Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас одоогийн Үлэг гүрвэлийн музейн байрлаж буй байранд Буддын шашны соёлын музейг байгуулах. Улмаар Төв аймгийн нутаг дахь Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт Палеонтологийн музейг байгуулах төсөл боловсруулснаа өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Үндсэндээ сүр дуулиан болоод байсан Үлэг гүрвэлийн музейг Тэрэлжид байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн үг.
Манай улс Палентологийн олдвороор дэлхийд дээгүүрт ордог учир томоохон музей байгуулахад хангалттай гэж үзэж, шинэ барилга барих гэж төлөвлөсөн юм байх. Палентлогийн музейг байгуулахад ойролцоогоор 27 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Мөн музейн барилгын зураг төслийг гаргаад, хаана нь ямар танхим байрлах зэргийг нь тодорхой болгочихож байгаа аж.
Тухайлбал, музейн нэгдүгээр давхарт үзвэр үзэгчдийг хүлээн авах төв, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, үзмэрийн танхим, 5D кино театр байрлана. Энэ мэтээр гурван давхар барилга байх бөгөөд, нийтдээ 3.8 га талбайг хамрах юм байна. Сайхан хэрэг биш гэж үү. Улаанбаатар хотод үлэг гүрвэлийн музей нэртэй, хэдхэн үзмэртэй жижиг байшин байснаас нийслэлээс зайдуу, томоохон барилгатай, дэлхийн жишигт хүрсэн музей байвал аштай юу.
Гэхдээ Тэрэлжид барина гэхээр жаахан тиймхэн байна. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар гэж Тэрэлжийг сонгож байгаа юмуу даа, янз нь. Нэг хэсэг хаднаас өөр юу байгаа юм, тэнд. Ингэж балайрч байхаар Өмнөговьд тэр музейгээ барьчихаач дээ. Яагаад Өмнөговь гэж гэсэн асуулт гарч ирж магадгүй. Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт “Шар цав” гэдэг газар үлэг гүрвэлийн 19 мянган мөр байна. Тэрхүү үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас нь байгальд бүтээгдсэн хэв маягаараа хатуу элсжилтийн үе давхаргадас дээр хадгалагдсан, 145 сая жилийн настай.
Хэлбэр хэмжээний хувьд олон төрөл бөгөөд багаар тооцоход 4-5 өөр үлэг гүрвэлийнх гэдэг нь батлагдсан юм билээ. Ийм олдвор эрт галавын амьтны аймгийн экологи, зан араншин, хөдөлгөөн зэргийг тогтооход чухал баримт болдог. Нэг доор хадгалагдан үлдсэн мөр, тэндээс олдсон үлэг гүрвэлийн яс манайхаас өөр улсаас олдсон тохиолдол бараг байхгүй. Тэгэхээр жинхэнэ байгалийн өвөрмөц тогтоцтой, ховор газар чинь тэнд байгаа биз дээ. Юун Тэрэлж, хэсэг хад. Тэр юу ч биш. Яах вэ, манай дарга нар жуулчид ирэхэд үзэмжтэй, уул ус, ургамал модтой газар.
Дээрээс нь хотоос ойрхон, очиход амар гэж тооцож байгаа байх. Өнөөдрөө бодвол тэр нь зөв л байх. Гэхдээ бид дэлхийд байхгүй гайхалтай музей байгуулж, үлэг гүрвэлийн гэсэн бүхий л зүйлсээр олон улсын жуулчдыг байлдан дагуулна гэвэл Өмнөговь нь дээр. Үндсэндээ маргаашаа бодох гээд байна л даа. Монгол орон бол үлэг гүрвэлийн өлгий нутаг. Тэр дундаа Өмнөговь аймаг. Ер нь бол үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөг гээд Палеонтологийн ховор олдворууд Өмнөд Америк, Канадаас олддог аж. Харин төв Азиас Монгол, зүүн өмнөд Азиас Хятадын хэсэгхэн газарт палеонтологийн олдвор тархсан байдаг юм байна.
Харин дэлхийн үлэг гүрвэл судлаачдын хэлж байгаагаар хамгийн том махан идэшт үлэг гүрвэл Монголоос олдсон. Тэр нь Байгалийн түүхийн музейд байгаа Тарбoзавр. Ингэхээр манай оронд зөвхөн динозавр биш арслан заан, соёотой арслан гээд тухайн үед байсан, одоо энэ цаг үед хадгалагдаж ирсэн палеотологийн ховор, үнэт олдворууд олон байгаа. Ийм орныг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэж нэрийдэхгүй гээд яах юм бэ.
Бид музей байгуулчихлаа гэх л юм бол дэлхий нийтээрээ сонирхох нь гарцаагүй. Тэртээ тэргүй гадаадын жуулчид Монголд ирээд, шороон замаар донсолгож явсаар ганц хад, сүм дуган үздэг биз дээ. Тэгвэл бүхэл бүтэн үлэг гүрвэлийн музей үзнэ гэвэл дургүйцэх юм байхгүй. Мэдээж Манлай сумын нутагт музей барина гэвэл зардал мөнгө хамаагүй нэмэгдэх нь тодорхой. Тийшээ цахилгаан татах, зам тавихаас эхлээд усны асуудал ч бас байгаа. Гэхдээ бид яаж ийж байгаа энэ мэт асуудлыг шийдээд, үлэг гүрвэлийн мөр байгаа газар нь музейгээ барьчихмаар байна.
Бодоод үзье л дээ. Үлэг гүрвэлийн 19 мянган мөр нь байна. Тэнд нь музейгээ бариад, дотор нь үлэг гүрвэлийн араг ясаа байрлуулчихъя. Манайд баргийн том музейг дүүргэчихээр олон үлэг гүрвэлийн яс байдаг гэнэ лээ. Дээрээс нь дэлхий дээр хамгийн олон чулуужсан өндөг олдсон улс нь Монгол гэж байгаа. Тэгэхээр тэр олон чулуужсан өндгөө музейдаа тавьчихна шүү дээ. Ингээд л музейдаа оруулаад, үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан өндгийг нь үзүүлчихнэ. Гаргаж ирээд мөрийг нь харуулчихна. Дээрээс нь тэр хавьдаа хиймэл үлэг гүрвэлүүдийг хийчихгүй юу.
Хятадууд баахан үлэг гүрвэл хийгээд Бээжин явах замд тавьчихсан байдаг биз дээ. Манайхан тэр анзааны хиймэл үлэг гүрвэл хийчихэлгүй дээ. Ингээд л жинхэнэ утгаараа Үлэг гүрвэлийн музей болно. Заавал палеонтологийн музей гээд нэрлээд байх ч шаардлагагүй. Тэр музейдээ бусад палеонтологийн олдвороо тавьчихсан ч болно. Хамгийн гол нь Үлэг гүрвэлээрээ л дэлхий нийтийг татах ёстой юм. Өнөө үед манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг нухацтай ярих болсон. Мөн жилд ирж байгаа жуулчдын тоог ч нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа.
Харамсалтай нь Монголд “Ертөнцийн долоон гайхамшиг” гэдэг шиг дэлхий нийт сонирхохоор гайхалтай бүтээн байгуулалт ховор байна. Ердөө л нүүдэлчин ахуй, байгалийн өвөрмөц тогтоцоороо л бид дэлхийн жуулчдыг татах гэж хичээж байгаа. Гэтэл манай малчдын ахуйг үзэх гэж ирж байгаа жуулчдын тоо Хятадын цагаан хэрмийг үзэх гэж очдог хүмүүсийн тооны хаана нь ч хүрэхгүй нь мэдээж.
Хэрвээ Өмнөговьд үлэг гүрвэлийн музей байгуулчихвал бид дэлхийн гайхамшгуудтай “үзэлцэж” чадахаар бүтээлтэй болно гэсэн үг. Хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн мөр, өндөг, араг ясыг нэг дороос үзэж болохоор гайхамшигт музей ямар ч Цагаан хэрэм, Египетийн пирамидаас дутна гэж байх уу. Адилхан л гайхамшиг шүү дээ. Тийм болохоор 27 тэрбум дээрээ дахиад ганц нэг тэрбумыг нэмээд, музейгээ бариад, ус, цахилгаанаа шийдчих хэрэгтэй.
Тэгж байтал хэдхэн жилийн ашиг орлогоороо өөрөө өөрийгөө босгоод, хөгжүүлээд явчихна. Улаанбаатараас Манлай сум ортол засмал зам барих хөрөнгийг ч хэдхэн сарын ашгаараа цугуулах ч юм бил үү, хэн мэдлээ. Үлэг гүрвэлийн музейг дагаад үзвэр, үйлчилгээний байгууллагууд ч бас баригдаж таарна. Зочид буудал, зоогийн газраас авахуулаад юу эсийг хийж болох билээ. Ингээд л говьд хөгжсөн нэг сууринг босгох боломж бий болох боломж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.