АН
Л.Гансүх: Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Я.Батсуурь: “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн “Говь Повер”-ын асуудалтай холбогдуулан шалгаж цагдан хорьсон.
Н.Алтанхуяг: Түүнийг “Чингис бонд”-ын зарцуулалттайгаар холбоотойгоор шалгаж эхэлсэн мэдээлэл байгаа юм.
Г.Дэнзэн: Тэрбээр өөрийн эзэмшлийн гэгдэх “Говь повер” компанид эвлэрлийн гэрээний дагуу шилжүүлсэн 4.65 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт шалгагдаж байсантай холбоотойгоор Я.Батсуурийг хорьсон. Тэгэхээр Я.Батсуурийн дараа түүнийг шалгах магадлал өндөр.
Б.Бадраа: Өмнөговь аймгийн МАН-ын хорооныхон Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
МАН
Ц.Батбаяр: Түүнийг “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотойгоор АТГ-аас шалгасан. Улмаар шүүхээс Ц.Батбаярыг гэмт буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жилийн хорих ял оноосон юм.
Д.Дондог: УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн туслах Д.Сайнбаяраар дамжуулан “орон сууц барих газрын зөвшөөрөл авч өгнө” гэж хууран ”Меридан” компаниас 242 000 ам.доллар, 400 сая төгрөг авсан гэх хэрэгт буруутгасан. Тэгвэл шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Д.Батхуяг: Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийг 2009, 2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын /АМГазар/ хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Д.Амарсайхан: Газрын тосны дарга асан Д.Амарсайханд холбогдох хэргийг шалгаж дуусаад хэрэгсэхгүй болгох саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Авлигатай тэмцэх газарт Д.Амарсайханыг “19 хүүхдийн гадаадад сурах тэтгэлгийг зохих журмыг зөрчиж олгосон. Газрын тос экспортлогчдоос Газрын тосны газарт төлсөн мөнгийг төрийн санд шилжүүлэхдээ хувь хүртсэн” хэмээн мэдээлсний дагуу шалгасан байдаг. Харамсалтай нь тэрээр хорих байранд нас барсан юм.
Ж.Батбаяр: Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаяр бусад хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газар болон УМБГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгасан. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас харьяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна. Харин мөрдөн байцаахаас Нийслэлийн Прокурорт хянуулахаар шилжүүлжээ. Нийслэлийн прокурор тус хэргийг хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Ц.Болд: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Болдыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Түүнийг ТҮК-ийн даргаа ажиллаж байхдаа төсвийн хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгасан юм.
Э.Цасчихэр: Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийг мөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байв. Хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын шатны шийдвэрийг тус аймгийн иргэдийн төлөөллүүд эсэргүүцэн гомдол гаргаснаар энэ хэргийг дахин шалгасан байдаг билээ.
Ш.Амгаланбаатар: Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутгаж АТГ-аас шалгасан. Тухайлбал, ХХААХҮЯнаас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авахаас тал мөнгөөр нь авч, үлдсэнийг нь завшсан гэнэ. Түүнчлэн аймагтаа хийх бүтээн байгуулалтын ажлыг хувийнхаа компанид давуу эрх олгон хийлгэсэн гэх зэрэг түүнийг буруутгах үндэслэлүүдээр буруутгсан байдаг.
Г.Нямдаваа: Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн, тендер зарлахдаа танил талдаа давуу эрх олгосон зэрэг үндэслэлээр гомдол гаргасны дагуу шалгасан.
Б.Баяндэлгэр: Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг 2012 оны эхээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай нь нотлогдоогүй учир түүнд холбогдох мөнгө завшсан гэх хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтаас хэрэгсэхгүй болгосон юм.
Ц.Сандаг-Очир: Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирыг Газрын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөн дүүргийн таван хороонд тус бүрийг нь 90 сая төгрөгөөр тооцон 450 сая төгрөгөөр эдэлгээ даах Япон, Солонгос машин сонгох чиглэл нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн ч Хятадаас машинуудаа нийлүүлсэн хэрэгт давхар шалгасан байдаг.
Д.Тогтохсүрэн: Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хууль бус үйлдэл хийж байгааг эсэргүүцэн тус аймгийн АН-аас мэдэгдэл гаргаж, АТГ-т шалгуулсан. Гэвч АТГ-аас шалгасны эцэст гэм буруутай нь тогтоогдоогүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Д.Чандмань: Дундговь аймгийн 70 жилийн ойгоор цугларсан хандивын мөнгийг тус аймгийн Засаг дарга Д.Чандмань хувьдаа завшсан байж болзошгүй гэх гомдол ирсний дагуу АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна
МАХН
Н.Энхбаяр: МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэрэгт сэжигтнээр татаж АТГ-аас баривчилсан үйл явц нэг хэсэг олны анхаарлын төвд байсан. Улмаар шүүхээс Н.Энхбаярт 2.6 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн 982 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрт гаргуулж, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд Н.Энхбаяр төлөхөөр болж байв. Харин гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны наймдугаар сард уучлал үзүүлсэн юм.
О.Чулуунбат: О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн АТГ шалгаж эхэлсэн. Түүний хэргийг АТГ-аас нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлээд байгаа гэсэн ч нам жим болсон.
Ч.Улаан: Нэгэн үе түүнийг 2005 оны сүүлээс 2008 он хүртэлх гурван жилийн хугацаанд ял эдэлж явсан ГЕГ-ын дарга асан Х.Баатарын үйлдсэн авлигын хэрэгтэй холбогдуулан АТГ шалгаж эхэллээ гэх бор шуум гарах болсон. Нэг хэсэг хууль бус тендертэй холбоотой асуудалд ч нэр нь хавчуулагдаж байсан.
Д.Энхжаргал: Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд АТГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар хуулийн байгууллагаас дан ганц Худалдан авах ажиллагааны газрын дарга бус түүний нөхөр хүүхдийг нь хамтад нь шалгаж эхэлжээ. Өмнө нь Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа тендер будилуулсан, албаны машинаа хувьдаа ашигласан, сонгон шалгаруулалт зарлахдаа тухайн компанийг урьдчилан шалгаруулдаг зэрэг мэдээлэл хэвлэлээр бишгүй олон гарч байсан билээ.
Э.Эрдэнэжамъян: МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн талаар АТГ-аас Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар шүүхээс түүнд торгох ял оногдуулсан юм.
Ж.Баянмөнх: Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдан цагдан хоригдсон ганц Засаг дарга бол Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх. Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх хэрэгт буруутгасан.
Д.Оюунбат: Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн улсын өмчөөр тоглон тендер будилаантуулж улсад 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, гурван жил зургаан cap хорих ял эдлуүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүуцэж, давж зааддах шатны шүүхэд гомдол гаргасан. Харин шүүх түүний гомдлыг дахин хэлэлцээд нийслэлийн шүухээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байдаг.
Ийнхүү АН, МАН,МАХН-аас АТГ-ын хар жагсаалтад бичигдэсдийн талаар цухас дурдлаа.
С.НАРАН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.