“Эрдэм транс” компанид мөнгө хураагч болон жолоочоор ажиллаж байсан хүмүүсийн төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр мөнгө хураагчаар ажиллаж байсан Н.Одончимэгтэй ярилцлаа.
-“Эрдэм транс” компанид ажилд орсноос хойш та бүхэн бүхий л талаар хохирчихоод байгаа гэж ойлгож болохоор байна. Чухамдаа юу болоод байгаа талаар яриач?
-“Эрдэм транс” компани 400-500 ажилтантай. Энэ бүх ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа болохоор бид арга буюу хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд хандаж байгаа юм. Нэгдүгээрт, бүх ажилчид нийгмийн даатгалаа авч байгаа цалингийнхаа хэмжээгээр төлөх ёстой. Жолооч нарын үндсэн цалин 400, мөнгө хураагч нарынх 300 мянган төгрөг. Энэ хэмжээгээрээ нийгмийн даатгал төлдөг.
Гэтэл ийм хэмжээний цалинтай бидэнд зээл өгдөг газар гэж алга. 450 мянгаас дээш цалинтай байвал зээл олгоно гэж байна. Хоёрдугаарт, жолооч, мөнгө хураагч нар дээр маш олон акт тавигддаг. Техникийн комиссын, ашиглалтын саатлын акт гээд явж өгнө. Дээрээс нь орлогын өр гэж байдаг. Ингэсээр байгаад бидэнд гар дээрээ авч байгаа цалин гэж алга. Түүнээс гадна “Эрдэм транс” компанид ажиллаж байгаа бүх ажилчид ээлжийн амралт гэж авдаггүй.
Зөвхөн оффисын ажилчид болон засварчид л ээлжийн амралт авдаг. Оффисынхон гэхээр Ашиглалтын албаны дарга, нягтлан, нярав, хэсгийн дарга нар л багтаж байгаа шүү дээ. Амралтын мөнгийг нь ч өгдөггүй. Тэртэй тэргүй амралтын мөнгөгүй юм чинь гээд нэг өдөр сайн дураараа амарчихаар ажил тасалсан гээд 50 мянгаар торгодог. Автобусаа засч, сэлбээд бэлтгэл ажил хийдэг. Тэгэхээр нь бэлтгэл хийж байгаа юм чинь гээд очихгүй болохоор 50 мянган төгрөгөөр торгоно.
Энэ мэтээр ямар ч амралтгүй явж байгаа шүү дээ. Дээрээс нь листний мөнгө гэж байхгүй. Хүн л юм чинь өвдөж, хавдана биз дээ. Гэтэл ямар ч тохиолдолд листний мөнгө өгдөггүй. Өнөөдрийг хүртэл листний мөнгө гэж нэг ч төгрөг аваагүй хүн олон байна. Наад захын жишээ татахад, мөнгө хураагч Пэлзэдмааг ажлаа хийгээд явж байхад гэр нь шатсан. Гэр нь шатчихлаа гэхээр хүн мэдээ нь ажлаа орхиод явдаг юм байгаа биз дээ.
Гэтэл компаниас тусламж, дэмжлэг олгох байтал чинь листнийх нь 42 мянган төгрөгийг ч өгөөгүй гээд бод доо. Дарга нартай очоод уулзахаар “Чи өртэй юм чинь листний мөнгийг чинь суутгалаа” гэж хэлсэн байгаа юм. Ажлаа хийгээд явж байхад гэр нь шатаж байхад компаниас туслах байтал өр яриад байж байдаг. Листний 42 мянган төгрөгөөр “Эрдэм транс” компани хохиров гэж дээ.
-Та ч гэсэн хохирсон мөртлөө ямар ч тусламж, дэмжлэг аваагүй гэж байсан. Чухам юу болсон юм бэ?
-Манай байгууллагад ажилчдын унаа гээд микро автобус явуулдаг юм. Тэр микронд нь багталцахгүй, өвөр дээрээ сууна. Бид чинь өдөржин зогсч, зарим нь жолооны ард сууж байгаа юм чинь ажилдаа ирэхдээ ядаж тайван суугаад явмаар байдаг. Гэтэл унаанд нь багталцахгүй, бөөн юм болно.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд, өглөө 05:40 цагт Их наран дээр ажилчдын унаа ирэх ёстой байсан ч ирээгүй. Түүнээс нь болоод бид хутгатай хүнд дээрэмдүүлж, зодуулсан. Бүр жавжаа хүртэл зүсүүлээд, оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд, томографийн зураг яаралтай авахуул, толгойд чинь гэмтэл учирсан байж магадгүй гэж хэлсэн. Өглөө нь хамаг юмаа дээрэмдүүлчихсэн хүнд ямар мөнгө байх вэ дээ.
Тэгээд компанийнхаа захирал н.Эрдэнэбилэг дээр орж уулзсан. Гэтэл Ашиглалтын албаны даргатайгаа уулз гэсэн. Уулзаад хамаг асуудлаа хэлсэн. Тэгэхэд “Өргөдлөө бичээд өгчих, асуудлыг чинь шийдээд өгье” гэсэн. Би ч өргөдлөө бичиж өгсөн, нэг их мөнгө нэхээгүй. Томографийн зураг авахуулахад хэрэгтэй 200 мянган төгрөг л өгөөч гэсэн. Гэтэл одоо болтол надад нэг ч төгрөг гаргаж өгөөгүй байна.
-Техник комиссын акт гэдгийг уншигчдад тодорхой тайлбарлаад өгөөч. Яагаад тийм акт тавиад байдаг юм бэ?
-Бид автобусыг өөрсдөө эвддэггүй байхгүй юу. Өглөө гарахад шалгах механикууд тоормозоос авахуулаад бүх зүйлийг шалгаад гаргах үүрэгтэй байдаг. Зүгээр л жолоочийн үнэмлэх, автобусны гэрчилгээ шалгаад гаргахдаа гол биш. Гэтэл би жолооч н.Анхбаяртай хамт шугамд явж байтал гэнэт автобусны тоормоз барихаа больж байгаа юм. Энэ шалтгааны улмаас гурвын гурван машин мөргөчихсөн.
Яг энэ үед тэр хавьд манай компанийн Ашиглалтын албаны дарга н.Хатанбаатар, хэсгийн дарга н.Хоролмаа, н.Мөнхбат гэсэн хүмүүс жижиг машинтай явж байсан. Би “Хажуугийн буудлаас дөнгөж гараад тоормоз барихаа больсноос болоод ийм осол гарчихлаа. Уг нь хашлага мөргүүлээд зогсооё гэж үзсэн ч болсонгүй. Гурван машины нэг нь 60, нөгөө нь 40 мянган төгрөг өгчих гэж байна.
Одоо яах вэ” гэж асуусан. Гэтэл “Мөнгийг нь өгөөд явуулчих. Нэг машинтайгаа л үлдээд, учраа олох гэж үз. Асуудлыг чинь очоод ярилцана” гэсэн. Тэгэхээр нь “Энд акт тавих юм биш биз дээ” гэтэл “Асуудлыг ярилцаж байж шийднэ. Акт тавихгүй” гэсэн. Осол гарахад шугамд явж байсан 105 гэдэг автобус нь зогсоолд өчнөөн сар байсан. Нэг өдөр засчихлаа гэхээр нь аваад гарсан чинь осол гарчихаж байгаа юм. Дарга нар акт тавихгүй гэж байсан ч жолооч өч төчнөөн төгрөгийн өрөнд орсон. Мөнгө хураагчаар нь явж байсан би ч гэсэн өртэй дээрээ өр нэмэгдээд л явж байгаа юм. Ийм маягаар акт тавьж, мөнгө хураадаг.
-Таны хувьд одоогоор хэдэн төгрөгийн өртэй байгаа вэ?,
-2014 оноос хойш 14 сарын хугацаанд зургаан сая төгрөгийн өртэй болчихож байгаа юм. Бүх хүн өртэй, эхнээсээ залхаад гарч байгаа. Гэтэл “Эрдэм транс” компани өч төчнөөн мөнгө хураагч ажилд авч байгаа байхгүй юу. Биднийг мөнгө хураагчаар ажилд орж байхад барьцаа гээд 150 мянган төгрөг авдаг байсан.
Одоо болохоор ямар ч барьцаа авахгүй байгаа. Барьцаа байхгүй гэхээр цахим үнэмлэхээ үлдээчих гээд иргэний үнэмлэхийг нь аваад үлддэг. Нас харгалзахгүй гэж байгаа учраас янз бүрийн л хүн орж байгаа. Орсон хүмүүс нь ганц, хоёр хоног хоноод гарч байгаа тохилдол байгаа. Зөвхөн ганцхан сарын жишээ татахад, 68 хүн мөнгө хураагчаар ажилд орчихоод эргээд 50 нь гарчихаж байгаа байхгүй юу. Яагаад энэ хүмүүс тэвчихгүй гарч байна гэхээр орлогынх нь норм дааж давшгүй өндөр байгаа байхгүй юу.
-Одоо хэчнээн жолооч, тасалбар түгээгч ажиллаж байна. Бүгд өртэй байгаа?
-Өргүй мөнгө хураагч байх нь байгаа. Толгойт, Ээрмэл гэсэн шугамд явж байгаа жолооч, мөнгө хураагч нар өргүй. Бусад бүх чиглэлийнх нь өртэй байгаа. Энэ тал дээр бид хандаж үзсэн. “Бид ч гэсэн ажил хийж байгаа юм чинь цалин авч үзмээр байна. Та нар сар сараар нь шугамдаа жолооч, мөнгө хураагч нараа ээлжлүүлээд явуулаач. Бид өрөнд баригдаад байгаад баймааргүй байна” гэж хэлсэн.
Гэтэл “Энэ сараас эхлээд сар сараар нь ээлжлээд явуулна” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдсэн юм алга. Өмнө нь бид өглөө 25 литр түлш хийгээд гардаг байсан. Өдөр нь өөрсдийнхөө хийсэн орлогоос түлшээ хийгээд явдаг байхдаа ээлжийн амралтаа авдаг, цалин мөнгөтэй, орлогын өргүй байсан. Гэтэл улсын системд шилжсэнээс хойш орлогын өр нэмэгдээд, бүх ажилчид дааж давшгүй өрөнд орчихоод байна.
-Улсын систем гэдгийг тайлбарлаач. Ямар байдлаар ажилладаг юм бэ?
-Автобус 1, 3 чинь улсын байгууллага шүү дээ. Тэдний фонд цаг нь 140 цаг. Орлогын норм хамаагүй бага. Дээрээс нь ээлжтэй. Өглөө гараад өдөр буудаг. Ээлжийн амралт авна. Түлшээ компаниас хийж өгнө. Орлогоосоо түлш хийнэ гэдэг асуудал байхгүй. Ийм системд шилжих ёстой юм, уг нь.
Гэтэл зөвхөн түлшээ компаниас хийж өгдөг л болсон болохоос биш өөр зүйлгүй. Ямар ч ээлжгүй ажиллаж байгаа. Өглөө 05:00 цагт гэрээсээ гараад шөнө 12:00 гээд гэртээ харьдаг. Ээлжийн амралтгүй, орлогын норм маш өндөр ажиллаж байна. Одоо манай компани өглөө нэг эргэлтийн түлш гэж 11-14 литр шатахуун хийж өгдөг. Эргэлтийн зайнаасаа хамаарна. Би гэхэд Шаргаморьтын чиглэлд явдаг автобусанд мөнгө хураагч хийдэг байсан. Өнөөдөр хотын түгжрэл ямар билээ.
Дээрээс нь Шаргаморьтын зам үнэхээр муу. Тийм болохоор түлш нь хүрдэггүй. Ингээд бид зохицуулалт хийнэ. Зарим автобусандаа хүнээ өгөөд, түлшээ хэмнэдэг. Арай гэж түлшээ хэмнээд, эргэлтийнхээ зайг уртасгаад байж байхад гэнэтхэн түлш хэмжээд, илүүдэлтэй байна гээд хасчихдаг. Бид түлшээ хүргээд, ахиухан орлого олоод, өргүй байя гэж янз бүрээр үзэж байна. Гэтэл ажилчдаа бодохгүй торгох, өрөнд оруулах л зүйл хийж байна, эд.
-Одоо та хэд ажлаасаа гарчихсан хэрэг үү. Ямар байдалтай байгаа юм?
-Биднийг ажлаас халчихсан гэж байгаа, тэгж хэлсэн. Тэгэхээр нь тойрох хуудсаа авчихъя гэж Ашиглалтын албаны дарга н.Хатанбаатар дээр орсон. Гэтэл “Би мэддэг юм биш ээ” гэсэн. Яагаад мэдэхгүй байгаа талаар нь асуухад, “Эрдэм транс компан өмгөөлөгчтэй, түүгээрээ дамжуулж асуудлыг шийднэ” гэсэн.
Тэгэхээр нь дуудаад ир, асуудлаа хурдан шийдүүлье гэтэл Солонгост яваа гэж байгаа юм. Солонгост байгаа хүн хэзээ ирээд, бидний асуудлыг шийдэж өгөх юм. Бид нэгэнт ажлаас халагдсан юм бол дараагийнхаа ажлыг олмоор байна шүү дээ. Гэнэт халагдсаныхаа мөнгийг авмаар байна. Амралтын мөнгөө ч авах хэрэгтэй байгаа юм.
-Та нар 5-6 сая төгрөгийн өртэй гэсэн. Ажлаас халагдахаар тэр өрөө нэхэх юм биш үү?
-Шугамд явж үзэж байгаад, нэг эргэлтэд хэдэн төгрөг олж байгааг тооцоод, бодитой тоо тавих ёстой байсан. Гэтэл таамгаар, ганц хоёрхон хүний саналыг сонсоод л орлогын норм гээд тогтоочихсон. Тэгээд байнга хэмжээг нь нэмж байгаа юм. Өнөөдөр автобусанд ямар хүмүүс сууж байгаа билээ.
Ихэнх нь үнэгүй зөрчих эрхийн үнэмлэх үзүүлдэг. Бидний ганц орлого хийх гэж мөнгө хураадаг нь дунд сургуулийн хүүхдүүд. Бүр жаахан хүүхдээс мөнгө авч чаддаггүй. Нийтийн тээврийн газраас 10-аас дээш настай хүүхдээс мөнгө ав гэдэг. Гэтэл сурагчид сурагчийн үнэмлэхээр үнэгүй зорчино гээд ойлгочихсон байдаг.
-Энэ нөхцөл байдлыг танай дарга нар чинь мэдэж байгаа байх. Та нар ч асуудлыг янз бүрээр хэлж, ярьсан нь тодорхой. Хэлэхээр юу гэх юм?
-Бид янз бүрээр ярьсан, хэлсэн. Огт тоодоггүй. Тэр битгий хэл биднийг асуудал тавиад эхлэхээр телевизээр Ашиглалтын албаны дарга н.Хатанбаатар “120 мянган төгрөгийн орлого хийгээд ирээч гэхээр 60, 70-хан мянган төгрөгийн орлого хийдэг” гэж ярьсан. Хэрвээ бид 120 мянган төгрөгийн орлого хийчихээд, 60, 70-ыг компанид өгөөд байгаа юм бол бусад мөнгийг нь аваад бид баяжчих нь яасан юм. Гэтэл өнөөдөр хүмүүс орлогоо гүйцээх гээд ээмэг, бөгжөө ломбарданд тавьж байна. Байдал ийм л байгаа шүү, үнэн хэрэг дээрээ.