Эхнэрээ хөнөөсөн этгээд 25 жилийн ял сонсч, Г.Алтанхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 15 ・ 5

Өнгөрсөн долоо хоногт нийгмийг цочроосон олон хэргийн шүүх хурал болж, заримыг шийдвэрлэлээ.  Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдийг шийдвэрлэхийг нь шийдэж, заримыг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Түүнээс гадна АТГ-аас шалгаж байсан цөөнгүй хэргийг шийдвэрлэж эхэлсэн юм.  
 
Төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд батлан даалтад гарахыг хүсчээ

 Хууль, хяналтын байгууллагад ажилладаг Ц гэгч этгээд өөрийн төрсөн охиноо хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэж байгаа билээ. Дөрөвхөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан энэхүү хэрэгт хойд ээжийг мөн давхар сэжиглэж, саатуулаад байгаа.  Охин таван хоногийн турш сэхээнд байсаар гэмтлээ даалгүй өнгөрсөн сарын 17-нд нас барсан байдаг.

Охины хойд ээж дагавар хүүхдээ элдвээр тамлан зовоож, хоол ундгүй тарчилгаж, нүд рүү нь химийн бодис цацаж, хайр найргүй зодож, жинхэнэ утгаар нь яргалж, тамладаг байсан тухай хөршүүд нь ярьж байгаа. Энэ талаар олон ч хэвлэл, мэдээллийн байгууллага сур­валжлага бэлтгэж, сэжигт­нүү­дийн амьдарч байсан нийтийн байрны оршин суугчидтай уулзсан байдаг. Тэд ч дөрөвхөн настай бяцхан охин ямар их яргалал, тамлал дунд амьдарч байсныг зах зухаас ярьсан. Түүнээс гадна төрсөн эцэг нь ч гэсэн багагүй зодож байсныг мэдүүлсэн Тэр ч битгий хэл төрсөн охиноо хүчиндэж байсан байж магадгүй гэх мэдээллийг Хүүхдийн төлөө үндэсний газраас өгсөн.

Харин энэхүү мэдээлэл гарсны дараа Цагдаагийн байгууллагаас бэл­гийн хүчирхийлэл байгаагүй, зодуурын улмаас эрхтэн нь гэмтсэн гэх мэдээллийг өгсөн билээ. Ямар ч байсан гэр бүлийн харгис хүчирхийллийн улмаас дөрөвхөн настай бяцхан охин амиа алдлаа. Харин   эх сурвалжийн өгсөн мэдээллээр охиноо олон удаагийн үйлдлээр зодож, амийг нь хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг нь батлан даалтад гарах хүсэлтээ прокурорт гаргасан байна.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Талийгаач охины эцэг батлан даалтад гарах хүсэлт тавьсан. Гэхдээ түүнийг батлан даалтад гаргахгүй” гэсэн юм. Дөрөвхөн настай бяцхан охиноо хөнөөсөн этгээд ийн батлан даалтад гарахыг хүсч байна. Харин цагдаагийн байгууллагаас түүний хүсэлтийг зөвшөөрсөнгүй.
 
Г.Алтанхүүгийн хэрэг яагаад нэмэлт мөрдөн байцаалтад буцав

Өөрийн найз бүсгүйгээ удаан хугацаанд зодож, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан Г.Алтанхүүгийн хэрэг сунжирсаар байна. Түүний хэргийг хуулийн бай­гууллагынхан удтал шал­гасны эцэст арайхийн шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхны шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Учир нь  талийгаачийн амиа алдах болсон шалтгаан нь  архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтэл байсан гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, Г.Алтанхүүгийн хохирогчид  хөнгөн зэргийн бэртэл учруулсан нь талийгаачийн үхлийн шалтгаанд холбоогүй, хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн микро макро шинжилгээ­ний үеэр тогтоогдоогүй хэ­мээн шүүхээс үзэж, ийм хөнгөн ял оноосон байдаг. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг талийгаачийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. 

Чухам яагаад ийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болов гэдэг асуулт эндээс урган гарч байгаа юм. Анхан шатны шүүх хурал болж байхад бас л нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байлаа. Ийн явсаар ял нь гуравхан жил болж хувирсан. Одоо дахиад бууруулах гэж байгаа юм биш  биз. Эсвэл ял нь багадсан байна гэж үзээд, дахин мөрдөн байцаалт явуулахаар шийдвэр гаргасан ч байж болох юм, шүүгч. Ер нь бол Г.Алтанхүү хохирогчийг зодож, хавиргыг нь хугалсан нь тодорхой болсон юм билээ.

Ерөөс амиа алдах үеэр нь очсон эмч, найз нөхдийн яриа Г.Алтанхүү хохирогчийг айхтар зодсон байсан гэдгийг гэрчилж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Мөн өөрөө ч зодож, хавиргыг нь хугалсандаа гэмшиж байгаагаа шүүх хурлын үеэр мэдүүлсэн. Харин шинжээчид болохоор өөр дүгнэлт гаргаад байгаа юм. Архины хордлого гэж.  Тэгвэл талийгаачийн эгч нь “Г.Алтанхүү хохирогчид архи цутган өгч, хүчирхийлсэн гэдгийг би сүүлд мэдсэн” гэж ярьжээ. Ямар ч байсан нэг гэр бүлийн хүчирхийлэгчийн хэрэг ийн сунжирч, давж заалдах  шатны шүүх хурлаас нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа.  Одоо хэр удаж дахин шүүх хурал болох тэндээс ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байна.
 
Эхнэрээ хөнөөж, уурхайд хаясан этгээдийн ялыг хэвээр үлдээлээ

Налайх дүүрэгт өнгөрсөн жил эхнэрээ хөнөөж, уурхайд хаясан аймшигт хэрэг гарч, олныг цочирдуулж байсан. Бас л нэг гэр бүлийн хүчирхийлэгч этгээдийн үйлдсэн хэрэг.  Эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж. Гэр бүлд маргалдах асуудал бишгүй л гарна.

Гэтэл нөхөр нь эхнэрийнхээ хоолойг боогоод, бараг л алчихсан байгаа юм. Өөрөө болохоор уурандаа хоолойг нь боосон гэж мэдүүлдэг. Ингээд л нэг сэхээ ороод харахад нь эхнэр нь сэргэхгүй байсан гэдэг. Үхсэн гэж бодоод бичил уурхайд аваачаад хаячихсан гэж байгаа. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр эмэгтэй хөлдөж нас барсан гэж гарсан. Нөхөр нь яаралтай эмнэлгийн байгууллагад хандсан бол, эсвэл анхан шатны тусламж үзүүлсэн бол хохирогч амиа алдахгүй байсан гэсэн үг.

Хохирогч амиа алдах үедээ дөнгөж 19-хөн настай байсан. Дээрээс нь тэд нэг хүүхэдтэй байсан юм билээ.  Хэрэгтэн, гэр бүлийн хүчирхийлэгч Б.Бат-Өлзийд анхны шатны шүүхээс 25 жилийн ял оноосон.  Харин хэрэгтэн энэ ялыг чангадсан гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, анхан шатны шүүхийн оноосон 25 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм. 

Хэрэгтэн тухайн өдөр уурласнаасаа болоод эхнэрээ боож ухаан алдуулаад, сандарсандаа уурхайн аманд аваачаад хийчихсэн ч юм биш. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг санамсар болгоомжгүй үйлдэл биш гэдэг нь тогтоогдсон талаар хэвлэлээр мэдээлж байсан. Хэрэгтэн талийгаачийг байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нэгэн байсан юм билээ. Талийгаач энэ дарамтаас нь болоод түүнээс салчихсан байж. Гэтэл уулзая гэж дуудаад, улмаар амийг нь хөнөөсөн нь санаатай үйлдэл байсан гэсэн үг. Ийм хэрэг үйлдчихээд хэнэг ч үгүй давж заалдаад явж байгааг нь юу гэж ойлгох билээ.   
 
Авлига авсан, өгсөн хоёрт ял оноожээ

Сүүлийн үеэд АТГ-аас авлига, хээл хахуультай холбоотой хэрэгтэй тууштай тэмцэж байгаа билээ. Тэгвэл тус газраас мөрдөн шалгаж байсан зарим хэрэг шүүхээр шийдэгдсэн байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас мөрдөн бай­цаалтын ажиллагаа явуулж шалгасан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням нарт холбогдох хэргийг дүүр­гийн эрүүгийн I шүүхийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Д.Тогооням нь Өмнө­говь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захи­рал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хахууль авчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүр­гийн биелэлтийг баталгаа­жуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хуга­цаа дуустал барьцаалах” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, санхүүжилтийг бүрэн ол­гох.

Мөн 2011 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Гал унтраах 65 дугаар ангийн барилгын гүйцэтгэгчээр “Говь Гурван Сайхан” ХХК-ийг шалгаруулахаар урьдчилан амласан бөгөөд 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өгөөж” ХХК-ийн урд автомашины зогсоол дээр 20 сая төгрөг авсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.  Дүүргийн эрүү­гийн I шүүхээс Онцгой байд­лын ерөнхий газрын Гал түймэр­тэй тэмцэх газрын хянал­тын хэлтсийн ахлах мэргэ­жилтэн буюу тасгийн дарга Д.Тогоонямд 5.1 жил, н.Цэдэнсамбад 1.1 жилийн хорих ял оногдуулсан байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 16/

    ter gercn geed baugaa xumuus zodoz bauxuun xarsan medsen um bol jagaad uum baudald xurgez baugaa um oorsdoo bas adulxan xuuxdee tamaldag arcnaagyu tomcnuul

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 16/

    hahuul uguhgui bol ajil butehee bolison Mongol shu dee.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 16/

    Boldog bol tsaazlaval taarna

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 16/

    20 сая төгрөгийн хахуулийн хэрэгт өгсөн авсан 2 лаа ялтай байдаг. 35 тэрбумийн хэрэгтэй гадны хүн уучлагдаад эх орондоо харьж байдаг. Уучилсан ууслуулсан 2 нь зүв зүгээр байдаг сонин юм аа.Хулгай луйварыг сайн баригдахгүй хийж сур гэдэг дүгнэлтэнд хүрэв. Ялангуяа өсвөр залуу үеийнхэн тийм дүгнэлтэнд

    1
    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 15/

    Хойд эх биш, шулмас байна, зохих шийтгэлийг нь өгөх нь зүйтэй, дээрхи 2-н нүгэл нь нүдээрээ гарна даа

    1
    Хариулах