Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 18
・ 2
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дэргэдээ эдийн засгийн зөвлөл гэгчийг байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл, энэ зөвлөл өчигдөр хуралдаж томхон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн урагшлуулах талаар ярилцжээ. Эдийн засгийн салбарынхнаас гадна уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл уулзалтад оролцож төрийн савар хэтэрхий гүн шургаснаас аж ахуйн нэгжүүд ажлаа хийж чадахгүй, цаашлаад томхон төсөл хөтөлбөрүүд намчирхлаас үүдэн согтуу, сарнисан замаар яваад байгаа хэмээн учирлажээ. Аргаа барсан хүмүүсийн үг. Ажлаа хийгээд уул уурхайн олборлолтоо явуулах бэлтгэлдээ гарчихсан байх цаг үед төрийн сайдын өрөөнд суучихаад зовлон тоочиж сууна гэдэг бол төр арчаагүй байгаагийн шинж.
Өөрсдийгөө улстөрч гээд итгэчихсэн ард түмэнд таалагдахын тулд амны зоргоороо бурж яваа цөөхөн хэдэн хүний зууш нь төр өөрөө болж байгаа нь өөрөө ичгэвтэр хэрэг юм. Уг нь одоо хэрхэн урагшлуулах вэ гэж ярилцаж суух цаг биш. Хэрхэн хөгжих вэ гэдэг яриа, маргаан мэтгэлцээнд бид хэтэрхий их цаг зарцууллаа. Жил бүхэн л салбарынхан уулзаж том том төслүүдээ хөдөлгөх талаар ярьдаг. Сар гаруйн өмнө эрдэс баялгийн салбарынхан уулзсан.
Сарын дараа геологийн салбарынхан бас уулзана. Энэ мэтээр хөгжүүлэх тухай яриа Монгол Улсад багадаагүй. Том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх Монгол Улсын сайд гэх албан тушаалыг хүртэл шинээр бий болголоо. Өнөөх сайд нь Тавантолгойг ярьсаар гурван сар өнгөрлөө. Үр дүн гарсангүй. Оюутолгой, Тавантолгойг урагшлуулах ажлыг нэн даруй хийнэ гэх амлалтыг Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100”-д багтаасан.
Амлалт нь цаасан дээрээ үлдэж, ажил хэрэг болсон зүйл нэг ч харагдсангүй. Шийдлийн Засгийн газар ч Эдийн засгийг идэвхжүүлэх төсөл хөтөлбөрийг батлуулахдаа онцгойлон ордуудыг хөдөлгөнө гэж дурьдсан. Иргэдийн дунд гурав хоног санал асуулга явуулж, уул уурхайн төслүүдээ урагшлуулна хэмээн санал авч, нэн даруй ажлаа эхэлнэ гэж шоудсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа байна. Төсөл хөтөлбөрөөс орж ирэх мөнгөн дүнгийн судалгаагаа гаргачихсан, ажил эхлэх бэлтгэл хангагдчихсан байх цаг хэдийнэ өнгөрчихлөө.
Гэтэл хаа хамаагүй уул ухах нь хэмээн хийрхсэн хэсэг бүлэг Ноён уулаар “шоудаж”, Ерөнхийлөгчөө огцруулна хэмээн дөвчигнөж суугаа. Чалькогийн өрнөөс гаргаж Тавантолгойг урагшлуулах учиртай “Эрдэнэс Тавантолгой” компанийг тойрсон ээлжит популизм эхэлснээр Тавантолгойн хөрөнгө оруулагчдын уулзалт гацаанд орж, гүйцэтгэх захирал нь улс төрийн захиалгаар төмөр торны цаана орчихлоо. Хэрэг хийсэн гэдгийг нь хэн ч батлаагүй атлаа хорих хугацааг нь хоёр сараар сунгачихаж.
Тавантолгойн төсөл гацаанд орсон шалтгааныг Монгол Улсын сайд М.Энхсайхан үл итгэлцлээс болсон хэмээн дүгнэжээ. Тэрбээр, “Ядаж байхад яр гэдэг дээ. Хууль хяналтынхан ажлаа хийж байна гэх байх. Я.Батсуурийг гадуур байцааж шалгах ажлаа хийж болдоггүй юм уу гэж хэлж, бичиж үзсэн, ноль. Энэ нь хэлэлцээрийн үр дүнд гэхээсээ илүү яриа хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх. Далдуур энэ төслийг зогсоох гэсэн элдэв үг хэл, үйл ажиллагаа байна аа, байна. Надад бол тодорхой харагдаж байгаа. Дарь дээр давс нэмэх хэрэггүй гэж бодоод энэ талаар ярихыг хүсэхгүй байна.
Хоосон улстөржилт Монголын эрх ашиг биш ээ. Саад болж байгаа зүйл нь хаана хаанаа итгэлцэл муу байгаа явдал гэж хэлье. Монголчууд бие биедээ итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй. Тийм ч учраас хөрөнгө оруулагчид монголчуудад итгэдэггүй. Дээр нь хариуцлагагүй. Дараа нь намайг юу гэж хэлэх бол гэсэн оготор бодол хаа сайгүй тэнэж явах юм. Манай дүр зургийг ярьж өгвөл хэцүү л юм болох байх шүү. Мега төсөлд бид өөрсдөө л том садаа байх” хэмээжээ. Дээр хэлсэнчлэн улстөрчдийн тэр дундаа улс төрийн намууд өөрсдөө энэ том төслүүддээ тээг садаа болоод суучихлаа.
Ноён уулыг ухуулахгүй хэмээн сүржигнэж байгаа этгээдүүдийн цаана нэр бүхий УИХ-ын гишүүн байгаа талаар нэрт нийтлэлч Баабар ярьсан нь санамсаргүй унагасан үгний алдаа биш. Захиалагч нь Ерөнхийлөгч хэмээн “хийрхэж” байгаа эдгээр эх орончид хэн нэгний эрх ашгаар хөдлөөгүй гэх баталгааг олох боломж алга. Тэр зуур Ноён уулын орчимд буй Гацууртын орд руу нь нутгийн нинжа нар орчихсон ухаж байх жишээний. Уг нь энэ ордыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг төрөөс тогтоож өгөөд татвар авах уу, хувь эзэмшээд явах уу гэдгээ тогтоогоод өгчих учиртай байв.
Даанч тэгсэнгүй. Олборлолт зөв явагдаж байгаад орон нутгийн иргэд өөрсдөө хяналт тавиад, орон нутагтаа бүтээн байгуулалт хийлгээд, эргээд нөхөн сэргээлтээ хийлгэчихвэл Монгол Улсын эрх ашигт тустай. Орд газруудаа тэвэрч хэвтсээр элгээрээ мөлхөхгүйгээс хойш нөхөн сэргээлт хийлгээд улсдаа үлдэх ашгийг нь яг таг авах гэрээ контакт үйлдээд явуулах учиртай юмсан. Дараагийн нэг гацаад орчихсон орд бол Оюутолгой. Амтай бүхэн өнөөдөр Оюутолгойн ордыг ярьж байна. Ил уурхайн олборлолт эхэлчихсэн сайхан цагт үр ашгаас нь өчнөөн хүртчихсэн улстөрчид эргээд өөрсдөө популизм хийгээд сууж байх жишээний.
Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх гэж мөнгө авчихсан, бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад өгчихсөн атлаа энэ гэрээ шиг хэрэггүй юм алга хэмээн хийрхэж сууна, улстөрчид маань. Энэ орд урагшаа хөдөллөө ч эдийн засаг тэгтлээ сайжрахгүй хэмээн Moody`s дүгнэлт гаргажээ. Арга ч үгүй. Оюутолгойг Монголын төр гацаах тусам уул уурхайн хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр л багасна, алдагдал хүлээнэ. Өмнө бичиж байсанчлан, Оюутолгой наашаа орж ирэх хөрөнгө оруулалтын урсгалыг хэдийнэ хаачихсан. Гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол их бий.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.