Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 09
・ 1
-Засаглалын хямралын нэг шалтгаан нь сонгуулийн пропорциональ тогтолцоо болж байна-
Хаврын чуулган халуухан болох төлөвтэй. “Нэг хөнжилд орсон” хоёр гол нам Хаврын чуулганаар хэлэлцэх хоёр гол асуудалд зарчмын зөрүүтэй байр суурь баримталж байгаа нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Үүнээс хамгийн их мэтгэлцээн үүсгэх асуудал нь Сонгуулийн ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлт байх төлөвтэй. Учир нь энэ асуудалд хоёр гол намаас гадна эвсэлд багтсан намууд мөн өөр санаа бодолтой байгаа юм.
Намууд ямар байр суурь илэрхийлж байна вэ
Эрх баригчдын хувьд одоогийн буюу 28:48 хувилбарыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Энэ нь ч ойлгомжтой. Мажоритар тогтолцооны үед иргэдийн санал хаягдах магадлал хамгийн их байдаг. Ардчилсан нам 2000 оны сонгуульд иргэдийн 40 орчим хувийн дэмжлэгийг авсан хэрнээ ганцхан суудалтай үлдэж байсан гашуун туршлагатай.
Пропорциональ тогтолцоогоор явахад санал гээгдэх багасдаг, үүнийхээ ачаар 2012 оны сонгуульд жагсаалтаас хамгийн олон суудал авсан. Өөрөөр хэлбэл, жагсаалт бол АН-ын гол хөзөр. Тиймээс хөзрөө хэвээр байлгахыг хичээх нь ойлгомжтой. МАН 100 хувь мажоритар хувилбар нь дээр гэсэн санал оруулж байгаа. Бүлгийн дарга С.Бямбацогт нь 100 хувь мажоритар тогтолцоог дэмжиж буйгаа хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд мэдэгдсэн.
УИХ-ын гишүүд нь одоо тойрогтоо ажиллаж, пропорциональ тогтолцоогоор сонгууль цаашид явуулах нь зөв үү хэмээн иргэдээсээ асууж яваа. Үр дүн нь юу гэж гарах нь бараг тодорхой биз. Парламент дахь гурав дахь хүчний намууд болох ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бол жагсаалтаар орох гишүүдийн тоог нэмэх сонирхолтой байгаа нь тодорхой. “Болдог бол 100 хувь пропорциональ хувилбараар явуулчих юм сан” гэж мөрөөдөж байгаа улсууд.
Гэхдээ ИЗН “Мажоритар пропорциональ аль аль нь тэнцүү 38:38 байх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол “Шударга ёс” эвслийн бүлэг “Жагсаалтаар орох гишүүдийн тоог бууруулахгүй байх нь зөв” гэсэн байна. Гэхдээ мэдээж, эцсийн шийдвэр МАН, АН-аас л хамаарна. Нөхцөл байдлын хувьд аваад үзвэл энэ “тэмцэлд” МАН арай давуу талтай. Яагаад гэвэл, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах одоогийн хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа билээ.
Байр суурь нь батжаагүй холимог тогтолцоо
2012 оны сонгуульд пропорциональ хувилбарыг оруулж ирэх талаар яригдаж байх үед зарим хүмүүс “Цэц дээр унана”, “Ерөнхийлөгч хориг тавина” гэлцэж байсан. Үндсэн хуульд “25 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг сонгоно” гэсэн заалттай болохоос “Нам сонгоно” гэж байдаггүй. МҮАН-ын дарга М.Энхсайхан яг энэ шалтгааныг хэлж, “Эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэж үзэж байлаа. Энэ бол үнэхээр зөв зүйтэй, том шалтгаан мөн байв.
Тийм учраас л “Цэц дээр унана” гэж байсан хэрэг л дээ. Гэвч тийм зүйл болоогүй. Одоо “100 хувь мажоритар байсан нь дээр ээ” гээд байгаа МАН хүртэл холимог тогтолцоог дэмжиж баталсан. Яагаад гэвэл өмнө нь холимог тогтолцоогоор сонгуульдаж үзээгүй учраас шинэ хувилбар эрх ашигт нь хэрхэн нөлөөлөхийг мэдээгүй хэрэг. АН бол мэдэж байсан. Мажоритар тогтолцооны онцлогоос болоод алдаж байсан дэмжлэгийнх нь тодорхой хувь орж ирэх учраас байдлаа ямар ч байсан сайжруулна гэдэгтээ итгэлтэй байсан хэрэг.
Харин МАН эдийн засгийг гайгүй өсгөсөн үзүүлэлтдээ найдсан, бас нөлөө бүхий гишүүд нь намын жагсаалтаар УИХ-д орж ирэх боломжтой гэдгийг голлож харсан байх. Ямар ч байсан 2012 оны сонгууль Үндсэн хуультай харшилдсан хуулиар явагдсан билээ. Одоогийн парламент уг нь энэ асуудлаар Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж, “Пропорциональ” тогтоцоог бататгаад авчих боломж хайж болох байсан уу гэвэл байсан. Гэвч Үндсэн хуульд гишүүдийн 2/3-ын саналаар өөрчлөлт ордог ёстой. Гэтэл ялагдал хүлээж, буцаад мажоритар тогтолцоог дэмжих болсон МАН 26 суудал авчихсан учраас гар хүрч чадаагүй хэрэг.
Хэрвээ МАН ганцаараа л цөөн суудал авчихсан бол АН асуудлыг оруулж ирэх боломж байлаа. Учир нь, пропорциональ тогтолцооны буянаар парламентад суудалтай болсон жижиг намууд бүгд дэмжих байсан нь тодорхой байсан юм. Пропорциональ тогтолцооны нэг сул тал нь үнэмлэхүй олонхийн парламент бүрдэх магадлал маш бага байдаг. 2012 оны сонгуулиар яг тийм парламент бүрдсэн учраас пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд оруулж өгөх боломж бүрдээгүй юм.
Пропорциональ тогтолцоо ашгаа өгсөн үү
Жагсаалтад хамгийн сайн, лидер улстөрчөө бичих ёстой болдог нь сонгуулийн холимог тогтолцооны онцлог. Тиймээс намдаа нөлөөтөй олон улстөрчөөс 28-ыг шигших шүүлтүүрийн нүх том байх ёстой. Маш нарийн шигшиж, жинхэнэ чадварлаг хүмүүсээ үлдээнэ гэсэн санаа. Гэтэл шүүлтүүрийн нүх жижигтэй, өөрөөр хэлбэл, лидер улстөрчид нь 28 байтугай 10 хүрэхгүй намууд бас байна. Гуравдагч хүчин гэж итгэж байсан улс төрийн хүчнүүд нь үнэн хэрэгтээ боловсон хүчнээр ямар дулимаг болохыг 2012 оны сонгууль бидэнд харуулсан.
Пропорциональ тогтолцооны үед нэг нам дийлэнх олонхи болж чаддаггүй, ихэнхдээ эвслийн Засгийн газар байгуулагддаг. Өнгөрсөн сонгууль яг л ийм үр дүнг үзүүлсэн. Ардчилсан нам олонхи болсон хэрнээ нам намын шантаажинд орж, засгаа унагаж байгаа нь эвслийн Засгийн газар бүрдсэнтэй их, бага ямар нэг хэмжээгээр холбоотой. Өөрөөр хэлбэл, засаглалын хямралын нэг шалтгаан нь пропорциональ хэлбэрийг сонгуулийн хуульд оруулж ирсэн явдал гэж үзэх бүрэн үндэстэй юм.
Нөгөө талаар, парламентыг шинэчлэх тал дээр хүлээсэн үр дүн тааруу гарсан нь иргэд пропорциональ тогтолцоонд итгэл алдрах нэг гол нөхцөл болж өгч байна. Монгол Улс мажоритар тогтолцоогоор сонгуульддаг байх үед УИХ дунджаар 70 хувь шинэчлэгддэг жишиг тогтсон байлаа. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний 25 нь дараагийн сонгуульд улиран сонгогдож, 50 орчим нь парламентын гадна үлддэг байсан гэдгийг үе, үеийн парламентын бүрэлдэхүүнийг харахад тодорхой болно.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.