо бол АН эрх мэдэлд хүрэнгүүтээ эв нэгдэлтэй байж чадаагүйн гор нь өнөөдөр гарч байна.  

 

Оны дараахан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа хэвлэлд ярилцлага өгөхдөө ажлын хэсэг дээр холимог тогтолцоог сонгуулийн хуульд хэвээр үлдээнэ гэдэгт байр сууриа нэгтгэсэн, харин харьцааны хувьд 2012 оны сонгуулиар хэрэглэсэн 48:28 болон 38:38 гэсэн хоёр хувилбар дээр олонхи нь санал хуваагдаад байгаа гэдгийг онцолж байсан юм. Энэ нь АН болон ИЗНН-ынхны одоогийн байр суурь гэсэн үг. Харин А.Бакей гишүүний ярианаас харахад шинэ нөхцөл байдал үүсчээ. 76:00 хувилбар уу, эсвэл холимог уу.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Баяр / 2015 03 сар 08/

    намын нэрээр УИХ-д гардагийг болуулах хэрэгтэй

    Хариулах