Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 24
・ 1
Монголын улстөрчид, тэдний араас УИХ-ын улаан модон сандлыг зайдагнахыг хүсэгчид ёстой жинхэнэ холион бантангаа хутгацгааж байна. Монгол Улс эдийн засгийн гүнзгий хямралд нэрвэгдчихээд байгаа нь ард иргэдийн амьдралд маш тодорхой мэдрэгдэж эхэлсэн. Өнөөдөр 1993 төгрөгт хүрчихээд байгаа ганц ам.доллар тун удалгүй 2000 төгрөг болно. Түүнийг дагаад өнөөдөр автобусанд төлж байгаа 500 төгрөг 600-700 төгрөг болно. Талхны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэнэ. Ширхэг өндөг 400 төгрөгт хүрэх боловч авдаг цалин нэмэгдэх тухай бодохын ч хэрэггүй. Яагаад гэвэл Засгийн газар цалин нэмэх байтугай өдөр хоногийг арайхийн аргацаан өнгөрүүлж байгаа. Ёстой л нөгөө “Амь амиа бодоорой” гэчихээд ар хударгаар бас бус тохиролцоогоо хийцгээж яваагаас зайлахгүй. Улс орон, ард иргэдийн амьдрал яг ингээд бүгдээрээ хямарч, маргааш юу болох нь тодорхойгүй болсон эгзэгтэй үед нийгмийн шаардлага гэгч санаатай, санамсаргүй хүчин зүйл дээр дөрөөлөн баахан “бөөн дур”-ын улстөрчид тодрон гарч ирдэг. 1990 онд ийм л байсан, түүнээс хойшхи 25 жилд ямар жигтэйхэн улстөрчид тодрон гарч байсныг хүмүүс мартаагүй байгаа. Өнгөрсөн хугацаанд “Ганц хүний нам” байгуулж Д.Сүхбаатарын талбай дээр гарын үсэг цуглуулан дэрчийтлээ суудаг улстөрч ч тодорсон. За тэгээд согтуу галзуу, сумчин, казиночин, эх орноосоо урвагч, дүрвэгч, гадаадын тусгай албатын гар хөл бологчид, газар нутгаа харийнханд барьцаанд тавигчид гээд ёстой л долоон шидийн “улстөрч”-д төрөн гарсан.
Үнэндээ өнгөрсөн 25 жилд Монголын парламент юу хийж, эх орон ард түмнийхээ өмнө ямар гавьяа байгуулсан нь огтхон ч тодорхойгүй байхад жил гуравхан сарын дараа дахиад л 76 хүнийг санаа амар, гэдэс цатгалан товхийсон амьдралд хүргэх ээлжит УИХ-ын сонгууль хэмээх “шоу” болно.
Үнэндээ дөрөвхөн жилийн өмнө хэн ч биш, юу ч биш байсан сайн дурын гудамжны тэмцэгч “Сохор аз” нь түшиж, янз бүрийн юманд хавчуулагдсаар УИХ-ын танхимд орж ирээд гуравхан жилийн дотор үлдэх амьдралдаа огтхон ч санаа зовохгүйгээр товхийтэл амьдраад байхаар амьдралынхаа бүх асуудлыг цэгцлэж болдгийг монголчууд харлаа, үзлээ. Гурав, дөрвөн жил гудамжинд хашхирч, дарга нараа хамгаалан тэмцснийхээ шагналыг хангалттай эдэлж яваа өнөөдрийн зарим улстөрчид “За дахиж гарахгүйгээс хойш үлдсэн хугацаандаа үзээгүйгээ үзээд авъя” хэмээн байсхийгээд л хилийн дээс алхаад байгааг орой бүр шахуу цэнхэр дэлгэцээр харж байна.
Тэгтэл тэднийг залгамжлагчид толгойгоо өндийлгөн “Одоо бидний ээлж болсон” хэмээн орой бүр зурагтын дэлгэцээр улстөр хийж, зарим нэг нь эр хүний үнэтэй нулимсаа урсгаад байх болов. 2008 оны дуулиант хэрэг явдалд холбогдож “аавынд” хэд хоног суучихаад ямархуу зүс царайтай гарч ирж байснаа мартсан зарим нь “УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжоо алдахгүй” гэсхийн түсхийтэл мэдэгдээд яваа. Үнэхээр ч эдийн засаг шигээ гүнзгий хямралд орчихоод дороо тонгичсоор байгаа Монголын улстөрд болсон, болоогүй хөл тавьж, бялууны хэлтэрхийнээс чадлынхаа хэрээр үмхээд авахаар үхэлдэн тэмцэгчид ямар ч олон байдаг юм бэ дээ. Гэтэл Монголын улстөрд орж, ялангуяа УИХ-ын гишүүн болсноор тэд ямар ч асуудал шийдэх чадваргүйгээ огт ойлгохгүй муйхарлан зүтгэсээр байгаа нь үнэхээр өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй. Ямар ч асуудлыг зөв шийдэх чадавхигүй, амьдралд олигтойхон хэрэгжих ганц хууль батлах чадамжгүй УИХ-ын гишүүн болсноор тэд зөвхөн хар толгойнхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ашиг хонжоо хөөцөлдөж байгаа нь хаашаа ч бултах аргагүй үнэн билээ.
Өнөөдрийн УИХ-ын гишүүн гэгдэж яваа тэмцэгчдийг хар. Бүгд л өөрийн гэсэн ашиг сонирхолтой, бүгдээрээ шахам офшор данстай баячууд болчихсон гэдгийг тохой залган суугаа О.Баасанхүү нь барим тавим нотлосоор яваа. Сэлэнгэ аймгийн Ноён уулаар улстөр хийгээд яваа “тэмцэгч”-дийн ард ямар ашиг сонирхол нуугдаж байгааг ч Баабар бараг л хэлээд тавьчихсан.
Яг үнэндээ УИХ гэж 76 нөхрийг бүүвэйлдэг, тэдний амьдралын бүх л асуудлыг зохицуулдаг “Саалийн үнээ” хойшид энэ хэвээрээ байгаад байх хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байхад МАН-ын дарга М.Энхболдоос эхлээд “Хоёр танхимтай парламенттай болох хэрэгтэй” гэх хүн олширч байгаа. Өнгөрсөн 20 гаруй жил “хууль зохиож” суугаа зарим нь зохиож батлуулсан хуулиудынхаа учрыг ч олохоо больж толгой нь эргэж гүйцээд байхад дахин нэг танхим гарган ирж 100 гаруй нөхрийн толгойг илж, эрхлүүлнэ гэвэл Монгол Улс улам л хурдан дампуурах нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн батлан гаргасан 400-гаад хуулийн хэд нь өнөөдөр жинхэнэ утгаараа хэрэгжиж байгааг тэд өөрсдөө ч мэдэхгүй. Байдал ийм л тодорхойгүй байхад УИХ-ын гишүүн болж “хууль зохиох” бөөн дур хүсэлтэй эрхмүүд язганалдаж эхлээд байгаа нь яагаад ч олигтой үр дүн авч ирэхгүй. “Хүн хэлэхээс, цаас чихэхээс наашгүй” гэгчээр гүнзгий хямралд орчихоод байгаа Монголын улстөрд дурын дуучин, гудамжны тэмцэгч, намдаа гомдогчид, урван тэрслэгчид, хөөргөн залуус шуугилдаж орсноор асуудал шийдэгдэж, ард олны амьдрал өргөс авсан юм шиг сайжирчихна гэвэл ёстой “гонжийн жоо”. Сүүлийн үед хэн дуртай нь “2016 онд үзээд алдана даа” гэж хөөрөн ярьдаг болж. Гэтэл сүүлийн 20 жил хууль тогтоомор болж суугаа эрхэм хуульчид нь өнөөдрийн эдийн засгийн хямралд улс орныг түлхэж оруулцгаачихаад яахаа мэдэхгүй гиеүрцгээж суугаа. Яг үнэндээ өнөөдөр Монголд мэргэшсэн улстөрч гарын 10 хуруунд багтах төдийхөн л байгаа. Гэтэл ядаж л Монголдоо хувийн дээд сургууль төгссөн эсэх нь мэдэгдэхгүй, гадны ганц хэл гадарлах чадваргүй нөхөд УИХ-ын гишүүн болно гэцгээн цээжээ дэлдэж эхэллээ.
Гэтэл ямар ч зохион байгуулалтгүй гудамжны маягийн бөөн дурын улстөр сонирхогчид Монголын улстөр рүү тэмүүлцгээж байхад 90 жилийн түүхтэй нам нь байтугай 20 жилийн түүхтэй нь ч эмх цэгцэндээ орж чадахгүй бужигналдсаар байна. Тухайлбал АН-ын дүүрэг, аймаг зэрэг орон нутгийн удирдлагуудыг солих их ажил өрнөж буй бөгөөд үүний дараа тус намын их хурал болж, одоогийн удирдлагаа жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм билээ. Тэгвэл ирэх намар МАН-ын их хурал болж, М.Энхболд ба түүний багийг намын удирдлагаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэх тухай асуудлыг шийдэх талаар яригдаж эхлээд байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдох магадлал өндөр байгаа дуулдсан. Ядаж байхад МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох тухай пижигнэлдэж эхлээд байгаа. МАХН-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар АН-д элсэхээр төлөвлөж байгаа бөгөөд МАХН-ынхан Ц.Шаравдорж, Ц.Цолмон зэрэг үеэ өнгөрөөж яваа өвгөчүүдийн нэгээр намаа удирдуулж, 2016 оны сонгуульд дангаараа оролцохоор болсон талаар шуугиж эхлээд байна. Эвслийн нөгөө хамтрагч МҮАН-ын хувьд “Шударга ёс” эвслээ хэвээр хадгалж, АН-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа юм билээ.
Байдал ийм нэг базаахгүй үед УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох шинэ эвсэл бүрэлдэж байгаа талаар яригдаж эхэлсэн. Энэ эвсэлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ба тэдний шинээр байгуулах нам, Б.Жаргалсайхан даргатай БНН, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, МУГЖ С.Жавхлан за тэгээд мэдээж иргэний хөдөлгөөнүүд багтах юм гэсэн. Тэд АН-ын ҮЗХ-ы гишүүн О.Магнай, УИХ-ын гишүүн, МҮАН-ын УЗ-ийн гишүүн Г.Уянга нарт ч нэгдэх урилга хүргүүлсэн дуулдсан. Монголчууд шинэ юмыг сонирхох, шилж сонгох төрөлхийн сониуч араншингаараа тэдний ихэнхийг 2016 онд дэмжих магадлалтай.
Тэгээд баахан гудамжны тэмцэгчид, урван тэрслэгчид, дуучин, бөх, бас бус нөхөд УИХ-д пижигнээд ороод ирнэ. Тэгээд бүхнийг “0”-ээс эхэлнэ. Гэтэл өнгөрсөн 25 жилээ эргээд хартал дандаа л “0”-ээс эхлээд яваад байсан байгаа юм. Үүнийг чухамдаа “дороо дэвхцэлт, хөөрүү улстөржилт” гэхгүй юм бол юуг тэгж нэрлэх хэрэг вэ. “Бөөн дурын улстөрч”-дийг дөрвөн жил болоод л толгой дээрээ залаад байвал Монгол Улс хөгжиж, цэцэглэнэ гэдэг “гонжийн жоо” шүү.
Эх сурвалж:
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.