Н.Алтанхуягийн үйлдвэржилтийн бодлого рейтинг өндөртэй байна

Улстөр ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 10 сар 12
Н.Алтанхуягийн үйлдвэржилтийн бодлого рейтинг өндөртэй байна
Эдийн засгийн байдал хүндэрсэн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэнээс хойш чамлахааргүй хугацаа өнгөрлөө. Хамтдаа бүсээ чангалцгаая гэсэн түүний уриалга олон хүнд нэгийг бодогдуулж хоёрыг сануулсан. Гэвч Н.Алтанхуягийн танхимын гишүүд С.Батболдын Засгийн газраас өвлөн авсан их өрийнхөө ард гарахын зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлж чадсан нь эдийн засгийн хүндрэлийг сааруулах гол түлхэц болсоор байна. Үйлдвэржилтийн цогц бодлогын хүрээнд одоогийн байдлаар 1600 гаруй жижиг дунд үйлдвэр хот, хөдөөд үйл ажиллагаагаа явуулж, үүний хэрээр олон зуун хүн ажилтай, орлоготой болсон. Үүний зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэхийн үнэ цэнэ хийгээд бахархлыг мэдэрсэн билээ. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд Засгийн газраас санаачлан 80 орчим цэгт задгай талбайн худалдаа зохион байгуулсан нь ч үр дүнгээ өгсөн. 

Өөрөө хэлбэл өмнөх Ерөнхий сайдуудын хэт улстөржиж, төрийн ордноосоо гаралгүй ажилладаг байсан зарчмыг Н.Алтанхуяг эрс халж, ард түмнийхээ дунд орж чадсаны илрэл нь энэ юм. Тиймээс ч олон нийт Н.Алтанхуяг болон түүний Засгийн газарт сайн үнэлгээ өгсөн нь сүүлийн үед хийгдсэн судлагааны дүнгээс харагдсаар байгаа юм. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд, валютын ханш өссөн хэвээр боловч ард түмний зүгээс Н.Алтанхуягт ийнхүү ам сайтай байгаа нь монголчууд нэг үеэ бодоход хоосон улс төр хөөхөө больсныг илтгэнэ. 

Судалгаа шинжилгээний “Эс Ай Си Эй” компани Нийгмийн хөгжлийн нэгдсэн хүрээлэнтэй хамтран “Нийгэм эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал,  олон нийтийн санаа бодол” сэдэвт судалгааг орон даяар явуулж дуусган дүнгээ гаргажээ. Судалгааны дүнгээр шилдэг зуун улстөрчийг нэрлэсэн байна. Шилдэг улстөрчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрдугаар байрт оржээ. Олон нийт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй тууштай, зөв бодлогоор тэмцэж буйг ийнхүү үнэлснээс гадна хоёр хөрштэй харилцаагаа илэрхий сайжруулж, гадаад бодлогоо өөр төвшинд авчирч чадсан хэмээн дүгнэсэн аж. Угаас Н.Алтанхуягийн үед дотоод зөрчилдөө баригдан 20 жил болсон АН эв нэгдлийг эрхэмлэх болсон байдаг. Энэ чанараараа Н.Алтанхуяг сүүлийн жилүүдэд хоёр хөрштэйгээ төдийлөн сайнгүй харилцаатай байсан Монгол Улсын гадаад бодлогод эерэг уур амьсгал авчирч чадсан явдалд олон нийт ийнхүү өндөр үнэлгээ өгсөн байна. Нөгөө талаар Н.Алтанхуяг хүнд нөхцөлд танхимаа атгасан гар мэт удирдаж чадаж буй нь түүнийг шилдэг улстөрчөөр нэрлэх гол үзүүлэлт болсон талаар эх сурвалж өгүүлж буй юм. Тус судалгаа шинжилгээний компаниас Монгол Улсын сүүлийн гурван Засгийн газрын үйл ажиллагааг харьцуулсан судалгаа хийжээ. С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуягийн Засгийн газруудын хийсэн бүтээснийг үнэлж цэгнэсэн гэсэн үг. Олон нийтээс С.Баярын Засгийн газар 18.2, С.Батболдын танхим 17.7, Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 21.4 хувийн оноог цуглуулсан байна. 

АН-аар овоглож буй Шинэчлэлийн Засгийн газар ийнхүү өндөр оноо авах болсон шалтгаан нь хамгийн бүтээлч гүйцэтгэх засаглалыг бүрдүүлж чадсантай холбоотой аж. Хэлэхээсээ илүү хийдэг хэмээн судалгаанд оролцогчид дүгнэсэн бөгөөд дэд бүтэц, үйлдвэржилт, барилга бүтээн байгуулалтын салбарт хийж бүтээсэн ажлуудыг нь нэрлэжээ. 

Иргэдээ орон сууцжуулах тал дээр зоригтой алхам хийж, ипотекийн зээлийг бүрэн утгаар нь Монголын хөрсөнд суулгаж чадсанаас гадна үйлдвэржилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэн айл өрх бүрийн амжиргаанд түлхэц болсон хэмээн иргэд үзжээ. Мөн Н.Алтанхуягийн үед олон жил яригдсан замын ажил бодитоор биеллээ олсон, авилгатай тэмцэх явц эрчимжсэн гэхчлэн Шинэчлэлийн Засгийн газрынханд олон нийтийн талархлыг хүлээх олон үзүүлэлт байсан байна. С.Батболдын танхимын тавьсан өрийг Н.Алтанхуяг төлж байна гэсэн дүгнэлтийг учир мэдэх хүрээнийхэн хийх болжээ. 

Хэдийгээр МАН-ын гишүүд Чингис, Самурай бондыг өнөөг хүртэл шүүмжилсээр байгаа боловч эдийн засагчид, судлаачид өөрөөр дүгнэдэг. 

Дэлхий нийтээрээ эдийн засгийн зогсонги байдалд орж, ашигт малтмалын үнэ урьд байгаагүй түвшинд унасан энэ хүнд үед Н.Алтанхуягийн Засгийн газар овсгоотой ажиллаж, Чингис, Самурай бонд гарган эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхээс хамгаалж чадсан хэмээн эрүүл хандлагаар дүгнэсэн байдаг. Үнэхээр эдийн засгийн царцангын байдал нүүрлэсэн үед зоригтой, дорвитой алхам хийгээгүй бол өдгөө байдал үүнээс дор байхыг үгүйсгэх аргагүй юм. С.Батболдын Засгийн газрын үед нийгмийн халамжийг хэтэрхий хавтгайруулж байсан нь Монголын эдийн засагт том цохилт, хор уршиг авчирсан билээ. 

үргэлжлэлийг  энд  дарна  уу


Б. Мишээл 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх