Гаднаас ажиллах хүч авдаг тогтолцоог өөрчилнө

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 06
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт барилгын компаниудын удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ван Шяолуныг хүлээж авч уулзсан. Энэ үеэрээ БНХАУ-аас авч буй ажиллах хүчний асуудлыг нэлээд нухацтай хөндөж ярилцсан юм. Тэрбээр цаашдаа Монгол Улс гаднаас авч буй ажиллах хүчнийхээ тоог нэмэхгүй, харин ч бууруулах бодлого барих талаар дурьдсан. Тиймээс энэ асуудлыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа. 


-Хөдөлмөрийн яамнаас 2015 онд “Хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх соёлыг бий болгоход нэгдэцгээе” уриаг дэвшүүлсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян үргэлжилж байна. Саяхан та барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр ямар асуудлыг хөндөж тавив? 

-Хамгийн түрүүнд барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай асуудлыг ярилцлаа. Өнгөрсөн онд улсын хэмжээгээр  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт өмнөх хоёр жилийн дунджаас буурсан дүнтэй ч барилгын салбарт  26 хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо гарсан. 

Үйлдвэрлэлийн ослоор ганцхан салбарт ийм олон хүний амь хохирно гэдэг гуравхан сая хүнтэй манай улсын хувьд эмгэнэл юм. Тиймээс аж ахуйн нэгж бүр  ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйг дүрэм журмын дагуу ханган ажиллахыг анхаарууллаа. Осол гэмтлийг бууруулахын тулд ажил олгогч, ажилтан аль аль нь онцгой хариуцлагатай байх ёстой юм. 

Манай яамны хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулан Засгийн газраар оруулж, одоо УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа. 

-Хуульд яг ямар заалтууд нэмэгдэж орох бол? 

-Уг хуульд хэд хэдэн чиглэлийн өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах явдал юм. Өнөөгийн мөрдөж буй хуулиар үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ажил олгогчийг эхний ээлжинд 300-500 мянга, давтан гарсан бол 1-1.5 сая төгрөгөөр торгодог. Торгуулийн энэ хэмжээг нэмэх нь зүйтэй гэдэг санал оруулсан. Мөн ажилтны  өөрийгөө болон бусдыг үйлдвэрлэлийн ослоос хамгаалах үүргээ биелүүлэхийг ч хуульд тусгаж байгаа. 

Барилгын салбарт гарсан ослын хариуцлагыг ярих гэхээр ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэхчилэн хэн хүлээх нь тодорхой биш болдгийг ч өөрчлөх ёстой. Мөн барьж байгаа барилга дээрээс төмөр унаад гудамжинд явж байсан хүний аминд хүрсэн тохиолдол нэг биш удаа гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс барилгын гаднах талбай, үйлдвэрлэлийн орчны стандартыг ч нарийн сайн тодорхойлж өгөх шаардлага байна. 

Хуульд орж буй нэг чухал өөрчлөлт нь эрсдэлтэй ажлын байрны даатгалын тухай заалт юм. Эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлж, энд ажиллаж буй ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөхөөр тусгаж байна. Даатгалын доод хэмжээг ч зааж өгөх хэрэгтэй бөгөөд одоогийн төслөөр 36 сарын цалинтай тэнцэхээр байх нь зөв хэмээн үзсэн. 

-Манай барилгын салбарт гад­наас ажил­лах хүч ол­ноор ав­даг. Ялан­гуяа БНХАУ-аас жил бүр олон мян­ган хүн авч ажил­­луулд­гийг өөрч­лөх та­лаар ярьж бай­сан. Яг ямар ар­га хэм­­жээ ава­хаар төлөв­лө­сөн бэ? 

-Монгол Улс жилдээ 25-28 мянган ажиллах хүч гад­наас авдаг. Хэдэн жилийн өм­нө намайг Нийгмийн хамгаа­лал, хөдөл­мө­рийн дэд сайдаар ажиллаж байхад л ийм хэм­жээ­ний ажиллах хүч гэднээс авдаг байсан. Гаднаас авч буй ажиллах хүчний 50 хувь нь барилгын салбарт ногддог бөгөөд тэдгээрийн дийлэнх нь манай урд хөршөөс ирсэн ажилчид байдаг. Саяхан надтай БНХАУ-аас манайд суугаа Элчин сайд уулзаж, тус улсаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьсан. 

Би Элчин сайдад эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулалт буурч, дотооддоо ажлын байр хомсдож байгаа учраас Хятадаас авах ажиллах хүчний тоог нэмэх боломжгүй гэдгийг хэлсэн. Харин ч боломжтой бол багасгах, цөөрүүлэх бодлого баримтлахаа тайлбарласан. Үүний тулд дотоодын ажиллах хүчээр гаднаас авах хүнийхээ орон зайг нөхөх тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. 

-Гаднаас авах хүнийхээ тоог цөөрүүлэхийн тулд оронд нь ажиллах ур чадвартай монгол ажилчдыг бэлтгэх хэрэгтэй биз дээ?

-Манай  Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд олон мянган залуус сурч, жил бүр хэдэн зуугаараа төгсч байна. Гэтэл тэдний багагүй хувьд нь ажлын байр олддоггүй. Ийм байхад бид гаднаас хүн авч ажиллуулахын оронд дотоодын ажиллах хүчнээ ажлын байртай болгоход анхаарах хэрэгтэй биз дээ. 

Манай ажил олгогчид монголчууд залхуу, ажил тасалдаг гэсэн шалтаг тоочдог. Аль болгон бид монгол залуусаа голох вэ. Тэднийгээ хөдөлмөрлүүлж сургая л даа. Монголчууд гадаадад очихоороо аливаа зүйлийг амархан сурдаг, сайн ажилладаг гэж үнэлэгддэг. 

Тиймээс бид барилгын компаниудад энэ жил гаднаас авсан ажилчдынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх тооны монгол ажилчдыг дагалдуулан сургаж ур чадвар, технологи эзэмшүүлэх шаардлага тавина. Ирэх жил гаднаас ажиллах хүч авах квотыг нь энэ оныхоос 30 хувиар бууруулж олгох замаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж харж байгаа. Түүнээс гадна монгол ажилчдыг сургах зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах боломжтой. 

-Хятадаас ирж буй ажилчдыг  ямар шалгуураар авдаг юм бэ?

-Одоо бол манай компаниуд өөрсдөө очиж, Бээжинд ч юм уу, Эрээнд ч юм уу гэрээ хийгээд  ажилчин авч байгаа. Энэ байдлыг ирэх жилээс зогсооно.  Хятадын ажиллах хүчний гэрээг төрийн байгууллагатай байгуулан, тэдний бүртгэж сонгосон ажиллах хүч­нээс авдаг тогтолцоонд шил­жих ёстой.  

Ингэхдээ жинхэнэ ур чад­вартай, нарийн мэргэшсэн хүнийг л авна. Тус улсын хувьд мэр­гэ­жилтэй ажилчиддаа Боловс­ролын яамнаас нь үнэмлэх олгодог. Гэтэл одоо манайд орж ирж байгаа хүмүүсийн дийлэнхэд нь ийм үнэмлэх байхгүй. Нэг үгээр хуурамч үнэмлэхтэй хар ажилчид гэдгийг нуух хэрэггүй. Тиймээс бид Хятадаас оруулж ирж буй ажиллах хүчнийг Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаардана.

-Нэг компани ажиллах хүч оруулж ирдэг, нөгөө нь ав­­даг нэг төрлийн наймаа мая­гийн зүйл бий болсон гэдэг шүүмж­лэлийг та сонссон байх. Ажил­лах хүч зуучилдаг ком­паниудыг яаж зохицуулах вэ? 

-Ажиллах хүчний наймаа гэж үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл бий болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Үүнийг бий болгодог буюу гаднаас авсан ажиллах хүчний квотыг компаниуд гэрээ дууссан ч гэдэг юм уу шалтгаанаар бусдад шилжүүлдэг асуудлыг бүрмөсөн зогсоосон. 

Хэрэв тухайн компанийн ажил дууссан бол гаднаас авсан ажилчдаа гарга, хэн нэгэнд хэрэгтэй бол хууль номынх нь дагуу материалаа бүрдүүлээд ханд, бид асуудлыг шийдэж өгнө гэдгийг хэлж ярьж, анхааруулж байгаа. Тэгээд ч Хөдөлмөрийн яамнаас өгсөн зөвшөөрөлтэй квотоор орж ирж буй нөхцөлд л ажиллах хүчний виз олгоно. Түүнээс хэн нэгнээс шилжүүлж авсан тохиолдолд виз олгох боломжгүй учраас энэ байдал зогсох боломжтой.

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх