Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 15
УИХ-ын намрын чуулганаар гишүүд Засгийн газрын өрийн дээд хязгаарыг хэл амтай, хэрүүл шуугиантайгаар 58.3 хувь байхаар тогтоосон. Үүнээс цааш Засгийн газар өр тавих, гадаад зах зээл дээрээс бондын хөрөнгө татах боломжгүй болсон юм. Гэхдээ хаврын чуулганы төгсгөлийн өдөр буюу хоёрдугаар сарын 18-ны хуралдаанаар Засгийн газар дахин бараг хоёр тэрбум доллар татах эрхтэй болжээ. Эл өдөр УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг баталсан. Шинээр батлагдсан Өрийн удирдлагын тухай хууль Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ийнхүү маш том бодлогын орон зайг нээж өгсөн байна.
Тодруулбал, уг хуулийн дагуу Засгийн газрын өрийн үзүүлэлтээс улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг хассан. Хуулийн 3.4-д “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, түүнийг бүртгэхээс бусад тохиолдолд тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй” гэж заажээ. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн авсан зээлд Засгийн газар баталгаа гаргаагүй л бол энэ нь улсын өр гэж тооцогдохгүй болж байна. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газруудын авсан зээлийн өрийн үлдэгдэл 600 орчим сая ам.доллар Засгийн газарт хамааралгүй болж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар одоо хэрвээ хүсвэл дахин 600 орчим сая ам.доллар гадаад зах зээл дээрээс босгох боломж бүрдээд байна. Дахин 600 орчим сая ам.доллар олж ирлээ гэхэд хуулиар тогтоосон 58.3 хувь дээрээ л очино. Харин ирэх жил гэхэд хуулийн дагуу өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 55 хувьд очих ёстой. Шинээр авах зээл нь энэхүү хязгаар дотроо багтах ёстой гэсэн үг.
Үүнээс гадна бас нэгэн шинэ боломж нээгдсэн.
Хуулийн 35.3-д “Баталгаа гаргуулагч нь хийх гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаасыг барьцаалсан тохиолдолд тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана” гэж заажээ.
Энэ тохиолдолд Засгийн газрын дотоодын зах зээл дээр гаргасан бондыг эзэмшигч уг бондоо барьцаалан олон улсын зах зээл дээрээс ам.долларын зээл, эсвэл ам.долларын бонд гаргах эрх нээгдэж байгаа юм. Хэрэв Засгийн газрын бонд, үнэт цаасыг барьцаалан гадаад зах зээл дээрээс хөрөнгө татахад хүрвэл Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингэснээр Засгийн газрын төгрөгөөр татсан эх үүсвэр түүнтэйгээ тэнцэх хэмжээний доллар болон хувирч байна гэсэн үг. Засгийн газрын өрийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Гэхдээ Засгийн газар төгрөгийнхөө оронд хувийн хэвшлээр дамжуулан доллартай болж байгаагаас өөрцгүй юм.
Тэгвэл өнөөг хүртэл Засгийн газрын дотоод зах зээл дээрээс үнэт цаас бонд хэлбэрээр тарсан хөрөнгийн хэмжээ 2.8 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг долларт шилжүүлбэл, ойролцоогоор 1.4 тэрбум доллар болж байгаа юм. Түрүүчээсээ Засгийн газрын бонд эзэмшигч гадаад зах зээл дээр бонд гаргахаар төлөвлөөд, ажлаа эхэлчихсэн. Төрийн банк 300 сая ам.долларын бонд гаргаж, гадаад зах зээлээс хөрөнгө татахаар төлөвлөж байна. Мөн ойрын хугацаанд Худалдаа хөгжлийн банк ч олон улсын зах зээлийг зорихоор төлөвлөж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Хөгжлийн банк мөн Оростой хийх шатахууны своп хэлцлийн хүрээнд 300 орчим сая долларын богино хугацаатай бонд гаргахаар төлөвлөжээ. Мэдээж энэ бүхэнд Засгийн газар баталгаа гаргаж өгнө.
Нэг ёсондоо шинэ батлагдсан хуулийн дагуу Засгийн газар дутагдаж буй долларыг олж ирэх ажилдаа нэгэнт оржээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.