Санхүүжилт нь зогсч, “Самсунг”-ынхан бухсан шинэ төмөр замын гацаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 22

Цаг, мөнгө үрсэн царигийн маргаан

 

Манай улсын нүүрсний экспортод чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуун сухайтын шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил тодорхойгүй хугацаагаар зогсоод байна. Улс төр, эдийн засгийн олон шалтгаан үүнд нөлөөлжээ.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 64 дүгээр тогтоолыг УИХ өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд баталсан. Энэ тогтоолын дагуу Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг нарийн царигтай барихаар болсон билээ.

 

Өргөн, нарийн царигийн маргаан УИХ-д ид өрнөж байсан 2014 оны есдүгээр сард Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн 218 километр замын газар шорооны ажил дуусах ёстой байв. Гэтэл уг ажлыг захиалагч тал болох “Монголын төмөр зам” ТӨХК-иас гаргасан мэдээллээр энэхүү төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд 1.2 сая шоо метр газар шорооны ажил хийгдэхээр төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 86.46 хувьтай байна. Газар шорооны ажил бол төмөр зам барьж байгуулах ажлын нэг л хэсэг нь. Үүний дараа замын доод, дээд бүтцийн угсралтын ажил, дохиолол холбоо, эрчим хүч хангамж, барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт зэрэг дэс дараатай олон ажлууд хүлээгдэж байгаа юм. Газар шорооны ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаагүй учир дээр дурдсан бусад ажлууд бүгд цаасан дээр, зураг төслийн түвшинд л байгаа ажээ.

 

 

Коксжсон нүүрсийг өмнөд хөрш рүү экспортлох зорилготой энэхүү төмөр зам 2016 онд ашиглалтад орсноор 2018 он гэхэд манай улс нүүрсний экспортын хэмжээг 30 сая тоннд хүргэхээр төлөвлөж байсан билээ. Харамсалтай нь шинэ төмөр зам ашиглалтад орох хугацаа 2017 он болж хойшлох нь тодорхой болов.

 

Царигийн маргаан шинэ төмөр замын төслийг ийнхүү цаг хугацааны хувьд алдагдалд оруулаад зогсохгүй асар их хөрөнгийн алдагдалд оруулжээ. Тодруулбал, 2014 онд Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замыг барихад зориулж төмөр бетон дэрний үйлдвэрийг өргөн царигаар тооцож барьсан байна. Ингээд төмөр бетон дэрний хэвний зургийг гарган БНСУ-д бэлтгүүлэн авчирчээ. Гэтэл уг төмөр замыг нарийн царигтай тавихаар болсноор гурван сая долларын нэмэлт зардал шаардагдах тооцоо гарсан байна. Энэ бол улстөрчдийн гуйвамтгай байдал, тооцоо үндэслэлгүй шийдвэр эдийн засгийн ямар их хохирол дагуулдгийн нэг жишээ.

 

Уснаас хуурай гарах “Самсунг” төлөвлөгөө

 

Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг барьж байгуулах нийт өртөг 440 сая доллар. Төмөр замын урт 218 километр, дэлгэмэл урт нь 278 километр бөгөөд хоёр өртөө, таван зөрлөгтэй байх юм. Энэ шинэ төмөр замын ажлын захиалагч нь “Монголын төмөр зам” ТӨХК, ерөнхий гүйцэтгэгч нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти” олон улсын корпораци. “Самсунг” корпорацын удирдлага, зааварчилгаан дор иргэний инженерчлэлийн ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний 13 компани шалгаран газар шорооны ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм.

 

 

Тавантолгой-Гашуун сухайтын шинэ төмөр замыг “Самсунг” корпораци барьж байгуулж байгаа мэт ярьж, бичиж байгаа нь өрөөсгөл гэдгийг энд онцлох ёстой. Төмөр замын барилгачдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал С.Билгүүн Төмөр замын инженерүүдийн нэгдсэн чуулган дээр дээрх санааг тодорхой илэрхийлж байсан юм. Ингэж хэлэх ч үндэслэлтэй. Яг одоо өрнөж байгаа төмөр замын газар шорооны ажлыг л гэхэд 100 хувь үндэсний туслан гүйцэтгэгч компаниуд гардан хийж байгаа юм билээ.

Харин тэдний хувьд захиалагч, ерөнхий гүйцэтгэгчдийн хоорондын үл ойлголцол, улс төрийн тогтворгүй байдал зэргээс болж байнга хохирч, эрсдэл, хүндрэлийг нуруундаа үүрсээр иржээ. Туслан гүйцэтгэгч 13 үндэсний компаниас гадна давхар гэрээлэгч 25 компани Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам дээр ажиллаж буй. Түүнчлэн геодезийн хэмжилт, хөрсний шинжилгээ хариуцсан хоёр, бусад  туслан гүйцэтгэгч 10, байнгын ханган нийлүүлэгч 120 компани энэ төслөөс санхүүжиж байгаа ажээ. Энэхүү 170 компанийн 2700 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагч Өмнөговьд ажиллаж байна.   

 

Төмөр замын ажил зогсоно гэдэг дээрх 2700 гаруй хүний цалин хангамжийн асуудал хүндэрч, амьжиргааны баталгаа нь алдагдаж байгаа хэрэг. Төмөр замын царигийн асуудлаар өнгөрсөн жил парламентын түвшинд шийдвэр гаралгүй удаж гацаа үүсэхэд төмөр замын ажил хоёр сар хэртэй зогсонги байдалд оржээ. “Самсунг” корпорац үүнийг далимдуулан ажил гүйцэтгэсэн компаниудын санхүүжилт, төлбөр тооцоог хийлгүй хойшлуулах, удаах зэргээр хүндрэл учруулжээ. Энэ хугацаанд туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажлаа зогсоолгүй үргэлжлүүлсээр байсан гэнэ. Өөрөөр хэлбэл ерөнхий гүйцэтгэгч “Самсунг” корпорац санхүүжилт хийгээгүй хугацаанд ажилчдынхаа цалин, техник, тоног төхөөрөмжийн шатахуун түлшийг хангах зэрэг бүх үйл ажиллагааны зардлыг туслан гүйцэтгэгчид өөрсдөө гаргасан нь тэдэнд санхүүгийн хувьд багагүй хүндрэл үүсгэжээ.

 

Гэтэл өнөөдөр төсөл зогссоноор туслан гүйцэтгэгч компаниуд ажилчиддаа сул зогсолтын мөнгө өгч давхар эрсдэл үүрч байна. Нэг компанид сард дунджаар 180 сая төгрөгийн сул зогсолтын зардал үүсч байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч 13 компанийн хувьд сар бүр нийт хоёр тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байгаа гэсэн үг.

 

Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын ажлыг гүйцэтгэх үндсэн гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК “Самсунг” корпорацитай байгуулсан. Харин “Самсунг” корпорац туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллуулж байгаа. Тэгэхээр ерөнхий гүйцэтгэгч компани туслан гүйцэтгэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, захиалагч талд тодорхой асуудлуудыг тавьж шийдвэрлүүлэх зэргээр хоёр талыг холбох гүүр болж ажиллах учиртай.

 

Гэтэл “Самсунг”-ынхан аливаа эрсдэлийг “Монголын төмөр зам” ТӨХК болон туслан гүйцэтгэгчид гэсэн хоёр талд хувааж үүрүүлээд өөрсдөө уснаас хуурай гарах тактик барих болжээ. Үүнд нь манай улс төрийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилт удааширдаг зэрэг нь сайхан шалтаг болж өгдөг байна. Тухайлбал, 2014 оны арваннэгдүгээр сард гүйцэтгэсэн ажлынхаа мөнгийг одоо болтол аваагүй компаниуд байгаа бөгөөд 100 хувь ажлаа гүйцэтгэчихсэн атлаа хүлээлгэж өгч чадаагүй, мөнгөө аваагүй компани ч байгаа ажээ. Уг нь энэ том бүтээн байгуулалтын ажлын менежментийг хийж, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаагийн хувьд “Самсунг” корпорац санхүүгийн асуудлаа бие даан шийдээд явах чадавхитай байх ёстой.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх