Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 22
・ 10
“Босоо хөх Монгол” хөдөлгөөний залуус Ноён уулыг аврах хөдөлгөөн өрнүүлэхийн зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө ард түмний гарын үсгийг цуглуулж байгаа билээ. Тэдний энэ үйл хэргийг дэмжих нэгэн байхад үйл ажиллагааг нь харлуулсан хүн ч байна.
Тодруулбал тус хөдөлгөөнийг дэмжигч 12 залуу энэ сарын эхээр Сансар орчим байрлах “Их ноёд” уушийн газарт архидан согтуурч улмаар тухайн уушийн газарт байсан 20 гаруй насны дөрвөн залууг подвальд оруулан түгжиж байгаад дөрвөн цагийн турш зодсон байна. Өдгөө уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгагдаж байгаа юм. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 99.1 Бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.
Сэжигтнүүд хэдийгээр өөрсдийгөө “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийг дэмжигчид гэж байгаа ч уг хэргийг өдөөсөн н.Ч гэгч нь тус хөдөлгөөний гишүүн гэдгийг хэлэх хүн байгаа. Үүнийг батлах мэт “Босоо хөх Монгол” хөдөлгөөний гишүүд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээр “эргэлдэн” хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай уулзаж байгааг хэлэх хүн ч байна.
Уг хэргийн хохирогч болоод байгаа дөрвөн залуу нь 20 гаруй насны залуус бөгөөд тэдний нэг нь “Улаанбаатар секюрити”-ийн захирлын хүү н.А гэгч байгаа ажээ. Түүний хувьд хэнгэрэг нь цоорч, чих нь дүлийрсэн гэнэ. Хохирогчдын хувьд гэмтлийн зэргээ тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаад байгаа бөгөөд гэмтлийн зэргийг тогтоох дүгнэлт хараахан гараагүй байгаа юм.
Э.Мөнгөн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.