Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 31
・ 1
Дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлаж, хот дотор албан хэрэгцээний том оврын жийп унахыг хориглох шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад удаж байна.
Тодруулбал, эдийн засаг хямралтай үед төрийн байгууллагуудын тансаглалыг хязгаарлах хүрээнд энэ шийдвэрийг гаргасан нь нүдээ олсон шийдвэр болсон юм. Дан ганц машин хураах ч бус татвар төлөгчдийн мөнгөөр баяр ёслол тэмдэглэдэг, хүлээн авалт зохион байгуулдаг асуудлыг арилгах үүргийг өгснөөс хойш үр дүн бага багаар гарч байна.
Гэхдээ хангалттай биш. Зарим төрийн байгууллага энэхүү шийдвэрийг илт буруушааж, хүлээж авахгүй хэмээн зөрүүдэлж байгаа сурагтай. Хурган дарга нар сайдынхаа шийдвэрийг эхнээс нь биелүүлж хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин худалдан авснаа цахим хуудсаар зарлаж, шар мэдээгээр өөрсдийгөө сурталчлуулж бөөн л юм болов. Ерөнхий сайдын шийдвэрийн ачаар олон ч байгууллагын хурган дарга нар төсвийн мөнгөөр ямар их тансаг машин унаж байсныг мэдэх боломж бүрдэж байна. Энэ ажилд тун идэвхтэй оролцсон байгууллага бол Төрийн өмчийн хороо.
Тус байгууллагаас Ерөнхий сайдын шийдвэрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, алба, амины тансаглалаас татгалзаж чадахгүй байгаа олон ч дарга нарын үнэн төрхийг илчилж өглөө. Төрийн өмчит 757 байгууллага өдгөө 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврынх аж. Дээрх байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж Төрийн өмчийн хорооноос үзжээ. Тодруулбал, 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гараашийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3, сэлбэг хэрэгсэлд тав, жолоочийн цалинд 25, нийт 50 тэрбум төгрөг зарцуулжээ.
Иймээс Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсөл бэлтгэн энэ сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан аж. Ингэснээр одоогийн байдлаар 57 автомашиныг унах шаардлагагүй хэмээн хурааж авчээ. Төрийн өмчийн хорооноос төрийн байгууллагуудын ирүүлсэн автомашин худалдан авах хүсэлтэд татгалзсан хариулт өгөөд байгаа юм.
Мөн нийтээр хураах бус хөдөө орон нутагт Засаг дарга, орлогч, ИТХ-ын даргын унаж байгаа Ланд, Лексус машинд жижиг суудлын тэргээр тооцож бензин олгож байхаар шийдвэр гаргасан байна. Ерөнхий сайдын шийдвэрийн хүрээнд дээр хэлсэнчлэн олон хурган дарга нарын хуудуутай үйлдэл илэрч байгаа. Тэдний нэг нь МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал. Тэрбээр, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оюутныхаа сургалтын төлбөрөөс хумслан Лексус-570 машин худалдан авч унаад байсныг Төрийн өмчийн хороо илрүүлж шаардлага хүргүүлжээ.
Жил бүхэн сургалтын төлбөр багш нарын цалинд хүрэхгүй байна хэмээн нэмдэг Их сургуулиудын үнэн төрхийг энэ үйлдлээрээ эрхэм захирал харуулчихлаа. Бүхэл бүтэн 172 сая төгрөгөөр амин хувьдаа машин унаж байсан Д.Мөнхжаргал захирал бол улсын гэх тодотголтой Их дээд сургуулиудын жинхэнэ төрхийг харуулчихав.
МУИС-ийн захирал асан А.Галтбаяр мөн л оюутнуудаасаа хууль бусаар 347 сая төгрөг авсан хэмээн буруутгагдаж байсан. ХААИС-ийн захирал Б.Бямбаа мөн л сургуулийнхаа нэрийг ашиглан их хэмжээний мөнгө завшсан хэрэгт шүүхээс ял сонсч өдөө давж заалдаад явж байх жишээний.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.