Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 17
・ 5
Гудамжны нэг нөхөр бус Эдийн засгийн байнгын хорооны дарга нь ингэж хэллээ.
Угаасаа Монгол улс “defolt” буюу дампуурлаа зарлахад бэлэн байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын индэр дээрээс зарлачихсан. Түүний хэлсэн үгэн дээр үндэслээд Хятадын Синьхуа агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” гэсэн мэдээллийг цацсан. Бусад орнууд ч ийм таамаглалтай байгаа. Ямартаа ч тэрбээр бодит нөхцөл байдлыг хэлээд даруйхан “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна гээд Олон улсын валютын сан руу хүртэл захидал явуулчихаад байгаа.
Энэ дагуу нь Олон улсын валютын сан, Дэлхийн банкны мэргэжилтнүүд аль хэдийн Монголд ирэн эдийн засгийн тооцоо судалгаан дээр ажиллаад эхэлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Монгол улсын эдийн засаг хүндэрч, баталгаатай нөөц улам багасч байгаа болохоор “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй гэжээ. Тэд үнэхээр Монголын эдийн засгийг аврах амь тариаг “Стэндбай” хөтөлбөр гэж харж байгаа аж.
Ж.Батсуурь энэ талаар “Нөхцөл байдал улам хүндэрч байгааг Монгол банк, Сангийн яаманд байнгын хорооны зүгээс байнга сануулж байгаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө гарган ажиллах ёстой. Би Засгийн хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод төлөвлөгөөгөө яаралтай баталж ирүүлэх сар бүр хийж буй ажлынхаа тайлан мэдээг цаг алдалгүй явуулж байх тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэр богино хугацаанд хэрэгжүүлж чадахаас олон зүйл шалтгаална. Монгол улс дампуурлаа зарлахад ойрхон байна” гэжээ.
Харин Засгийн газар, Монгол банк ганц “Стэндбай” хөтөлбөрт найдаад Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээнийхээ хүрээнд ажил хийхгүй байгаа нь тодорхой байна. Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь олон сөрөг талтайг эдийн засагчид хэлж байгаа. Мөн УИХ-ын 76 бүгд энэ хөтөлбөрийн уршгийг мэднэ. Харин яалт ч үгүй нөхцөл байдал хүндэрсэн учраас ингэхээс өөр арга зам байхгүй гэдэгтэй бүгд санал нийлээд байгаа аж.
Стэнбай хөтөлбөрийг ОУВС-аас эдийн засгийн хямралд орсон орнуудад зориулан хэрэгжүүлдэг бөгөөд богино хугацааны гал унтраах төслүүдэд зориулсан зээлүүдийн нэг юм.
Бид тус хөтөлбөрт хамрагдвал төсөв, мөнгөний бодлогоо ОУВС-ийн зөвлөснөөр өөрчилж, шууд гадны хараат байдлаар асуудлыг шийдэж эхэлнэ. Жишээлбэл иргэдэд өгч буй бүх нийгмийн халамжийг бууруулах болон бүр мөсөн зогсоох. Үүнд нөгөө хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, тариа буудай, ноос ноолуурын урамшуулал гэх мэт халамжийн бодлогууд орно. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан маш уян хатан, нээлттэй бодлого барихыг үүрэг болгоно. Энэ бол нөгөө л газрын доорх баялаг руу шунахай сувдаг сэтгэлтэй гадны хар сэтгэлтнүүдийг вагон, вагоноор нь оруулах далд санаархал. Энэ хамгийн аюултай шахалт юм. Мөн төрийн өмчийн бүхий л онцгой обьект, барилга байгууламж, дэд бүтцийн чухал салбаруудийг ч хүртэл хувьчлахыг шаарддаг. Энэ заалтын цаана үндэстэн дамнасан томоохон компаниудын мөнгөтэй эрхмүүд нөлөөллөө тогтоож эхэлдэг.
Бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас хүсээд байсан зээлээ авлаа гэхэд дээр өгүүлсэнчлэн цаашид өөрийн эдийн засгаа хүссэнээрээ удирдан залж чадахгүй, зөвхөн өгөгдсөн зааврын дагуу олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх гарцаагүй тулган шаардалттай учирч болзошгүй. Улмаар энэ мэт байдал нь даамжирсаар улс орны эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулах аюулд хүргэх тухай судлаачид сануулж байна.
Товчхондоо, Монгол шиг байгалийн баялаг, түүхий эдийн нөөц ихтэй ч хоцронгуй хөгжилтэй улсыг дэлхийн том компаниуд өөрийн болгох арга Стэндбай хөтөлбөрийн ард нуугдаж буй.
Т.Энхэлээ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.