Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 03 сар 08
・ 4
Нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаагаас үүдэн олон сөрөг үр дагавар гардаг. Тодруулбал хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хахууль өгдөг, хүүхдээ цэцэрлэгт өгсөн хойноо багш, эрхлэгчийнх нь нэхсэн мөнгийг өгөхөөс өөр аргагүй болдог. Хэдийгээр үүний эсрэг тэмцэхийг хүсдэг ч эргээд хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжгүй болчихно гэсэн айдастайгаар эцэг эхчүүд хэлээ хазаад чимээгүй өнгөрдөг нь нууц биш. Тэгвэл энэ байдал өнөөдөр даамжирсаар эхнээсээ Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар буруутай нь тогтоогдоод байгаа.
Тухайлбал, “107-р цэцэрлэгийн эрхлэгч эцэг эхээс мөнгө татахдаа сайн байнга л мөнгө нэхэж байдаг. Эрхлэгч нь гэж хэл амтай, мөнгө авахдаа сайн хүн байдаг. Хавар хүүхдээ бүртгэхдээ нэг хүүхдээс 5000₮, цэцэрлэг тохижилтын мөнгө гэж 15000₮, анги тохижилт гэж 10000₮, тоглоомны мөнгө 15000₮ гэх жишээгээр байнга шахам мөнгө авдаг. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулаад л мөнгө авдаг. Одоо гадуур ханиад их байгаа болохоор хүүхдүүд өвчтэй гээд чөлөө авдаг. Хэрвээ ирэхдээ акт авчирэхгүй л бол тухайн хүүхдийг шууд хасаж оронд нь шинээр хүүхэд авдаг. Ингэхдээ хандивын мөнгө авдаг” гэх мэдээлэл маанайд ирж байсан юм. Үүнтэй ижил агуулга бүхий өргөдөл Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн бөгөөд шалгалтын дүн гарсан байна.
Тодруулбал, 107-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуяг эцэг, эхчүүдээс хандив нэрээр мөнгө хурааж авахдаа хандивын тоо хэмжээг тогтоосон,албадлагын болон тэгшитгэн хураасан шинжтэй байгаа мөн цэцэрлэг хөгжүүлэх сан байгуулах тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, сангийн хөрөнгийг хүлээж авах журам албан ёсоор баталгаажин гараагүй байхад 31 сая 250 мянган төгрөгийг хурааж авсан боловч хөрөнгийн зарцуулалтын талаар хамт олон, эцэг эхчүүдэд нэг ч удаа тайлангаа тавиагүй байна. Эрхлэгч Б.Ганхуяг нь Нийслэлийн Боловсролын газрын даргад гадаад улс оронд явах хүсэлтээ гаргаж чөлөө авалгүй эцэг, эхчүүдээс хурааж авсан 10 сая 082 төгрөгийг авч няравын хамт БНХАУ-д явж бараа материалаа худалдаж авсан. Мөн цэцэрлэгийн эрхлэгч нь 2013 оны 10 сард томилогдсноос хойш хамт олондоо нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтад заасан “ Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлүүд илэрсэн байна.
Харин дээрх алдаа гаргасан цэцэрлэгийн эрхлэгчид 576.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж,зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгсөн байна. Улмаар энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газрын дарга нарт албан тоот хүргүүлэхэд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны Б/25 тоот тушаалаар цэцэрлэгийн эрхлэгчид цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авчээ.
Эцэг эхчүүдээс 31,2 сая төгрөг хурааж түүнийхээ 10 саяаар нь гадаадад няравтаайгаа явсан цэцэрлэгийн эрхлэгчийн цалинг хасаад өнгөрсөн нь хэр оновчтой шийтгэл гэдгийг уншигч та бүхэн тунгаах биз.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.