Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 26
・ 10
Парламентын гишүүдийн амлалт, амжилт, алдаа, тэнэглэл, ирээдүйг цэгнэдэг 76:? булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуульд Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшч, УИХ-д сонгогдсон билээ.
АМЛАЛТ
Х.Баттулга гишүүн 2012 оны сонгуулиар Ардчилсан намаас Баянхонгор аймагт өрсөлдөж, олон иргэдийн итгэлийг дахин хүлээж, УИХ-д суусан. Мэдээж ардчилсан нам олонхи болж, Засгийн эрхийг давамгайлан барьж байсан учраас намын мөрийн хөтөлбөр түүнд ч бас хамаатай. Яагаав өнөөх “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэдэг алдарт уриа.
Дээрээс нь ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг монгол хүнийг бий болгоно гэсэн амлалтыг яриад байна л даа. Дотор нь задлаад, мөрийн хөтөлбөрийн заалт бүрийг бичвэл барагдахгүй их. Мэдээж намын мөрийн хөтөлбөр улсын хэмжээнд хэрэг зэрэг биелж байгаа вэ гээд ярьвал асуудалтай. Харин Баянхонгорын хэмжээнд энэ мөрийн хөтөлбөр яаж биелж байгаа вэ гэдгийг тодорхойлбол арай өөр байх. “Шинэ сум” бүтээн байгуулалтын хүрээнд босч байгаа сургууль, эмнэлэг, түүнийг дагасан ажлын байр гээд ярьвал эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай орлоготой хүмүүсийг бий болгох шанг тэнд татсан гээд хэлчихэд буруудахгүй байх.
Мэдээж тойрогт өрсөлдөж байгаа гишүүд өөр өөрсдийн хүрээнд, сум орон нутагт таарах амлалтыг өгсөн. Гэхдээ Х.Баттулга гишүүнийг “Тэдэн хүүхэд гадаадад сургана, тийм мөнгө төгрөг өгнө” гэж амлаж байсныг нь мэдэхгүй юм байна. Ерөнхийдөө л аймаг, орон нутгийг хөгжүүлж, дэд бүтэцтэй, зам харилцаатай, гэрэл цахилгаантай болгох талын амлалтуудыг өгсөн. Түүнийгээ ч хэрэгжүүлж яваа, цаашид ч хэрэгжүүлэх нэгэн. Сүүлийн 7-8 жил хийх ажлаа хийж л яваа хүн шүү дээ. Баянхонгорыг баруун бүсийн хөгжлийн тулгуур болгож, автозамтай холбоё, хүн амыг нь ажилтай болгоё гэж хэлсэн, түүнийхээ төлөө зүтгэсэн. Хийж ч чадсан. Баянхонгор аймагт Баруун бүсийн худалдааны төв байгуулж, хэдэн зуун хүнийг ажилтай орлоготой болгосон.
Энэ бол 2012 оны сонгуулиас өмнө хийж л байсан ажил. Өнөөдөр Баянхонгор аймаг руу явахад дан засмалаар давхиад хүрчихдэг болж. Х.Баттулга гишүүн өөрийнхөө мөнгөөр барьчихсан юм биш л дээ. Гэхдээ бодлого гаргах төвшинд ажиллаж байгаа учраас шийдэх асуудалд нь оролцоод, шийдэлцээд явж байгаа хүн. Өнгөрсөн оны аравдугаар сард гэхэд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан гэсэн гурван сум нэгэн зэрэг 24 цагийн төвийн эрчим хүчинд холбогдсон. Дэлхий нийтээр мэдээллийн, интернэтийн хэмээн тодорхойлогдож байгаа 21 дүгээр зуунд сумын төв дээр лаа барьж байсан цөөн хэдэн газрын нэг хэсэг нь дээрх гурван сум байсан.
Тэр битгий хэл Баянцагаан сум гэхэд хэдхэн жилийн өмнө Монгол Улсын төвийн цахилгаан эрчим хүчинд холбох боломжгүй хэмээн улаанаар тэмдэглэгдсэн байж. Гэтэл өнөөдөр Баянхонгороос сонгогдсон гишүүдийн хичээл зүтгэлээр энэ сум 24 цагийн цахилгаантай болчихоод байж байна. Байнгын цахилгаантай болсноор суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, иргэд ажилтай орлоготой болох боломж бүрдсэн. Ер нь Х.Баттулга гишүүний хамгийн том амлалт “Шинэ сум” төсөл. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянцагаан суманд шинэ сургууль, эмнэлэг гээд суурин газар хэрэгцээтэй бүхнийг барьж, байгуулсан. Энэ ажлыг Х.Баттулга гишүүн худлаа хэлсэн хүнд өөрийнхөө мөнгөөр хийсэн байх.
Энэ мэтээр биелсэн амлалтуудыг нь тоочоод байвал барагдахгүй их. Ерөнхийдөө УИХ-д сууж байгаа 76-аас амлалтаа хамгийн сайн биелүүлсэн хүн нь тэр. Цаашлаад энэ мэт бүтээн байгуулалтууд үргэлжилж, шинэ сумын бүтээн байгуулалтууд үр шимээ өгч, хүн амын тоо нь ч гэсэн өсөх биз ээ.
АМЖИЛТ
Түүний хийж, бүтээж байгаа зүйл маш их гэдгийг дахин дурьдая. Улс төрийн элдэв зүйлээс нь түр зайлсхийгээд Монгол Улсын төлөө хийсэн гавьяаг нь өгүүлэхэд л ямархуу цар хүрээтэй, энтэй, зангарагтай хүн бэ гэдэг нь харагдана. 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас манай тамирчид анхны алтан медалийг авч байлаа. Бид 44 жил хүлээсний эцэст Олимпийн аваргаа өлгийдөж авсан. Тэр нь жүдо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр байлаа. 2012 оны Лондонгийн Олимпийн наадмаас ч гэсэн Н.Түвшинбаяр аварга мөнгөн медаль хүртсэн. Хэрвээ бэртчихээгүй бол хошой аварга болох ч боломж байсан.
Энэ бүхэн Х.Баттулга гишүүний гавьяа. Түүний Жүдогийн холбоог аваад, хэрэгжүүлсэн бодлогын үр дүн. Ерөөсөө жүдо бөхтэй холбоотой амжилтуудыг дурьдаад байвал дуусахгүй. Дээрээс нь түүний бүтээн байгуулж байгаа ажлуудыг дурьдах нь зүйтэй байх. “Чингис хаан” цогцолбор байна. Гадаад, дотоодоос хүн ирэхэд нүд хужирлахаар л бүтээн байгуулалт шүү дээ. Одоо “Майдар” төсөлд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн. Дээрээс нь “Морин хуур” цамхагийг 2017 онд ашиглалтад оруулах гэж байгаа талаар мэдээлэл гарч байгаа. Морин хуурын хэлбэртэй цамхаг нь 300 метр өндөр.
Хэлбэр дүрс, утга агуулга, түүх соёлын хувьд морин хуур хөгжим хосгүй, дахин давтагдашгүй оюуны бүтээл байдаг. Уг цогцолборын өндрийн хэмжээ Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин том, Эйфелийн цамхагтай эн зэрэгцэх гэдгээрээ онцлогтой. 90 мянга гаруй метр квадрат талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бөгөөд 30 давхар байхаар төлөвлөсөн юм билээ. Дэлхийн гайхамшигт багтааж болохоор бүтээн байгуулалт болно. Гадны жуулчдын сонирхлыг ч татаж чадна шүү дээ. Энэ мэтээр хийж бүтээж байгаа бүхэн нь түүний амжилт. Харин улс төртэй холбож ярьвал, тэрбээр сонгогдсон даруйдаа Засгийн газарт орж ажиллаж, тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг удирдсан. Тодорхой хэмжээнд амжилттай ажиллаж байсан.
Тариаланчидтайгаа сайн хамтарч ажиллаж, техник тоног төхөөрөмжөөр хангах, хөрөнгө санхүүгээр дэмжих тал дээр ойлголцолд хүрч явлаа. Одоогийн үүсээд байгаа шиг нөхцөл байдал лав гарч байгаагүй. Дээрээс нь хүнд болоод хөнгөн үйлдвэрийн салбарыг ч урагшаа алхахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж, зөв бодлого барьж ажиллаж байлаа. Өнөөдөр Монголд жижиг, дунд үйлдвэр ямархуу хурдацтай хөгжиж байгааг бид бүгдээрээ харж байна. Энэ бүхэнд Х.Баттулга сайдын бодлогын тусгал байж л байгаа. Ерөнхийд нь Засгийн газарт ажиллахдаа хийсэн ажлыг нь багцлаад дүгнэвэл иймэрхүү байна.
Түүнээс гадна Ерөнхийлөгч “Давхар дээл”-ээ тайлах хуулийн төсөл оруулж ирэхэд Х.Баттулга гишүүн хамгийн идэвхитэй дэмжсэн. Тэр ч битгий хэл өөрийнхөө санаачилгаар албан тушаалаа өгч, сайдаасаа огцорч, “давхар дээл”-ээ тайлж байсан. Энэ бол ямархуу зангарагтай, үзэл бодолдоо тууштай ханддаг улстөрч вэ гэдгийг баталж өгсөн хэрэг байсан юм. Ер нь Х.Баттулга гишүүн хийж, бүтээж байгаа ажи, үлгэрлэж байгаа үйлдэл бүхнээрээ л бусдад ямар хүн бэ гэдгээ харуулж, амжилттай ажиллаж байгаа улстөрч. Хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэж дүгнэхэд болохгүй зүйл огт байхгүй.
АЛДАА
ТЭНЭГЛЭЛ
Х.Баттулга гишүүн зарим нэг хүмүүс шиг гал тахиад, сонгууль дөхөхөөр олонд харагдах гэж телевиз хэсээд, эмнэлэг угаагаад явдаг хүн биш. Тиймээс хий гаргаад, сэдэв болоод байдаггүй нэгэн.
Харин 2012 оны сонгуулиас хойш түүний гаргаж байгаа алдаатай, эсвэл тэнэг ч гэж хэлэхээр шийдвэр нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албанаас огцорсон явдал байсан юм. Олон хүн түүнийг аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, хамгийн зөв бодлого гаргах чадвартай хүн гэж итгэж, найдаж байсан. Өөрөө ч бизнес эрхлэгчдийн зовлон, жаргалыг сайн мэддэг учраас тэдэнд таарсан бодлого гаргаж чадна гэдэгт бүх хүн итгэлтэй байлаа.
Дээрээс нь түүнийг яам удирдаж, салбарын сайд хийж байхад хөдөө аж ахуйн салбарынхан хөл дээрээ баттай зогсч эхэлж байсан. Харин одоо яаж байна, асуудал нь дуусахгүй л байна шүү дээ. Гэтэл өөрийнхөө үзэл бодол, байр сууринд үнэнч байх гэж зүтгэсээр сайдын суудлаасаа огцорсон. Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр замтай холбоотой асуудлууд, хөнгөн үйлдвэрийн салбарт хийж байсан олон ажил түүнийг ажлаа өгснөөс хойш явцгүй болсон.
Олон жил яригдсан Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажил одоо таг зогссон. Хэчнээн сайхан хөтөлбөр, ажил байлаа. Энэ мэтээс авахуулаад олон ажлыг тэр хийж чадах байсан. Хамгийн гол нь хүмүүс тэгж харж, итгэж байлаа. Гэтэл ердөө л намынхандаа гомдсон, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай үзэл бодол таараагүй гээд л сайдаа өгчихсөн. Нэг талаараа тэнэг ч гэж хэлж болохоор үйлдэл энэ байсан юм. Хэрвээ Х.Баттулга гишүүн сайдынхаа албыг хашиж байсан бол өдийд энэ салбар ямар ч байх байсан юм билээ. Өөдрөгөөрл харагдах байсан биз.
ИРЭЭДҮЙ
2016 оны УИХ-ын сонгууль ердөө жил гаруйн дараа болно. Х.Баттулга гишүүн мэдээж Баянхонгороосоо л нэр дэвшч таараа. Мөн дахиад сонгогдох нь ч тодорхой. Манай сонин “Тойрогт нь ажиллана аа” булангаараа дамжуулж, гишүүдийн тойрогт нь очиж, сонгогчдоос нь үг дайж байгаа. Тэгвэл Баянхонгор аймгийн сонгогчид түүний хийж бүтээж байгаа ажил, бүтээн байгуулалтад ам сайтай байна билээ. Үнэндээ Баянхонгор аймгаас түүнийг муу хэлэх хүн хайгаад ч олдохгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.