Монгол хуулиар дарамталдаг улс болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 11 ・ 1
Монгол Улс саяхан “Гурван сая хүнтэй боллоо” хэ­мээн хөөр баярт умбасан. Гэвч ард­чиллын 20 жилд 100 га­руй мян­ган иргэнээ гадаадад алд­саныгаа тө­дийлөн ярьдаггүй. Ирүүлье гэж өч төчнөөн хөтөлбөр, төсөл са­наачилсан ч олигтой үр дүн гар­даггүй. Ирсэн нэг нь буцаад явж байна. Яагаад вэ. Яагаад гэвэл Монголд өнөөдөр хуулийн шу­дарга зохицуулалт алга бай­на. Хууль зохицуулах үүргээ гүй­цэт­гэж чадахгүй байна. Тийм ч уч­раас Монголд ирсэн хөрөнгө оруулагчид байтугай монголчууд өөрсдөө эх орноосоо явахыг хүсэх нь мэдээж хэрэг юм.

Монгол Улсад шинэ хөрөнгөтнүүд гарч ирэхгүй нь

Монгол Улс хүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохоор зорьж байгаа гэж бүгд ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ улстөрчдийг дэмжсэн, иргэдээ хяхан хавчсан хууль эрхзүйн тогтолцоог бий болгосоор байна. Энэ процесс одоо ч үргэлжилж байгаа.

Зарчим ярья л даа. Өнөөдөр баялаг бүтээгчид олширч байж, гаднаас валют олж байж Монгол Улс хөгжинө, дэвжинэ. Тэгвэл бидэнд дэлхийн зах зээлд санал болгож чадах юм одоохондоо ашигт малтмал л байна. Гэтэл уул уурхайн салбарыг хөгжүүлэх бодлого нь буруу эхэлчихсэн. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн аль өнгөтэй, өөдтэй ордуудаа “Стратегийн” гэсэн нэрийн дор хураагаад авчихсан.

Тэгсэн хэрнээ Оюутолгойгоос өөр гараас гарсан орд байхгүй. Жагсаалтад 40 гаруй орд байгаад байдаг. Оюутолгойг бид ашиглаж чадахгүй, технологигүй байж болно, тэгвэл болиод бусад ордуудаа ашиглах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ төр засаг үнэхээр уул уурхайгаар дэлхийд нэр хүнд ольё гэж бодсон бол хөрөнгө оруулалт бага шаардах, нарийн технологи шаардахгүйгээр нь ангилаад хамгийн амраас нь хэрэгжүүлээд явах боломж байсан уу гэвэл байсан.

Одоо ч байгаа. Гэтэл “Хамгийн хатуугаас нь эхэлж мэрье” гээд нуманд харвуулж үхдэг үнэгний үлгэрийг үзүүлж байна. “Мега төсөл” хэрэгжүүлнэ гэх мөртлөө “Бидэнд мега төслийн туршлага байхгүй” гэж ярих нь хачин. Тийм л юм чаддаг юм бол чадахаар боломжтой ордуудаа ашиглая л даа.  

Ашигт малтмалын тухай хууль нь гэхэд л гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих зарчимтай. Гадны хөрөнгө оруулагчид өч төчнөөн хөнгөлөлт эдлүүлдэг, тэгсэн хэрнээ дотоодын аж ахуйн нэгжүүддээ хатуухан хэлэхэд “салаавч” үзүүлдэг. Эрх баригчид нь томоохон орд газруудыг гадаадынханд өгч болно, өөрсдийнхөндөө болохгүй юм шиг ярьдаг. Тавантолгойгоос эхлээд олон жишээ бий. Улс орны хөгжлийн гол тулгуур нь хүнд үйлдвэрлэл, металлургийн салбар. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн  Хятадын компанид өгч байсан.

Хаа очиж Б.Жаргалсайхан ҮХЯ-нд байхдаа салгаж авсан байдаг. Өнгөрсөн 20 жилд уул уурхайн салбарт ажиллаж байсан өчнөөн компанийн үйл ажиллагааг татвар төлөөгүй, байгаль орчинд хор учруулсан гэсэн шалтгаанаар зогсоосон. Орон нутгийн иргэд эсэргүүцэхэд л шууд хүлээж аваад л лиценз хураадаг.

Сүрхий хууль биелүүлээд байна уу гэхээр тийм биш.  Эрх баригч нам өрсөлдлөгч намынхаа “угшилтай” аж ахуйн нэгж, бизнесмэнүүдийг “чангалж” байгаа нь тэр. Энэ тохиолдолд хууль нь бусдыг дарамтлах хэрэгсэл болчихож байгаа юм. Хоёр намын ийм хэмлэлдээнээс болж өчнөөн цаг хугацаа алдагдаж байгааг мэддэг ч больдоггүй. Ийм байхад яаж үндэсний хөрөнгөтнүүд гарах билээ.  
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • шударга бай / 2015 03 сар 12/

    Аргагүй шүү. УИХ д олон арван жил сууж байгаа эрхмүүдийг хар даа. Автоматаар хууль хуулж түүнийгээ батлуулахаас цаашгүй. Тэр ОЮУ толгойн гэрээг хар, тэр 50 тн алт алдсан БОРОУ ГОУЛД ын гэрээг хар УИХ-д насаараа суугаа нямдорж, дэмбэрэл, лүндээжанцан, гончигдорж нарын баталсан бүтээл шүү. Үгүй гэхгүй

    Хариулах