Энэ сарын 26-ны өдрийн 14.00 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд осол гарч хүн амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, тус компанийн “КАМАЗ” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хүрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаж хүн дарагдаж нас барсан юм.

Ослын газар цагдаагийнхан болон онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн Л.Батсайхан хэдийн амьсгал хураасан байсан аж. Талийгаач Л.Батсайхан нь энэ жил 46 настай, эрэгтэй. Түүнийг амиа алдах үед нь төрсөн ах Л.Болдбаатар хамт байжээ.
Ах дүүсийн хувьд хувиараа олон жил тээвэр эрхэлж байгаа бөгөөд тухайн үед “Жагоб” компанийн ачааг буулгах гээд зогсож байсан аж. Гэтэл нүд ирмэхийн зуурт л автокран дээрээс унаж дүү нь амь насаа алджээ.
Хэрэг гарахын өмнөхөн ах дүү хоёрыг ачаагаа ачаад “Жагоб” компанийн гадаа ирэхэд хөлсний бололтой нэг кран зогсож байсан гэдэг. Харваас даац багатай, жижиг кран байсан учир том кранаар сольж өгөхийг компанийн удирдлагууд болон краны жолооч залууд анхааруулж хэлж байсан гэнэ. Гэвч тэдний хэлснийг хүлээж авалгүй байсаар ийм харамсалтай осол гарчээ.
Хамгийн аймшигтай дүр төрх нь ах нь хажуухан талд буу халаад ажлаа маналзуулж байсан дүүгийнхээ кранд дарагдаж нэг гарыг нь тасалчихсан, цээжин хэсгийг нь хоёр хуваагаад хаячихсан байсныг харсан тул маш их цочролд ороод байгаа юм.
Юутай ч уг хэрэгт краны жолооч залуу хариуцлага хүлээж магадгүй байна. Гэвч иргэд өнөөх л ажил хийж байсан хөлсний ажилчид ялавч, дээрх дарга нар хариуцлага хүлээхгүй нь хэмээн хардаж эхэллээ.
Тэднийг хөлсөлж ажлуулсан "Жагоб” компанийнхны зүгээс ямар хариуцлага хүлээх нь одоогоор тодорхойгүй байна.
Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа.
Д.Ундрах
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.