“Тойм-7”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 20

 


Дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлосон онцлох нийтлэл, мэдээллийг уншигч авхай танд хүргэж байна. 

-“Стэндбай” хөтөлбөрт хамрагдахгүй л бол Монгол улс дампуурах юм гэнэ үү?-

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийх үеэрээ Монгол улс дампуурлаа зарлаж мэдэх ч нөхцөл байдал үүсч мэднэ хэмээн өгүүлж байсан билээ. Мөн БНХАУ-ын “Синхуа” агентлаг  бүр  “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” гэж барин тавим бичиж байв.

Үүний дараа нэр бүхий УИХ-ын гишүүд ч уг дүгнэлт үнэний ортой гэж байсан нь бий. Тэгвэл УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Нөхцөл байдал улам хүндэрч байгааг Монгол банк, Сангийн яаманд байнгын хорооны зүгээс байнга сануулж байгаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө гарган ажиллах ёстой. Би Засгийн хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод төлөвлөгөөгөө яаралтай баталж ирүүлэх сар бүр хийж буй ажлынхаа тайлан мэдээг цаг алдалгүй явуулж байх тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэр богино хугацаанд хэрэгжүүлж чадахаас олон зүйл шалтгаална. Монгол улс дампуурлаа зарлахад ойрхон байна. “ хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл Монголын эрх баригчид манай улс дампуурахад ойрхон байгаа гэж дүгнээд, үүнээс гарах арга зам нь “Стэндбай” хөтөлбөр гэж дүгнэж байгаа бололтой. Шийдлийн Засгийн газар уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор Олон Улсын Валютын Санд хүргүүлээд буй бөгөөд уг хөтөлбөр хэрэгжвэл  манай улс өгөгдсөн зааврын дагуу олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх юм.

Э.Мягмардорж   /Эх сурвалж: www.sonin.mn/

-Хуримын ордныг “шатсан” Шангрилла-ийн зогсоол болгох гэж байжээ-

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Гэрлэх ёслолын ордон тэргүүтэй 19 объектыг хувьчлах саналыг НИТХ-д оруулаад байгаа бөгөөд энэ асуудлыг ирэх даваа гарагт эцэслэн хэлэлцэгдэнэ.   Хувьчлалд өртөх 19 объектоос хамгийн их анхаарал татаж байгаа нь  Хуримын ордон.  Хуримын ордонг ашиггүй ажиллаж байгаа болохоор 1.3 тэрбум төгрөгөөр хувьчлах  сураг байгаа.  Тэгвэл уг газрыг  өнгөрсөн оны 9-р сард шатсан  “Шангрила” зочид буудлын  авто зогсоол төлөвлөгөө хийгдсэн байжээ. 

Тодруулбал 500 сая долларын өртөгөөр баригдаж байгаа Шангри-ла өнгөрсөн онд   шатаагүй байсан бол өдийд ашиглалт орчихсон байх ёстой.  Шатсан, шатаасны аль нь  гэдгийг мэдэхгүй ч  ирэх зургаан сард буюу аялал жуулчлалын үеэр нээлтээ хийхээр төлөвлөж, ажилд шалгаруулж авч байгаа. Үүнтэй зэрэгцэн  Хуримын  ордонг  хувьчлалаар авч, газартай нь тэгшлэх төлөвлөгөөг боловсруулаад байж.  

Хуримын  ордонг хувьчлахын тулд  хагас жилийн  тайланг нь гаргаад  ашиггүй ажилласан хэмээн тайланд тусгасан байдаг.  Үнэн хэрэгтээ өнгөрсөн онд хуримын ордон 400 сая төгрөгийн ашигтай ажиллаж, жилийн жилд орлого нь нэмэгдэж байгаа. Ашигтай ажиллаж байгаа газрын хэн нэгний эрх ашигт тулгуурлан НИТХ-д оруулж байгаа цаад эзэд нь  Хотын мээр болон Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар  нар байх магадлалтай юм.  

Тодруулбал  энэхүү асуудлыг Засаг  дарга өргөн барьсан байгаа.  Гэхдээ нийслэлийн өмчтэй холбоотой саналыг  Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар боловсруулж, Засаг даргаар дамжуулан өргөн барьж байгаа аж. Энэ мэтээр  хэсэг бүлэг нөхдийн хувийн ашиг сонирхол дэлгэгдээд ирэхээр  НИТХ дээр  тохиролцоо хийгдсэн байна. Тодруулбал Хуримын ордоноос бусдыг нь хувьчлахаар болжээ. Хуримын ордон хэт их олны анхаарлыг татаад байгаа тул хувьчлахыг  түр хугацаагаар ухрааж, олны анхаарлаас хол байгаа Усан спорт сургалтын төв,  “Ионсэй найрамдал” эмнэлэг, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг эмнэлэгийн барилгуудыг хувьчлахаар төлөвлөөд байгаа юм.  Хувьчилж авах эзэд нь бараг тодорхой болоод байгаа.

Заавал олон нийтийн анхаарлыг  татаж байж  авч үлддэг,  үгүй бол хэн нэг мөнгөтэй нөхөрт  дурсгалтай газраа тал засах нэрийдлээр тавиад туучихдаг зангаа татмаар юм даа...

Баримтыг эндээс үзнэ үү

-Хэдхэн сар гангарах биш, ирээдүйгээ бодох хэрэгтэй, Хотын дарга аа-

Зун цаг айсуй. Хот өнгөө засч, бут, сөөг тарих ажил ирэх сараас эхлэх бололтой. Хотын даргын хийлгэж байгаа ажил туйлын зөв. Нийслэл хотоо өнгөлөг сайхан байлгахын төлөө ногоон байгууламжийг байгуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хэлэх нэгэн санал байна. Юу гэхээр, ингэхдээ гуравхан сарын настай цэцэг тарихаа больё.

Үүнийхээ оронд үрээ хаяад эргээд өөрөө хөрсөндөө ургадаг цэцэг тарих нь илүү хэмнэлттэй. Мөн бут сөөг,  мод, улиас, зүлгээ түлхүү тарья. 

Хотыг цэцэгжүүлж байхад юугаа яриад байгаа юм бэ гэх байх гэхдээ хэлэхгүй бол хэл минь загтнаад байна. Зуны гурван сар гудамж талбайгаар алхахад өнгийн алаг цэцэгс сайхан харагддаг ч намар нь юу ч үлдэхгүй хөөрхий минь салхинд хийсдэг нь үнэн. Энэ ажилд 5.8 тэрбум төгрөгийг зарцуулдаг тэгвэл түүнийхээ талыг хий дэмий үрж буйтай агаар нэг. 

Энэ жил 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийх юм байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил, цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэх юм. Үүний дараа мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэх бөгөөд нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөжээ. 

Зургадугаар сарын 1-нээс ойролцоогоор 300-гаад мянган м.кв-д зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарих гэнэ. Эл 400 гаруй мянган цэцэгсийн оронд л "олон настай мод, зүлэг суулгамаар байна".

Өнгөрсөн жил нийслэл хот маань өнгө, өнгийн цэцэгсээр гангараад гоё л байлаа. Гэхдээ хэдэн саяар суулгасан цэцгэн мандал байгалийн жамаараа хатах нь хатаад, хагдрах нь хагдарч нөгөө хэдэн зуун сая төгрөг салхинд хийсч одсон. Нэг үгээр хэлэхэд, үргүй зардлын тоо хэдэн зуун саяар нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр өнөө жил үүнийг л больж, хэмнэлт хийх хэрэгтэй. Улс орны эдийн засаг хямраад байхад Хотын дарга хотойхгүй юм.  Өнгийн алаг цэцэгсээс илүүтэйгээр өвөлдөө агаарын бохирдлыг шүүх "мод" хэрэгтэй байна. Энэ нь олон настай олон зун, өвлийн нүүрийг үзэж бидний амьсгалах агаарт ач тустай. Хэдхэн сар гангарах биш, ирээдүйгээ бодсон "ногоон байгууламж" чухал байна, Хотын дарга Э.Бат-Үүл ах аа.

-Хугацаа нь дууссан бэлэн гоймонг Солонгос хоолны газруудад өгдөг байжээ-

Солонгос улсын иргэн И К С гэгч нь манай улсын хилээр их хэмжээний сөжү архийг нууцаар оруулж ирэн манай улсад  худалдаалж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Энэ хэргийг өнөөдөр БЗД-ийн цагдаагийг II хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.  Мөрдөн  байцаалтын явцад  Солонгос улсын иргэн  И К С гэгч нь хэргээ хүлээсэн байна. Солонгос улсын иргэн  И К С гэгч нь их хэмжээний сөжүг манай улсад каргогоор оруулж ирсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Тиймээс  энэ хэрэгтэй холбоотойгоор  Гаалийн ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн байцаагч Ч.Тамираагаас тодруулахад: “Энэ хэргээр манайх судлаад, шалгалт хийсэн. Бид иргэдийн илгээмжийг /карго/ рентгенээр  шалгадаг. Шалгалтаар сөжү илэрээгүй. Тэгэхээр Солонгос улсын иргэн  энд хуурамчаар архи үйлдвэрлэсэн байх магадлалтай. Архи хуурамчаар  үйлдвэрлэх нь  эрүүгийн хуулийн дагуу шийтгэл хүлээх  учраас түүнээс айгаад каргогоор оруулж ирсэн гэж мэдүүлсэн гэж бид үзэж байна. Учир нь каргог нэг бүрчлэн  шалгаж рентгенээр  харж шалгадаг. Шалгалтаар олон зуу битгий хэл ганц шил байсан ч илэрдэг. Одоогоор энэ хэрэгтэй холбоотойгоор манай байцаагчийг шалгаагүй.”  Гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Солонгос улсын иргэн И К С гэгч нь  татвараас зугтсан хэргээс гадна  хугацаа нь дууссан бэлэн гоймонг Солонгос хоолны газруудад хямд үнээр өгсөн гэдгээ ч хүлээжээ.  Энэ мэдээллийн дагуу түүний ажилуулдаг гэх  хүнсний дэлгүүр очиход хугацаа нь дуусах дөхөж байгаа бэлэн гоймонгуудыг худалдаалж байлаа.    

Хугацаа нь дууссан бэлэн гоймонг  Солонгос хоолны газруудад тараасан эсэхийг өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд  энэ талаар тодруулга авах  гэсэн боловч, Нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргийн мэргэжлийн хяналт,  Хилийн мэргэжлийн хяналт  шалгана хэмээн  тайлбарлаж  тайлбар өгсөнгүй.  

Солонгос улсын иргэн  И К С гэгчийн  агуулахаас  5800 шил сөжүг хураагаад байгаад бөгөөд тэрбээр оруулж ирсэн сөжүгээ өөрийн дэлгүүртээ нууцаар худалдаалдаг байжээ. Тодруубал, архи бол онцгой албан татвартай бараа. Үүний улмаас гадаад архи манай улсад харьцангуй өндөр үнээр худалдаалагддаг. Манай улсад Солонгос архи буюу сөжү нэг шил 15 000 – 20 000 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг. Харин  Солонгос улсын иргэн  И К С-ы дэлгүүр 5000 төгрөгөөр нууцаар худалдаалагддаг байна.

-Инээдмийн баяраар хошин урлагийнхан, нийтийн дуучид нэгдэж тоглоно-

Дөрөвдүгээр сарын 1-нд буюу “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1-нд 19:00 цагаас ганцхан удаа болох нь ээ.  

   Тоглолтонд хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн урлагийн шилдгүүдийн манлайлал МУГЖ Н.Төмөрхуяг, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Б.Туяа, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Ч.Батэрдэнэ, МУСТА Д.Баасанжав, МУСТА Т.Баттогтох,  МУСТА Н.Баасандорж, МУСТА Г.Чинболор, МУСТА Д.Батсайхан, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Э.Оюумаа, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Балдан, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА А.Түмэн-Өлзий, Хөсөгтөн хамтлаг, Параоди хамтлаг, Чапи & Суурь, ТВ Коктейль хамтлаг, ҮДЭЧ-ын бүжигчид, “Их монгол” хамтлаг, Шанз 3 хамтлаг, Язгуур хамтлаг, Угсаатан бүжгийн хамтлаг, Андра загварын агентлагийн моделиуд зэрэг 100 орчим уран бүтээлчид нэгдэх нь ээ.

   Ийнхүү урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн Урлаг.мн сайтын 5-н жилийн ойн хүндэтгэлийн “Инээдмийн баяр”-т зориулсан тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 99004147, 89004147, 88004147, 77114747 дугааруудад холбогдож лавлах боломжтой.

-Ургах наран хорооллын бохир хальж хөлдөн иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулсаар байна-

Нийслэлийн зүүн зүгт орших, Налайх явах зам,  УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн засаг дарга асан  Ц.Батбаяр, НИТХ-ын төлөөлөгч  Г.Ганбаяр нар хамтран бариулсан   гэх  “Ургах наран” гэдэг  хороолол байх. Энэ хороололыг  баригдснаасаа хойш барцад нь арилаагүй гэж хэлж болмоор.  

Нэг хэсэгтээ Ургах наран хороолол нь өвлийн цагт халдаггүй, хүн амьдрах аргагүй  хүйтэн хөлдүү байна хэмээн олон арван оршин суугчдын гомдол тасардаггүй байсан бол  2013 оны өвлөөс эхлэн   орон сууцны бохирыг шийдвэрлэлт нь бөөн асуудал дагуулах болжээ. Анхнаасаа “Урган наран”  хорооллыг   ямар ч дэд бүтцийн  төлөвлөлтгүй барьсан нь ийм асуудлыг үүсгэсэн гэдэг.  http://www.hunnu.mn/content/45617.htm 

Өдгөө Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах тус  хорооллын есөн байранд 432 айл өрх буюу  1800 орчим  хүн амьдарч байгаа бөгөөд тэдний хэрэглэсэн өтгөн шингэн холилдсон  бохир ус байрнуудаас 100 метр орших бохир ус зайлуулах хоргоос хальснаас болж ойр орчимдоо  мөсөн гол шиг тарж урсан хөлдөж томоохон хэмжээний  мөстсөн орчныг үүсгээд байна. Энэ асуудал анх удаагаа биш юм билээ. 2013 оны 3 сараас үүсэх болсон энэ нөхцөл байдал өвөл, зунгүй  өтгөн шингэн хальж урсах болж, тухайн үед нь нийслэлийн төсвөөс хөрөнгө мөнгө гарган шуурхай арга хэмжээ авах төдийхнөөр асуудлыг аргацаадаг ажээ.  http://www.gonews.mn/post.php?id=7971

Удахгүй урин дулаан цаг ирж өтгөн шингэн холилдсон  энэхүү мөс гэсч хайлж урсан хавь ойрын орчныг өмхий үнэрээр утаж, хөрсийг бохирдуулах болно. Мөн хайлж урсах  бохир уснаас  мал амьтан  ундаалан нийслэлчүүдэд халдварт өвчин тархах нөхцлийг бүрдүүлэхэд ойрхон байна.

Нэг сая хүн хол давсан метрополис хотын захад  нийтийн эрүүл мэндэд шууд  аюул занал учруулахуйц  ийм бодит нөхцөл байдал үүсээд байхад  тухайн  дүүргийн удирдлагууд болон мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар юу хийж, хаана явна вэ?

Баянзүрх дүүргийн Засаг дарга П.Пүрэвдаваа та үүнийг мэдсэн атлаа мэдээгүй  юм шиг царайлах нь юуны учир вэ?  Ингэж хэлэхийн учир нь тус хорооныиргэд удаа  дараа таньд  хандсан гэх юм билээ. Эсвэл Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэд Монгол улсын Үндсэн хуульд заасан “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхгүй, тусдаа  хүмүүс юм уу” П.Пүрэвдаваа даргаа.

Үргэлжлэлийг болон баримтыг эндээс 

-Н.Төгсцогт мэргэжлийн боксын анхны тулаанд өрсөлдөгчөө нокаутаар яллаа-

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн иргэн 30 настай Габриэл Брэкстон байлаа.

МУГТ Н.Төгсцогт эхний раундад хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүлсэн. Тэрбээр АНУ-ын боксчин Габриел Брэкстоныг эхний раундын 50 дахь секундэд хүнд цохилтонд оруулж ялалт байгууллаа. Тоглолтын үйл явцаас товч сонирхуулвал, эхний хормуудад Н.Төгсцогт өрсөлдөгчөө зүүн гарын хүчтэй цохилтод оруулж тэнцэврийг нь алдуулсан бөгөөд үргэлжлүүлж рингэнд шахан, угсраа цохилтуудыг Брэкстоны толгой, биений хэсэгт нь хийж байв.  Улмаар тоглолтын 50 дахь секундэд Н.Төгсцогтын баруун гарын цохилт Брэкстоны нүүрэнд бууж, үргэлжлүүлэн хоёр ч удаа гэдсэнд нь угсраа цохилт хийснээр өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж тэмцээнийг өндөрлүүлэв.

-Ч.Сайханбилэгээр ахлуулсан Засгийн газар “зөв шийдэл” гаргажээ-

Шийдлийн Засгийн газар ажлаа хүлээж аваад хүлээж аваад багагүй хугацааг ардаа үдсэн байна. Манай улсын эдийн засаг хямралд өртөж, төсөв болон гадаад хөрөнгө оруулалт нь хасах заалтыг хэдийнээ заасан. Ч.Сайханбилэгээр ахлуулсан Шийдлийн засаг хэмнэлт хийх уриалах болсон билээ.

Энэхүү уриалгынхаа хүрээнд  яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоосон. Энэ ажил нь зөвхөн дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглахаар боллоо.

Иймд төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машинтай бөгөөд өнгөрсөн онд л гэхэд гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум төгрөг, жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргадаг байжээ. Өнөөгийн энэ цаг үед дээрх шийдвэр гарсан нь ухаалаг алхам болов.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсантай холбоотой гэв.

Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын үед байсан түвшнээс бага болсон байна. 2014 оны эцэст эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн идэвхжил суларсаар байсан тул Монгол Улсын 2015 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Эдийн засгийн гадаад болон дотоод хүчин зүйл, дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт болон экспортын бууралтаас үүдэн 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитоор дахин төлөвлөх, орлоготойгоо уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлыг дахин тооцох, Засгийн газрын бүтцэд гарсан өөрчлөлтийг төсөвт тусгах зорилгоор Засгийн газраас Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан гэлээ. Төлбөрийн тэнцлийн хямралыг санхүүгийн болон эдийн засгийн хямралд хүргэхгүйн тулд 2015 онд макро эдийн засгийн бодлогын өөрчлөлтийг нэгдсэн байдлаар харилцан уялдаатай хийж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлага үүсчээ. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад зээлийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийг алдагдалгүй болгоно хэмээн онцоллоо.

Түүнчлэн хувийн хэвшилд ирэх ачааллыг бууруулж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх зэрэг үндсэн чиглэл, цогц агуулга бүхий Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулна хэмээв.

Өрийн удирдлагын тухай хуулиар улсын өрийн тодорхойлолтыг Засгийн газрын шууд хянах боломжтой бүтцийн хүрээнд Засгийн газрын өр болгон өөрчилж, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өрийг Засгийн газрын өрд оруулахгүй байхаар тусгасан. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн зээлүүдээс үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэн авах ажлыг эхлүүлжээ. Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл энэ оны ирэх зургадугаар сарын эцэст 535.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болохоор байгаа аж.  Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа гэнэ. Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангаас 22.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна. Үүний үр дүнд 2634 ажлын байрыг хадгалж, 1142 ажлын байр шинээр бий болгосон байна. 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх