Орон сууцны урьдчилгааг бууруулах боломж байгаа юм биш үү

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 18

Барилгын салбарыг дэмжих талаар МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ноос Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт шаардлага хүргүүлсэн нь ойрын өдрүүдэд нийгэмд багагүй хүлээлт үүсгэсэн асуудал болоод байгаа. Уг шаардлагад “Эдийн засагт 2014 онд бий болсон долоо хувийн өсөлтийн 80 хувийг уул уурхайн бус салбар, түүний дотор барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбарын өсөлтөөр хангасан. Барилгын үйлдвэрлэлийг 2015 оны их ажил эхлэлийн өмнө бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжих, нэгэнт баригдсан барилгуудын худалдан авах зах зээлийг өргөжүүлж, эрэлтийг урамшуулахад чиглэсэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэсэн байсан. Түүнчлэн хэд хэдэн санал гаргаад байгаа. Үүнд:

-Ипотекийн зээлийг олгох талаарх Засгийн газрын шийдвэрт дараах өөрчлөлт оруулах:


а/Нэгэнт баригдаж улсын комисс хүлээн авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч байгаа иргэдийн төлж байгаа урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 хувь болгон бууруулж, 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх,


б/Ипотекийн зээлээр авч буй орон сууцны хэмжээг 80 ам.метрээр тогтоож байгааг 150 ам.метр болгон нэмэгдүүлэх,

-Ипотекийн зээлийн урьдчилсан төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдүүлэхэд шаар­длагатай 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэн байршуулах арга хэмжээ авах,

-Барилгын салбарт энэ оны хаврын их ажлыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа эх үүсвэрт гадаадын зээл тусламжаас шаардлагатай хэмжээний хөрөнгийг ашиглах асуудлыг шийдвэрлэх, тэвчиж болох, хямралаас гарахад нэмэр багатай төслүүдийн санхүүжилтийг эргэн харж барилгын салбарыг дэмжихэд ашиглах,

-Барилгын салбарын үйл ажиллагаа эхлэхэд саад тотгор учруулж буй төр, засгийн байгууллагуудын зөрүүтэй шийдвэрүүдийг цэгцлэн нэг мөр болгож барилгын ажил явуулахад саадгүй болгох зэр­гээр тусгасан байна. Харин Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар дээрх санал, шаардлагыг хүлээн аваад, ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.

МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ныхон энэхүү саналуудаа огт судалгаагүйгээр гаргаагүй нь лавтай. Өөрөөр хэлбэл боломж байгаа бөгөөд зөвхөн төр, засгаас тодорхой зохицуулалтыг хийж өгөхийг хүссэн хэрэг. Энэхүү саналуудаас орон сууц ипотекийн зээлээр авч буй иргэдийн урьдчилгааны 30 хувийг 10 хувь болгон бууруулах гэдэг нь олон нийтэд хамгийн ихээр хүлээлт үүсгээд байгаа асуудал. Тиймээс ч иргэдэд ихэд таалагдаж, Засгийн газар шийдвэрлээд өгчихөөсэй хэмээн алгаа үрчиж суугаа. Гэхдээ төр, засагт байгаа боломжийг зөв ашиглаж чадвал энэхүү санал хэрэгжих магадлалтай нь тодорхой. Учир нь саяхан болсон НИТХ-аас гаргасан шийдвэрээр "Улаанбаатар орон сууц" нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд байгаа. Энэ хөрөнгөөр төрийн албан хаагчдын худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувьд дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл төрд ажилласных нь төлөө буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор заагаад байгаа юм. Уг нь өнөөгийн эрх баригчид улс орныг халамжийн бодлогоор доройтууллаа хэмээн шүүмжилж, татгалзахыг уриалаад байдаг хүмүүс. Тэгэхээр төрийн албанд ажилласных нь төлөө орон сууцны зээлийн урьдчилгааг нь 50 хүртэл хувиар буцалтгүй тусламж нэрээр өгөхийн оронд иргэн бүрийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 10 болгож бууруулвал илүү үр дүнтэй төдийгүй, хүртээмжтэй бодлого болох нь тодорхой.


Төрөөс урьдчилгаа төлбөрийн хэмжээг хэлэлцэн шийдвэрлэж өгөхөөс өөрөөр банкны шалгуурт нөлөөлж бүх иргэнээ орон сууцтай болгох боломж угаасаа байхгүй. Түүнчлэн хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж байхаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн хэвшлийнхэнд ч гэсэн зориулсан боломж олговол зохистой баймаар юм.

Ипотекийн зээлийн урьд­чилсан төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдүүлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд "Улаанбаатар орон сууц" санд байршуулж эхлүүлж буй 15 тэрбум төгрөгийг ч татах байдлаар асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нөхцөл бишгүй л бий. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэрийг сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд бус, бодит нөхцөл байдалд уялдуулан гаргаж байвал үр дүн сайтай байх болов уу.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх