Хөгшрөх яах вэ, хөшиж үхэхгүй юмсан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 10
-Хөдөлгөөний дутагдал дэлхий даяарх үхлийн зургаан хувийг эзэлж эхэлжээ-


Хөдөлгөөний дутагдал... Энэ бол монголчуудын амьдралд нөлөөлж байгаа нэгэн томоохон хүчин зүйл болоод байгаа гэдэгтэй уншигч авхай та санал нийлэх биз ээ. Сүүлийн үед гар утсаар бүхнийг амжуулж, цахилгаан шатаар дээш доош явах, бүр цаашлаад таван алхмын газарт явах зайд машинтайгаа зорчих зэргээр технологийн дэвшлийг ашиглаж, тэр хэрээрээ бид улам л залхуурах боллоо.

Шинжлэх ухааны хөгжил, түүнийг дагасан хэт их техникжилт, компьютер нэвтрэх, хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон тооны багаж техник төхөөрөмж ажил, амьдралд ихээр нэвтрэх тусам бид, ялангуяа оффист ажиллагсад, оёдолчин, багш, эрдэм шинжилгээний ажилчин, оюутан, сурагчид комьютерийн ард удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс амар хялбар байдлаар л ажлаа хийхийг боддог болсон нь үнэн. Суугаа ажиллах хугацаа уртсаж байгаатай холбоотой нийт хүмүүсийн дунд хөдөлгөөн хомсдох, түүнээс үүсэх олон төрлийн өвчин эмгэг элбэгшиж байна.

Хэдийгээр гар утас, интернэт орчин хөгжиж байгаа нь дэвшил мэт боловч хүмүүсийг хэт амарчлах сэтгэлгээнд оруулж, энэ хэрээрээ хөдөлгөөний дутагдалд бүрэн автуулж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Наад захын жишээ дурьдахад, дуудлагын үйлчилгээгээр бид бүхнийг захиалж болж байна. Тухайлбал, үзвэрийн тасалбар, хоол хүнс, бараа таваар гээд бүхнийг дуудлагын үйлчилгээгээр зохицуулж байна.

Цахилгааны болон бусад төлбөр төлөх үйлчилгээг банкинд дугаарлалгүйгээр гар утас, интернэтээр төлчихнө. Оффист ажилладаг хүмүүс явган шатыг бус цахилгаан шатны өмнө дугаарлан зогсох нь наад захын үзэгдэл болсон. Өмсөх хувцсаа хүртэл интернэт ашиглаад өөрт таарсан размераа захиалчихна.

Такси дуудлагын үйлчилгээ улам бүр хүрээгээ тэлж дэлгүүрийн бараа хүртэл гэрт ирчихдэг болчихож. Оффисын байруудад ресторан хүргэлт хийж, гоо сайхны бараагаа хүртэл захиалгаар авчихдаг болсон. Гэрээсээ нэг удаа ч толгойгоо цухуйлгахгүйгээр хөлнөөсөө толгой хүртэл хувцаслаж, эм, гоо сайхан, хоол хүнс, ундаа шүүсээ бэлтгүүлчихнэ гэхээр л бидний амьдралаас хөдөлгөөн улам алсарч байгааг баталж байгаа хэрэг.

Тиймээс энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аа бид хэрхэн хөдөлгөөний дутагдалд орж байгаа болон хөдөлгөөний дутагдлаас үүдэн эрүүл мэндэд ямар их хор хохирол учирдаг болохыг хөндөхийг зорилоо. Гэхдээ бидний өдөр тутмын амьдралдаа үргэлж дагаж мөрдөөд хэвшмэл болчихсон зүйлс амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг хичээв.
 

“Суудлын өвчин”-ий хор хохирол


Монголчуудын нэрлэж заншсан “суудлын өвчин” буюу хөдөлгөөний дутагдал дэлхийн өвчлөлийн тэргүүлэх дөрөв дэх эрсдэлт хүчин зүйл бөгөөд дэлхий даяарх үхлийн зургаан хувийг эзэлж эхэлсэн байна. Түүгээр ч үл барам хөдөлгөөний дутагдал нь хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдрын гол шалтгааны 21-25, чихрийн шижингийн 30, зүрхний өвчний 30 хувийг эзэлдэг бөгөөд артерын даралт ихсэх, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болдог хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Бидний бодит амьдралаас зураглахад л, “суудлын өвчтэй” хүмүүс босно гэж бараг байхгүй. Ойрхон байгаа зүйлийг авахдаа ч хүн “зараад” сурчихсан нь ажиглагдана. Гар утсаараа хоолоо захиалчихна. Захиалсан хоол нь ихэвчлэн өөх тостой, шарсан хайрсан хоол байх нь ойлгомжтой. Ингээд “суудлын өвчин” дээрээ нэмээд хоол тэжээлийн замбараагүй дэглэмтэй болж эхэлнэ дээ. Цаашлаад ажил, амьдралын буруу зуршил, хөдөлмөр хөнгөвчилсөн аргад суралцахыг ихээр хүсэх болно.

Гэтэл энэ бүхэн нь хүний байгалиас заяасан хөдөлгөөний идэвхит байдлыг багасгаж бие махбодид орж буй хоол тэжээлийн бодисын задрал, нийлэгжилтэд өөрч­лөлт орж бие организмд өөх тосны бодисууд ихээр хуримтлагдаж эхлэх нь тэр. Ингээд таргалалт явагдана. Хэт их идэх, суумгай, хөдөлгөөн багатай байх нь нас богиносох, стресст орох, чихрийн шижин өвчнөөр өвчлөх, цусан дахь холестриныг ихэсгэх, илүүдэл жинтэй болгох, нурууны мөгөөрс шохойжих гээд тоочоод байвал цаас, цаг үрсэн их эрсдэлд оруулдаг байх нь.


Эрдэмтэн, судлаачдын гаргасан хэдхэн жишээг дурьдахад хангалттай биз. Өдөрт зургаагаас илүү цагаар сууж ажилладаг эмэгтэйчүүд хөдөлгөөнтэй эмэгтэйгээс эрт хөгширдөг гэнэ. Мөн бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм байна. Цус бага эргэлдэнэ гэдэг нь эрүүл мэндэд хортой. Учир нь хүний сэтгэлийг тааламжтай сайхан болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр нь бага гүйж эхлэхээр стресст орж, бухимдаж эхэлдэг байх нь. Мөн зүрх өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.

Суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижинээр өвчлөх магадлал нь долоон хувиар илүү байдаг аж. Бодисын солилцоо удааширч, хоолоо хэчнээн багасгалаа ч хөдөлгөөн бага бол биеийн жинд нэг их дорвитой өөрчлөлт гарахгүй байх нь. Мөн удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай бөгөөд нурууны мөгөөрс шохойжиж эхэлдэг байна. Энэ мэтчилэнгээр “суудлын өвчин”-ий хор хохирол маш их байдаг байх нь. Ерөөсөө хүний бие өдөржин суухад зориулагдаагүй болохоор хөдөлгөөн гэдэг зүйлийг амьдралаасаа авч хаяж болохгүй гэдгийг ойлгох цаг болжээ.

Нүдний өмнөх ил жишээ гэхэд л, хаа газар албан байгууллагын үүдэнд очиход цахилгаан шат хүлээн дугаарлах хүмүүсийг харж болно. Хажууханд нь явган хүний шат байсаар байхад шүү дээ. Тэр дундаа төрийн үйлчилгээний байгууллагууд, сүүлийн үед баригдсан өндөр шилэн барилгуудын цахилгаан шатны дараалал ямар байгааг та анзаарч нэг хараарай. Манай сурвалжлах хэсэг өдрийн цайны цаг болон орой ажил тарах үеэр нэлээдгүй олон газраар орж цахилгаан шат, явган шатыг харьцуулан хэчнээн хүн бууж ирэхийг тоолов.

Тухайлбал, МАН-ын Тусгаар тогтнолын ордны хоёр талын цахилгаан шат таван минут тутамд 8-10 хүнтэй уруудаж ирж байхад, хажуу талынх нь явган хүний шатаар хамгийн ихдээ л 10 минутад 4-5 хүн зорчиж байв. Хажууханд нь байгаа Шангриллад ч нөхцөл байдал яг л ийм байгаа юм. Цахилгаан шатны даац хэтэрнэ гэж нэг зүйл бий. Манайхан хэзээний хээгүй юм болохоороо нэг, хоёр хүнээр хэтрүүлчихээд хэнэг ч үгүй дээшлэх тохиолдол олон гардаг гэнэ лээ.

Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар 3000 орчим лифт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгвэл лифтүүдийн дийлэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглах хугацаа нь дууссан лифтүүд байдаг гэдгийг ч Нийслэлийн өмчит Улаанбаатар лифтийн үндэсний газраас мэдэгдэж байсан удаатай. Саяхан сошиал ертөнцөөр зорчигчдоо даахгүй унасан цахилгаан шатны талаар ч жиргэж байсан.  Тухайн үед цахилгаан шат доош унаж, зорчигчид нь доргилт авсан хэмээн мэдээлж байсан юм.

Цахилгаан шат нэгдүгээр давхраас хөдөлмөгцөө доош унаж, зорчигчид нь В1 давхар руу татуулж гарч ирсэн гэж байсан. Тэгэхээр ийм эрсдэлтэй зүйлээр гарч, эрүүл мэндээ хохироож байснаас явган хүний шатаар сэтгэл амар гарч яагаад болохгүй гэж. Бидний орсон зарим томоохон оффис, албан байгууллагууд ханандаа “Та гурван давхар хүртэл явганаар алхаж гарах нь таны эрүүл мэндэд ашигтай” гэх санамжийг хадсан байсан юм. Гэвч гурван давхар хүртэл алхаж гарах хүн тун ховор тааралдаж байв. Мөн зарим нэг нь тухайн давхар хүртэл цахилгаан шат онгойхгүй байхаар зохицуулалт ч хийсэн байдаг юм билээ. Уг нь хэлүүлэлтгүй хэвшүүлэхэд болох л зүйл шүү дээ.  
 

“Богины” тэргэнд сард 30 мянган төгрөг зарцуулдаг “эмзэг давхаргынхан”

    
Иргэд улам бүр залхуу болж, залхуурахын тулд идэж уух, өмсөж зүүхээсээ ч хумсалж буйн нэгэн жишээ бол “богины” хэмээгдэх таксигаар үйлчлүүлэгчид. Өмнө нь иргэд аюулгүй байдлаа бодож, ийм таксинд суудаг байсан бол одоо гудамжууд гэрэл гэгээтэй камертай болсон ч нэгэнт суугаад сурчихжээ. Богины таксины онцлог нь ойрхон /1-2 км/ зайд явдаг мөртлөө 500-1000 төгрөгийн үнэтэй байдаг. Бид харьцангуй хямд буюу 500 төгрөгөөр үйлчилдэг нэгэн “маршрут”-ыг сонгон авч сурвалжлагаа бэлтгэсэн юм.

3-4 хорооллын хойд дэнжид “Харанхуй” гэж айхтар нэртэй гэр хороолол бий. 90-ээд оны үед гэмт хэрэг гардгаараа зартай, өсвөр насны хүүхдүүдэд бүр ч халгаатай газар байсныг мэдэх нэг нь мэдэх л байх. Нийслэлийн гэр хорооллын дийлэнхийг хөдөөнөөс шилжин суурьшигчид бүрдүүлдэг бол энд арай өөр. 1995 оноос хойш үүссэн буюу үерийн далангаас хойшхи гэр хорооллын айлуудын олонхи нь нэгэн цагт байранд амьдарч байсан хүмүүс байдаг аж.

Харанхуйгийн унаган оршин суугч гэж болох нэгэн залуугийн ярьснаар бол “Акула” буюу 12, цаашлаад 13, 14, 15, Шуудангийн ар талын 31, 32, 33, 29, 25, “СОТ-ын” гэгдэх ногоон байрны айлууд байраа зарахаараа хашаа байшин худалдаж аваад Харанхуйд суурьшдаг байжээ. 40 мянгат, Төмөр замаас нүүж ирсэн айлууд ч бий аж.

Ерөнхийдөө зах зээлийн давалгаанд хөл алдсан айлууд Харанхуй хэмээх гэр хорооллын багагүй хэсгийг эзэлдэг юм байна. Хэдэн жилийн өмнө эндэхийн иргэд 3-4 дүгээр хорооллын эцсийн автобусны буудлаас хойшоо Усан сан өөд алхдаг байжээ. Айлууд нэмэгдэхийн хэрээр гэр хороолол хойшоо сунасаар одоо хамгийн хойд талын айлууд төв замаасаа нэг километр гаруй зайтай болсон байна.

Тиймээс одоо энэ хоёрын хооронд такси явдаг болсон аж. Хорооллын эцсийн буудлын ард орших “Нэхий плаза” төвийн зүүн талд хувийн жижиг тэрэг зогсч байх нь бидний зорьж очсон богины унаа байв. Хойшоо явах унаа мөн эсэхийг лавласныхаа дараа орж суулаа. Хоёр гурван минутын дараа хижээлдүү насны эхнэр, нөхөр хоёр, дахиад төдий хэр хугацааны дараа оюутан бололтой охин орж ирж суув. Ингээд явах болсон эсэхийг асуувал жолооч эр “Дахин нэг хүн авна шүү дээ, дүү хүү.

Таван хүнтэй өгсдөг юм” гэлээ. Тарган шар хүүхэд ирсэн ч урд талын суудалд хүнтэй болсныг хараад “өө, хүнтэй юм уу” гэсэн ч хойд суудалд суусангүй. Ингээд нэг хүн хүлээж дахин таван минут орчим болсны эцэст арай гэж нэг юм хөдөллөө. Энэ завсар дээрх богины шугамд явдаг өөр хоёр ч машин ард ирэн залгалдаж зогсч байгаа нь ажиглагдсан юм.

Машин хөдлөхөөс өмнө ирсэн тарган хүүхэн хойд талын машины урд талын суудалд тухалсаар үлдлээ. Мөнгөө төлж байгаа хойно аль болох тухтай газар суух нь түүний зөв ч гэсэн 20-иод минут хүлээнэ гэдэг бас тийм ч бага алдагдал биш шүү дээ. Такси эрчим хүчний ногоон байрны баруун талаар гарч, Усан сан өөд өгслөө. Улмаар Усан сангийн наагуур баруун гар тийш эргэн уруудав. Энэ нь хуучин жалга байгаад одоо зам болчихсон шороон зам болж, уулын ам өөд өгсдөг юм байна.

Замдаа хүмүүсээ нэг, хоёроор нь буулгасаар замын төгсгөлд ирж зогсдог ажээ. Хоёр километр ч хүрэхгүй зай. Шороон замаар харьцангуй удаан явж байсан ч гэсэн таван минут хүрэхгүй хугацаанд эцсийн зогсоолдоо оччихож байна лээ. Хэдий цаг ийм бага байсан ч гэсэн зорчигч болон жолоочоос хэдэн асуултад хариулт авсан юм. Жолооч ах хүү өөрөө эндхийнх гэнэ. Өдөржин явдаггүй, өглөө оройдоо л жаахан явж хэдэн цаас олдог гэв. “Ийм ойрхон газар ингэж яваад их мөнгө олдог байлгүй” гэвэл “Өглөөдөө дээшээ хоосон, оройдоо доошоо хоосон явдаг болохоор юу олж базаах вэ” гэнэ.

Хамт зорчсон эхнэр, нөхөр хоёроос өглөө оройдоо таксинд суух нь түрийвчинд хэр халгаатай болох талаар асуувал “Ирэх очихын 1000 төгрөг болдог” гэнэ. Эхнэр нөхөр хоёр нийлээд сард 60 мянган төгрөгөөр богины таксинд суудаг байх нь гэж тооцоод “60 мянган төгрөг та хоёрын хувьд хэр их мөнгө вэ” гэж асууж үзэв. Эхнэр нь “Их мөнгө, их мөнгө” гэж ирээд л ярьж байдаг шүү. Тэгэхээр нь “Та хоёр сард ийм хэмжээний мөнгөөр таксинд сууж байна шүү дээ, явган явбал ядаж эрүүл мэндэд хэрэгтэй биш үү” гэхэд “Нээрэн тийм байна шүү. Манай эндхийнхэн тийм ч боломжтой хүмүүс биш ээ. Эмзэг давхаргынхан ч бий.

Тэгсэн хэрнээ хөгшин хөвөөгүй л машиндацгаах юм. Бид тийм ч боломжтой улсууд биш. Өглөө яарахын эрхэнд, оройдоо ядрахын эрхэнд л суухаас өөр аргагүй болдог юм даа” гэсэн юм. Уг нь эндхийн зам хэдий гэр хорооллын шороон зам ч гэсэн гэрэлтүүлэг тавьж сайхан болгосон юм билээ. Гэсэн ч явган алхаж байгаа хүн бараг харагдсангүй. Хүмүүс өөрөө ч мэдэхгүйгээр залхуурал, ажлыг хялбарчилж, хөнгөвчлөх хүс­лээ гүйцээхэд маш их мөнгө зарц­уулж байгаагийн жишээ энэ. Хэрвээ хүмүүс өөрсдөө алхчихья гээд хичээвэл 60 000 төгрөг хэд хоногийн хүнс­ний хэрэгцээг нь хангана даа. Гэх­дээ үүнээс илүү хөл амар харих нь чухал байгаа хойно доо.   
 

Худгаас ус, дэлгүүрээс тамхи авахдаа ч машинтайгаа


Дараачийн энгийн залхуу­рал нь ус, тамхиндаа унаагаараа явах. Худгаас ус авахдаа ч тэр, гэрийнх нь хаяанд байх дэлгүүрээс тамхи авахдаа  хүртэл машинаасаа “ховхорч” чадахаа больсон хүмүүс олширч гээд хэлчихэд хилсдэхгүй. 20-ын савтай усыг жаахан байхдаа өргөж үзээгүй хүн одоо бол бараг байхгүй болов уу. Худгаас ус авахаар ирж буй машинтай залуус бол 20-ын савтай усыг өргөж дийлэхгүй байна гэж лав байхгүй биз дээ.

Залхуурал, машинаар гангарах гэсэн хүсэлдээ дийлдсэн “охид” шиг залуус олширч байгаагийн тод жишээ гээд хэлчихвэл хатуудахгүй. Усны тэрэг авах аргагүй болтлоо хямарсан хэмээн төр засгаа зүхэх атлаа ус авахдаа унаатай явах бензиний мөнгөө гаргадаг болчихсон л хүмүүс дээ, бид. Бодвол ингээд бичихээр машинтай хүн машинаа унана уу, байна уу хүний эрх гэнэ. Гэхдээ энд өнөөх л хөдөлгөөний дутагдал, хүнд хүчир ажлыг хийж чадахгүй хүн олширох шалтгаан болж байгаа юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх