З.Энхболдын танхимын завгүй өдрүүд эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 01

УИХ-ын намрын чуулган өн­дөр­лөж парламентын 76 гишүүн тойрогтоо ажил­лаад тун завгүй байлаа. Ар­дын на­мын гишүүд алслагдсан айм­гуу­даар ажиллаж, хуулийн төс­лөө сурталчлав. Харин АН-ын гишүүд бүлгээс өгсөн хуваа­рийн дагуу 21 аймагт хуваагдан ажил­лаж мөн л хуулийн төслийн та­лаар мэдээлэл түгээн, хав­рын чуулганаар хэлэлцэх хуу­лийн төсөлдөө санал авав.

Бие даагч гишүүдийн хувьд ч энэ се­зоноос хоцорсонгүй. Энд тэнд явж цас ухаж, ноос самнаж, иргэд сонгогчидтойгоо тулж ажилласан зургаараа цахим хуудсаа гоёсон шиг чуулганы завсарлагааныг үдлээ.

Тэгвэл, УИХ-ын хаврын чуулган дөрөвхөн хоно­гийн дараа нээлтээ хийхээр болжээ. Ирэх долоо хоногийн даваа гарагт албан ёсоор нээлтээ хийж, харин пүрэв гарагаас хэлэлцэх асуудлынхаа дараалалд орох гэнэ. Уламжлал ёсоор УИХ-ын дарга нээлтийг хийх бол гадаад дотоодын элчин сайдууд ч урилга заллагаар нээлтэд ирэх ажээ. Энэ хаврын чуулган эхлэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд орон даяар мэдээлэл хийж хаврын чуулганы үр дүн хариуцлага, хүлээлт үүсгэсэн уул уурхайн том төслүүдэд шийдэл гаргах цаг болсныг сануулах сурагтай.

Тэгвэл З.Энх­болдын танхимын энэ хаврын чуулган хэр үр дүнтэй болох бол гэх хүлээлт нийгэмд бий болчихоод байна. Иргэд ч энэ чуулганаас гарах хуульд анхаарал хандуулж байгаа. Уул уурхай, нийгэм эдийн засгийн салбарт хүлээлт үүсгэсэн олон олон хууль хаврын чуулганаар төрж гарахаар дуншиж эхэллээ. УИХ-ын гишүүд маань ч хаврын чуулганаас чамгүй үр дүн хүлээж байна гэдгээ хэвлэлээр удаа дараа ярьсан удаатай.

Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн ач холбогдлын талаар ярихдаа “Цагаан сарын өмнө, завсарлах үед хэлэлцэж байсан хуулиудаасаа эхэлж, үргэлжлүүлж хэлэлцэнэ. Эрүү­гийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэх мэт. Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хууль, Намуудын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хууль гэх мэт нэгээс илүү жил яригдаж, Ажлын хэсэг байгуулагдчихсан хуу­лиуд бүх чуулганаар хэлэл­цэгдээд явж байгаа. Хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцдэг хэд хэдэн асуудал бий. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэл­цэнэ.

Мөн 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталдаг. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг одооноос эхлэх учиртай. 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Санхүүгийн нэгдсэн тайланг баталдаг” хэмээн ярьжээ. Гарах үр дүнг нь хэлэхэд эрт байгаа ч хэлэлцэх асуудлаас харахад нийгэмд хүлээлт үүсгэсэн маш олон хуулийн төслүүд жагсаалтад багтжээ.

УИХ-ын даргын мягмар гарагт баталсан жагсаалтаас харахад, он дамж­сан, хоёр гурван жилийн хэрүүл болсон хуулийн төслүүд харагдаж байна. Тухайлбал, УИХ-ын даргын ярианд дурь­дагдсан Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын ту­хай, Улс төрийн намуудын сан­х­үүжилтийн тухай хууль хэлэлцэх асуудлын тэргүүнд эгнээнд багтах учиртай. Энэ хавар л хэлэлцэж, эцэслэн батлахгүй бол дахиад нэг жил гэсэн хүлээлт байхгүй.

Сонгууль болоход нэгхэн жил үлдсэн учраас 2016 оны сонгуулийг шинэ хуулиар хийхийн тулд намууд хуультайгаа сайтар танилцах учиртай. Намаас гадна иргэд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа нэг мөр ойлгож авах учиртай юм. 2016 оны сонгуулийн мажоритар тог­толцоогоор явуулах уу, эсвэл холимог байдлаар явуулах уу гэдэгт намууд одоо болтол са­нал нэгдээгүй.

Гэхдээ хав­рын чуулганы хугацаанд тойр­гийнхоо сонгогчидтой уулз­саны үндсэн дээр намууд ма­жоритар тогтолцоог дэм­жих хандлага давамгайлж эхэл­лээ. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байх эсэх, намуудын сонгуульд зарцуулах мөнгийг төрөөс даадаг болс­ноор тайлан мэдээ ил болж, тойрог худалддаг байдал алга болох зэрэг эдгээр хуулиуд нэлээд анхаарал татаж байна. Мөн хаврын чуулган бүрээр хэлэлцдэг хуучин, шинэ оны Үндсэн чиглэлийн биелэлтийг, 2017-2018 оны төсвийн тө­лөөллөө улстөрчид маань хэ­рүүл маргаан багатайхан ший­дэх учиртай юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх