АН-ын ҮЗХ-г хуралдуулахгүй байх шалтгаан

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 31

        АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсныг жинхлэгдээгүй Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэлсэн.

 

Л.Эрхэмбаярын хэлж буйгаар хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хууль хэлэлцэгдэж батлагдсаны дараа Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах эсэхийг шийднэ гэнэ.  Гэтэл намын гишүүд нь тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг хүлээхгүйгээр  үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа.

 

Харин З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарын удирдлагууд нь хуралдуулахгүй хойш татсаар байгаа нь ямар нэгэн шалтгаантай л болж таарлаа.

 

Тэр нь улс төрийн намын тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, батлуулах гэж олон нийт хардаж байна. Нэгэн цагт тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдчихвөл АН 100 хувь цус сэлбэнэ” гэж ярьжээ.

 

Тэгэхээр тус намд жинхлэгдээгүй дарга нараасаа эхлээд бусад албан тушаалтнууд хүртэл солигдох магадлалтай юм. Тиймээс З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар тус хуулийг өөрсдөдөө  ашигтайгаар батлуулах гэж байна хэмээн тус намынхан үзэж буй. Удирдлага нь босоо тогтолцоотой байх юм уу, хэвтээ тогтолцоотой байх юм уу гэдгийг хүртэл энэ хуулиар заагаад өгчихнө. Тэгэхээр АН-ын ҮЗХ дотроо хуралдаж дүрмээ батлах шаардлагагүй болно. Учир нь хуулиар дүрмийг зохицуулаад өгчих юм. Тэгээд хуульд заасан дүрмээр тэд асуудалгүй, гишүүдээсээ асуух ч үгүй ажиллана.

 

Хоёрдугаарт, хүчээр намын даргын суудалд суусан гэх З.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарыг жинхлэх асуудлыг ҮЗХ-оор хэлэлцэх учраас тэд хурлыг хойшлуулж байх талтай. Учир нь ҮЗХ-оор тэд дэмжлэг авахгүй байх магадлал өндөр. Н.Алтанхуягийн Алтангадас фракцынхан ч уг ажиллагааг эрчимжүүлээд буй.

 

Сүүлийн үед Ардчилсан нам дотооддоо нилээн “зодоон”-той байгаа. СХД болон Дарханы нам бол үүний тод жишээ. Тэд Н.Алтанхуяг, З.Энхболдынх гэж хоёр хуваагдаж хэрэлдээд удаж байна. Тэгэхээр ҮЗХ хуралдаад З.Энхболд, Л.Эрхэмбаярыг жинхлэхгүй унагах магадлалтай юм. Тиймээс тус намын одоогийн удирдлагууд хүмүүсийн уурыг арилтал намын их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа гэх.

Т.Хулан

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх