Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 15
|
Улстөрчдийн ард түмэндээ хайр зарладаг сонгуулийн жил айсуй. Тиймээс улстөрчид олон нийтэд таалагдах сэдвийг шүүрч аваад ядарсан иргэддээ хэчнээн хайртайгаа олон нийтийн хэвлэл мэдээллээр өдөр болгон зарлаж байна. Хамгийн сүүлд нэгэн төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар иргэд АН, МАН-ын аль алинд нь итгэл алдарсан нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, ард түмэн хоёр намын хуурай амлалтад бялуурч, итгэхээ больсон гэсэн үг. Яг ийм эгзэгтэй үед хүчтэй гуравдагч хүчинд боломж гарах уу гэсэн сонирхолтой асуулт урган гарч байна. Юутай ч нийгмийн сэтгэл зүйг анзаарсан уу эсвэл сонгуулийн жил ойртсон учраас яарсан уу Монголд улс төрийн гурван ч шинэ нам бий болох сураг дуулдах болов.
Өнөөдрийн байдлаар манайд улс төрийн 22 нам бүртгэлтэй. Үүн дээр бүл нэмж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Монгол хүний төлөө нам, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын Монголын хүний төлөө нам, салбар салбартаа танигдсан 50 гаруй залуучуудын нэгдсэн Хүн хөгжил нам шинээр байгуулахаар дуншиж эхэллээ. Улс төрийн дээрх намууд нэрээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан байна. Гэвч С.Ганбаатарын гэгдэх Монгол хүний төлөө нам болон Х.Бат-Ялалтын намыг Дээд шүүх бүртгэж авахаас татгалзсан байна. Учир нь хоёр намын аль алиных нь холбогдох бичиг баримт дутуу байснаас ийн буцаажээ. УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл даваа гариг бүр хэвлэлийн хурал хийхдээ “Монгол хүний төлөө” гэх бичигтэй цэнхэр самбарын өмнө мэдээлэл хийдэг билээ.
Үүнээс үзэхэд Монгол хүний төлөө намыг С.Ганбаатарынх гэж хардаж болмоор. Түүнийг нам байгуулж, бие даагч гишүүн гэдэг статусаас гарах тухай яриа аль эрт гарсан ч С.Ганбаатар гишүүн үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй. МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхаасаа олон нийтэд танигдсан С.Ганбаатарыг тусдаа нам байгуулжээ гэвэл гайхах зүйл огтхон ч байхгүй. Танхимын нөхдөдөө популист хэмээн чичлүүлдэг С.Ганбаатар гишүүний ярьж, хэлснийг цахим ертөнцөд дэмжигчид чамгүй их байдаг нь нууц биш. Хэрвээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар нам байгуулбал Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хамтрах уу эсвэл бие даагч чигээрээ үлдэх үү гэдэг нь сонирхолтой. Харин “Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалтын хувьд өнгөрсөн хугацаанд нэлээд идэвхтэй байсан. Иргэний нийгмийнхэн болон төрийн бус байгууллагуудтай нэгдэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн байгуулж, шинэчлэлийн Засгийн газрыг огцрохыг шаардан дүн өвлийн хүйтнээр хэд хэдэн удаа төв талбайдаа жагсаал зохион байгуулсан. Х.Бат-Ялалт тэргүүтэй нөхөд Н.Алтанхуягийн Засгийн газар болон УИХ-ын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардаж, байсхийгээд л хэвлэлийн хурал зарладаг ажилтай болсон. Өмнө нь тэрбээр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг нэг бус удаа халз мэтгэлцээнд дуудаж байсан ч ирээгүй юм.
Гэхдээ ямар нэгэн байдлаар олны анхаарлын төвд байх хүсэл нь Монголын хүний төлөө намыг байгуулснаар биелэх бололтой. Хүний хөгжлийг эрхэмлэсэн, мэдлэг боловсролтой залуусыг эгнээндээ элсүүлсэн Хөгжил хүн гэх нам шинээр бий болж, Монголын улс төрийн салхийг эргүүлэхээр зэхэж байна. Тус намын зохицуулагч С.Боргил “Мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, тухайн салбартаа танигдсан хүмүүс шийдэл, гарц хайхаар нэгдээд байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар ирэх дөрөвдүгээр сард болох салбарын мэргэжилтнүүдийн чуулган дээр тодорхой ярина. Одоогоор бид нэгдээд улс төрийн хүчин байгуулахаа зарлаж байна. Өнгөрсөн 25 жилийн турш Монгол Улс хүн төвтэй үзэл баримтлалыг орхигдуулж ирсэн. Үүнийг өөрчилнө. Бид хэлбэр хөөцөлдөхгүйгээр, ямар бодлого боловсруулж ажиллах вэ гэдэгт төвлөрнө” гэлээ. Сонгууль болтол дахин хэдэн ч шинэ нам байгуулагдах юм бүү мэд. Юутай ч сонгуулийн чимээ ойртох тусам улс төрийн хүрээнийхний өрсөлдөөн нэмэгдэх нь. Гэхдээ иргэдийнхээ сайн сайхны төлөө гэсэн уриа лоозонтой улс төрийн намуудад сонгогчид итгэл үзүүлэх эсэх нь оньсого мэт байна
...Х.Бат-Ялалт тэргүүтэй нөхөд Н.Алтанхуягийн Засгийн газар болон УИХ-ын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардаж, байсхийгээд л хэвлэлийн хурал зарладаг ажилтай болсон. Өмнө нь тэрбээр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг нэг бус удаа халз мэтгэлцээнд дуудаж байсан ч ирээгүй юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар олны анхаарлын төвд байх хүсэл нь Монголын хүний төлөө намыг байгуулснаар биелэх бололтой...
Ц.ОЮУНТУНГАЛАГ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.