Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 12
・ 1
Төрсөн өдөр тэмдэглэхийг санаачилсан хүнийг буудчих юмсан гэдэг онигоорхуу юм байдаг даа. Түүн шиг энэ олон баяр хийх санал, санаачилгыг ямар “чөтгөр” нь гаргаж ирсэн юм, бүү мэд. Манайд гэхэд жилдээ 10, 20 янзын баяр тэмдэглэж байна. Уламжлалт цагаан сар, наадмаасаа гадна шинэ жилийг тэмдэглэж байгаа юм. Дээрээс нь эмэгтэйчүүдийн буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эрчүүдийн буюу Зэвсэгт хүчин байгуулагдсаны ойн өдөр. Дээрээс хүүхдийн баяр, аавуудын өдрийг тэмдэглэнэ. Түүнээс гадна улс тунхагласны болон тусгаар тогтнолын баяр, Валентин гээд л хөвөрч өгнө.
Сүүлийн жилүүдэд Аймшгийн баяр гэж бас тэмдэглэдэг болчихоод байгаа. Энэ олон баярын хавчуургаар төрсөн өдрөө тэмдэглэж, баярлаж байгаа хүмүүсийг тоолоод барагдахгүй. Ерөнхийдөө л манайхан элдэв баярт умбаж байгаа гэхэд болно. Өнгөрсөн 2014 онд Монгол Улс урд өмнө нь байгаагүйгээр хямарлаа. Эдийн засгийн уналт иргэн бүрт нөлөөлж, худалдан авах чадвар шалан дээр унасан.
Хувцас хунар, бэлэн бараа авдаг хүний тоо цөөрч, хүнс болоод зайлшгүй хэрэгцээнээсээ давж чадахаа больсон талаар судалгаа гарч л байлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөр өсч байна. 2015 он гараад байдал арай дээрдэх байх гэж байсан ч сайхан юм нэг ч болсонгүй. Улам л дордоод байгаа. Иргэд ч амьдрал хэцүүдэж, эдийн засаг хямарч байгааг гайхсаар. Үнэндээ ч хэцүү байгаа нь юм болгоноос мэдрэгдэж буй.
Гэхдээ баяр болохоор манайхан хямарсан шинжгүй доргицгоох юм аа, нээрээ. Шинэ жилээс авахуулаад цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, валентин гээд бүх баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ, монголчууд. За яах вэ, цагаан сар Монголын уламжлалт баяр. Хүн бүр чадах чинээгээр, эрвийх дэрвийхээрээ л тэмдэглэх гэж хичээдэг. Тийм болохоор цагаан сараар хамаг мөнгөө барж, баяр тэмдэглэлээ гэх нь хаашаа юм. Харин бусад баярыг бол ганц жилдээ тэвчээд өнгөрчихөж болмоор.
Гэтэл юун тэвчих, өнгөрөөх, харин ч урьд жилүүдийнхээс илүү өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тухайлбал, саяхан болсон эмэгтэйчүүдийн баяраар хоосон баар, паб, ресторан, зоогийн газар гэж байсангүй. Цэцгийн дэлгүүрүүд эрчүүдийн хөлд дарагдаастай байх жишээтэй. За тэгээд Валентины баяраар ч гэсэн хөгшин залуугүй хайр дурлалын төлөө тангараг өргөж, бэлэг сэлтээр нэгийгээ булж байв. Юу нөгөө хямрал, улс орны эдийн засгийн доройтол. Ёстой хол хэвт.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.