Мөнөөх “ногоон” нэмэгдсэн, одоо бүүр ч чангарчээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 08

 

Олон баяртай Монголчууд санхүүгийн хувьд олон бэрхшээлийг давах юм. Чадалтай нэг нь баяр болгоныг өөрсдийнхөө чадах чинээгээр хөөрцгөөж хамаг мөнгөө тавиад туучих нь холгүй тэмдэглэнэ. Харин баярын маргаашаас санхүүгийн хямрал нүүрлэж ажилтай нэг нь цалингаа буутал жартайдаг гэх үг хүртэл гарчээ. 

Өнгөрсөн долоо хоногт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэв. Гуравдугаар сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6345 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7635 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр өсчээ.

Мөн хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.3 хувиар буюу 140 төгрөг, хонины цул мах 2.6 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өсчээ. Гурилын үнэ хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөгөөр худалдаалж байлаа. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Меркури”, “Барс”, “Макс”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 1100 төгрөгөөр худалдаалж байна. Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 2.1 хувиар буюу 35 төгрөгөөр буурч, харин төмс 8.7 хувиар буюу 100 төгрөг, лууван 10.6 хувиар буюу 130 төгрөг, байцаа 14.4 хувиар буюу 165 төгрөгөөр тус тус нэмэгджээ. 

Ийнхүү өргөн өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ нэг долоо хоногийн дотор нэмэгдсэн нь энэ. Өнөөдрийн байдлаар ам. долларын ханш 1985 төгрөгтэй тэнцэв. Энэ хавар ам.долларын ханш 2000 хол давж магадгүй гэсэн таамаглал бий. Уг таамаглалт тун ойртож 2000 төгрөгт хүрэхэд 15 төгрөг дутав. Харин найман шарга захад 1987 төгрөг бөгөөд зарах ханш нь 1987-1989 төгрөг. Арилжааны банкуудад авах ханш нь авах ханш 1979-1982 зарах нь 1990-1992 байна.

Гадаад валютаа өсөхөөр дагаж бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг бичигдээгүй хуулийн дагуу хүүхдийн сүү буюу эхийн сүү оруулагчийг өмнө нь 30 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бол өнөөдөр 32 мянган төгрөгөөр худалдаж авч байх жишээтэй. Худалдан авагч нар байнга худалдаж авдаг зүйлийнхээ үнийг сайн мэддэг. Яагаад нэмэгдсэнийг бараа зарагчаас асуухаар мөнөөх "ногоон" нэмэгдсэн гэх хариултыг авдаг болоод олон жилийн нүүрийг элээж байна. Хэзээ энэ гадаад мөнгөн дэвсгэртээр эдийн засгаа хэмжүүлэхээ болих юм бол доо.

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх