Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 03 сар 29
・ 1
Ирэх жилийн сонгууль хаяанд ирсэн бололтой. Уг нь улстөржих цаг арай л эрт байх шиг санагдах юм. Гэтэл хаа газрын засаг ноёд сандал ширээний төлөө тэмцэлдэж хэн нэгнийг суудлаас нь буулгахын төлөө тэмцэлдэх болсон. Тэгвэл эрх ямбатны төлөөх тэмцэл аймгийн засаг дарга нараас эхэлж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргаа огцруулах тухай албан бичгийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Уг саналыг хүлээж авахаар шийдвэрлэн захирамж гаргасан байна.
Мөн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч ийм асуудал үүсээд байгаа талаарх мэдээлэл Ерөнхий сайдад иржээ.
Улстөрийн чанартай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхааруулж, орон нутгийн удирдлагуудтай ээлжит бус хурал зарлан хуралдууллаа. Уг хуралд 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар оролцсон юм.
Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийлээ. Харин ажлын хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож ажиллана гэдгээ онцлов.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус аймгийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан Ерөнхий сайдад саналаа ирүүлэхийг үүрэг болгосон байна.
Ийнхүү сандалын төлөөх тэмцлийн маргаантай асуудлын саналыг Ерөнхий сайд авахгүй байхаа хатуу мэдэгдлээ. Өдгөө Засаг дарга нар харин уг шийдвэрийг хэрхэн биелүүлэх бол доо.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.