2008 оны сонгууль хаяанд ирэх яг тэр мөчид төрийн өндөр алба буюу Монгол Улсын Тэргүүн шадар сайдын суудал руу улангасан зүтгэж байсан У.Хүрэлсүхийн үг, үйлдлийг хүн бүр санаж байгаа биз ээ.
Харин өнөөдөр түүний эрмэлзлэл биелэлээ олчихоод сууж байна. Улс төрд У.Хүрэлсүхтэй хонь, чоно шиг харилцаатай хүмүүс байхад хойд урдахаа мэдэлцсэн дотны андууд ч их. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх Монголын улстөрийн ууган хүчин гэгддэг МАН-д өөрийн гэсэн хүчирхэг фракцыг бий болгоод аль хэдийнэ амжсан нэгэн. Мөн дайснууд ч цөөнгүй болсон.
Тэр ч үүднээс улс төрөөс холдсон дүр эсгэж хэсэг чимээгүй “далд” хэлбэрээр ажлаа үргэлжлүүлж байснаа гэнэт л урлаг соёлын нэрт зүтгэлтэн аятай олны өмнө гарч ирж баахан бужигнуулсаны эцэст өнөөдөр тэргүүн шадар сайдын суудалд тухтай гэгч нь залраад авсан.
Тэрбээр Шийдлийн засгийн газрын нүүрээр шадар сайд болсоноосоо хойш бас л их зүйл амжууллаа. Өөрт нь садаа болж, өмнүүр нь хөндөлсөөд байдаг хэсэг нөхдийг ч няслаад хаячихав.
Шадар сайдын албан тушаалдаа морилоод л агентлагуудын дарга нартай уулзаж “Асуудал шийддэггүй дарга нар олон байна. Байгууллага толгойлж байгаагийн хувьд хариуцлагаа үүрдэг байх ёстой. Асуудлыг газар дээр нь хуулийн хүрээнд шат шатанд нь шийдэж явахгүй бол салбарын жижиг асуудал хэтдээ улс орны хэмжээний асуудал болж хувирч байна” гэж ширүүхэн дуугарч байсан.
Улмаар төд удалгүй өөрт таалагдахгүй агентлагийн дарга нарыг сольж, хольж төрийн албыг бужигнуулж эхэлсэн юм.
Түүний хамгийн эхний дайралтад ШӨХТГ-ын дарга О.Магнай өртөж баахан хэл ам үүсгэсэн. Үүний дараачаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржоос эхлээ олон арван хүн төрийн албанаас /агентлагуудаас/ чөлөөлөгдчихөөд дэлхий сөнөчихсөн аятай аашилж яваа нь нууц биш.
Үүний тод жишээ Өргөдлийн байнгын хороогоор дүүрсэн ажлаас үндэслэлгүй халсан гэх өргөдөл, гомдлууд. Ачааллыг нь навс нэмсэн эдгээр өргөдлүүдийн талаар Өргөдлийн байнгын хорооноос ч онцлов.
Тухайлбал, Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтан төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан гомдлууд их байгаа гэж О.Баасанхүү "өмөлзөв".
Ийн үндэслэлгүйгээр ажлаас халах, шадар сайдын хариуцсан агентлагуудад бүтцийн өөрчлөлт орох зэргийг иргэд У.Хүрэлсүхтэй холбон ойлгож байна. Өөрөөр хэлбэл, сэмхэн бужигнуулж, байдлыг гартаа авч чаддаг У.Хүрэлсүхийн ачаар төрийн албан дахь халаа сэлгээ нэмэгдэж байх талтайг учир мэдэх хүмүүс ч цуурч эхэллээ.
Гагцхүү эрх үүргийнхээ хүрээнд хэмээн төрийн албанд "хүчин" зүтгэсэн иргэдийг үндэслэлгүйгээр ажлаас халдаг явдалд хэн хариуцлага хүлээх вэ? гэдэг л олны анхаарлыг төвд ороод байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.