Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 02
・ 1
-Хог хаягдлын тухай хуульд дахивар бүтээгдэхүүн олборлогч иргэдийн саналыг авлаа-
Монгол Улс Хог хаягдлын тухай хуулийг батлаад чамгүй олон жил өнгөрсөн ч өнөөдөр энэ хууль хэрэгжиж чадахгүй л явж байгаа. Нийслэлийн хүн ам улам бүр ихэсч, түүнийг дагаад хог хаягдлын хэмжээнд хэрээс хэтрээд байгаа. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэх үүднээс УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эхэлжээ.
Хоёр жил энэ хуультай ажиллаж олон ч мэргэжилтэн, энэ салбарт ажилладаг хүмүүстэй уулзсан бөгөөд хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээс өмнө Цагаандаваа, Улаанчулуут зэрэг төвлөрсөн хогийн цэг дээр дахивар бүтээгдэхүүн цуглуулж амьдардаг иргэдтэй уулзаж тэднээс хуульд тусгах саналыг нь сонссон юм. Өглөө эртлэн гарсан баг бүрэлдэхүүн өдөржин хогийн цэг дээгүүр явж иргэдтэй уулзсан бөгөөд энэ бүхэнд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа тусалж, нийгэмшээгүй, олон жил дахивар бүтээгдэхүүн түүж амьдралаа залгуулсан иргэдтэй хэл амаа ололцоход амар болгож байсныг хэлэх нь зүйтэй.
Хэдийгээр тэд УИХ-ын гишүүн ирсэнд талархалтай хандаж зовлон жаргалаа хуваалцаж байсан ч сэтгүүлчийн камераас зугтаж, зураг авахад элдвийн хараал ерөөл тавьж эсэргүүцэж байсан юм. Нохойн мах иддэг, хүн араатан, архичин, биеэ үнэлэгч гэх мэтээр нийгмийн хамаг муу муухай хүмүүс энд цугласан мэтээр нийгэмд ойлгуулах ажлыг сэтгүүлчид хангалттай олон удаа хийсэн учраас тэд хэвлэлийнхнээс ийн дөлдөг болсон гэнэ лээ.
Ц.Оюунгэрэл гишүүний энэ өдрийн ажлын томилолт хог хаягдал түүж явсан, хорих ангиас суллагдсан иргэдийг нийгэмшүүлэн гагнуурчин, мужаанчин, нийгмийн ажилтан болгон сургаж байгаа “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас эхэлсэн юм. 120 хүнийг нийгэмшүүлж, байгуулагдсан цагаасаа эхлэн 500 гаруй иргэнийг нийгэмшүүлсэн эгэл жирийн багшийн гэр бүлийн их сэтгэл, шантарч бухимдалгүй тэмцэж ирсэн сонирхолтой амьдралыг тун удахгүй та бүхэнд сурвалжлагаар бэлтгэн хүргэхээ амлая. Харин бидний хувьд тэс өөр амьдрал хэмээн сэтгэж, нийгмээс тусгаарлан, хогийн цэгийн иргэд хэмээн ад үздэг иргэдийн нэг өдрийн амьдрал, төр засгаас хүсч байгаа жирийн хүсэлтийг нь энэхүү сурвалжлагаараа хүргэе.
Дахивар бүтээгдэхүүний үнэ улам бүр л унаж байна гэв
Мянган оюутны байрнаас Монел руу эргэдэг замаар чигээрээ давхисаар Цагаандавааны хогийн цэгийн барааг харав. Давааны наад талд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтан тосч авсан бөгөөд биднийг замчилсаар хогийн цэг дээр хүргэсэн юм. Гэвч тосч уулзах асуудал зөвхөн УИХ-ын гишүүний сургаар гарч ирснийг учир мэдэх нэгэн хэлж байлаа. Түүнчлэн, тухайн хогийн цэг дээр анхаарал болгоомжтой байхыг сануулсан цагаан хоолой ажиллаж, талбайн зохицуулагч гарч ирсэн нь ч сүүлийн сард тохиогоогүй “гэнэтийн үзэгдэл” болж байгааг дахивар бүтээгдэхүүн түүдэг иргэд хэлж байв.
Цагаандавааны хогийн цэг бол Улаанчулуутынхаас бага хог ирдэг харьцангуй “цэвэрхэн” гэж хэлж болно. Гэхдээ л биднийг очиход хүүхдүүд гүйлдэж байсан бөгөөд ихэвчлэн томчууд байлаа. Харин үдээс хойш хичээл тарахад хүүхдүүд маш олноор ирдэг гэнэ. Өдөржин ирдэг хогийн машины ард нэг хоёроороо зүүгдсээр хогийн цэг дээр орой гэхэд хамгийн багадаа л 40-50 хүүхэд цугладаг гэв.
Ээж аавыгаа дагаж, хичээлээ тарангуут наашаа ирдэг хүүхдүүд ч олон байдаг аж. Хогийн цэг дээр ойролцоогоор 5-6 гэр байв. Тэр орчиндоо ажиллаж, амьдардаг. Хосоороо, хүүтэйгээ, ганцаараа гэх мэтээр хамгийн ихдээ л есөн жил дахивар бүтээгдэхүүн цуглуулсан иргэд тэнд байх аж. Хогийн цэгийг анх үүсэхэд л ирсэн н.Ариунбаатар биднийг гэртээ урьж хоолоор дайллаа. Чанасан мах, сүүтэй цайгаар дайлж Хог хаягдлын тухай хууль, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлын талаар гишүүнд саналаа хэлж байсан юм. Хүмүүс биднийг нохойн мах иддэг, хүн араатнууд гэж их цэрвэдэг.
Гэхдээ бид чинь хүний л иддэгийг иддэг юм. Цагаандавааны хог хаягдлын зохицуулагчид муудсан бүтээгдэхүүн зэргийг устгачихдаг. Дахивар түүсэн орлого сайн байвал ганц кг мах, аяга цайны сүүгээ аваад л уучихна шүү дээ хэмээн учирлаж багийн бүрэлдэхүүнийг цай, махаар дайллаа. Цагаандавааны хогийн цэгийн дэргэд шахам хяналтын камер байдаг юм байна. Тун ойрхон цахилгааны шугам өнгөрсөн атлаа 10-хан алхмын газарт зурагт радио үзэж чадахгүй, гал түлж амьдардаг, гар утас барьж чадахгүй нийгмээс тасарсан хэсэг бүлэг аж төрөх.
Уг нь хоёрхон шон урагшаа татахад л тэнд амьдардаг, амьдралаа залгуулдаг 120 гаруй иргэн халуун дулаан орчинд гэрэлтэй болж амьдрах боломж бий. Эдгээр иргэд хот руу орлоо гэхэд газар олдохгүй, дээрээс нь бичиг баримтгүй учраас үйлчилгээ авч чадахгүй. н.Ариунбаатарын гэргий эдүгээ 55 нас хүрсэн бөгөөд арай гайгүй ажил хийхээр хотын төв орж ажил сураглалаа гэхэд “та хөгшин” гэсэн ганц хариулт сонсдог гэв. Хөгшин настай эхийгээ асарч, тэднийхээ тог, усны мөнгийг залгуулахын тулд сонгосон зам нь дахивар бүтээгдэхүүн цуглуулах.
Өдрийн олсон орлогоо хотод очоод тушаачихна. Заримдаа ч өдрийн орлого гэж 8000 төгрөг олчихоод ээждээ үмх мах аваад очиж чадахгүй уйлж суудаг гэнэ лээ. Ингэж амьдарч байгаа нь миний буруу ч ижийгээ амьдад нь зовоохгүй гэсэндээ хог түүдэг гэдгээ нуудаг хэмээн тэр хуучилсан юм. Дахивар бүтээгдэхүүн цуглуулдаг иргэдийн гишүүнд дайсан ганц хүсэл бол эмнэлгийн үйлчилгээ, бас цахилгаантай болох.
Нэгэнт л энд амьдрал, бас бизнес нь байгаа учраас хэдэн сэндвичэн байшин энгэрээр нь бариад, долоо хоногт биш юм гэхэд сард нэг удаа эмнэлгийн үйлчилгээ авахыг хүсч байна гэв. Гэр хорооллын айлууд үнсээ хөргөлгүй хогийн машинд ачуулдагаас хог нь цурманд орж оройхон гэхэд л тэр хавиар нэг утаа май болж, бие биенэ ч олж харахгүй шахам машины доогуур орчих бүтээгдэхүүнээ түүдэг хэмээн учирлав. Хогонд газын баллон зэрэг аюултай хог хаягдал их ирж, хог шатаж эхлэхэд дэлбэрэх, түүнд нь хүмүүс өртөх зэрэг тулгардаг бэрхшээл олон бий гэнэ.
18 настай хүү машинд дайруулахад эмнэлгийн үйлчилгээ хоёр цагийн дараа иржээ
Идэр залуухан насандаа хог түүж яваад эндсэн хүүг зөвтгөх гэсэнгүй. Гэвч амьдрахын эрхэнд тэнд ажиллаж, мөнгө олж байсан тэр залууг аварч болсонгүй юу гэх харуусал төрж байв. Долоо хоногийн өмнө 18 настай залуу хог ачиж ирсэн машины дугуйн доогуур орж хүнд бэртжээ. Цагдаа цагийн дараа ирсэн ч харин эмнэлгийн тусламж хоёр цагийн дараа ирсэн аж.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.