Яс цоож буюу “ГЯНДАНД” хоригдсон хянагч

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 07

 

Олны амаар “яс цоож” хэмээн нэрлэдэг газар бол гяндан  ажээ.  Энд  онц ноцтой гэмт хэрэгтнүүд үйлийн  үрээ  эдэлдэг,  ёстой  онцгой бүс. Сэтгүүлчид ч төдийлөн нэвтэрч байсангүй.  Зөвхөн  таамаг  төдий цуурхал, үлгэр домог шиг ярианаас өөр  төсөөлөл  хомс.  Харанхуй  битүү өрөөнд цахилгаанаар цохиулан хэвтдэг  гэнэ.  Эсхүл  галзуурч  үхсэн  гэнэ  шүү   гэх  мэтчилэн  олны ам дамжсан цуурхал сэтгэл жихүүцүүлдэг. Чухамдаа даргынхаа амийг хөнөөсөн  эс  тангарагтан  цэргүүд, найман настай охиныг мөчилж хөнөөсөн  Н.Мөнх­-Оргил,  гэр бүлээ хүйс тэмтэрсэн Т.Баярбат гээд зүрх зүсч,  сэтгэл  сэмлэсэн  хэргүүдийг үйлдсэн  этгээдүүд  буюу  эрүүгийн элементүүдийг  хорьдог  учраас босгыг нь давахаас айдас хүрмээр. Тэрхүү  чанга  нэртэй  онцгой  бүсэд хоригдож  буй  хүмүүстэй  тулж ажилладаг  төрийн  алба  хаагчдын тухай бодит мэдээлэл бүр ч хомс.
    
Яс цоожны  ялтнуудтай  яг  нүүр тулж  ажилладаг  цөөхөн  хүн  бий. Тэд бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын  алба  хаагчид.  Өөрөөр хэлбэл,  гянданд  шүүхийн  тогтоолгүй хоригдсон хянагчид. Тэдний нэг өдрийн ажлыг сурвалжлахаар бид Улаанбаатар  хотоос  зайдуу  орших Тахир  соёот  буюу   Цагдан  хорих 405  дугаар  ангийг  зорилоо.  Нийслэлээс  40  гаруй  минут  давхисаар гяндангийн  барааг  харав.  Ойртон очиход, эргэн тойрон төмөр тороор хүрээлэгдсэн  хашаан  дотор  өнгө нь   гундсан  гурван  давхар  саарал байшин цаанаа л нэг дүнсгэр харагдана.  Салхи  сэвэлзэж,  агь  таана үнэртсэн  сайхан  мэдрэмж  хормын төдийд  хийсэн  арилж,  гяндангийн хүйтэн  зэврүүн  уур  амьсгалаар солигдох  нь  тэр.  Хаашаа  л  харна энд тэндгүй төмөр хаалга хяхтнаж, төмөр сараалжин торонд эрх чөлөөгүй  амьдрал  өдөр  хоногийг  өнгөрөөнө.  Хаалга  болгоны  үүдэнд төрийн  сүлдээ  тэргүүндээ  залсан эрээн хувцастай хянагч нар зогсоно.Бид  тус  ангийн  дарга  дэд  хурандаа С.Батсайхантай  уулзахад  сурвалжлагч миний зорьсон хэргийг сонсоод энэ гянданд 80 гаруй хоригдол ял  эдэлж  байгаагаас  90  гаруй  хувь нь  онц  хүнд  гэмт   хэрэг  үйлдсэн болохыг товч дуулгав. Тэдний дотор хүчингийн  гэмт  хэрэг  үйлдсэн гурав,  хулгайн  гурав,  дээрэм,  танхайн  хэрэгтэн  тус  тус  нэг  гээд төрийн алба хаагчийн биед санаатай халдсан  этгээд  ч  байна.  Хамгийн аймшигтай нь тэд бүгдээрээ эрдэнэт хүний алтан амийг онц хэрцгийгээр бүрэлгэжээ.

Монгол Улсын нэрийн өмнөөс цаазын ял сонссон ч төрд өршөөгдсөн 34 хүн ял эдэлж байна. Яс цоожинд ял эдэлнэ гэдэг бусад хорих газруудаас огт өөр. Харуул хамгаалалт ч чанга. Тус  хорих  ангийн  алба  хаагчдын олонх  нь  Улаанбаатараас  ажилдаа ирдэг  ажээ.  Арав  гаруйхан  хүн  л тэндээ суурин амьдардаг юм байна. Хэцүү  нэртэд  морилсон  хэрцгий хэрэгтнүүдийг хянагчид телекамер, тусгай  хэрэгслүүдийн  тусламжтай хяналт  тавин  манадаг  аж.  Манадаг гэхээр  манаач  гэж  эндүүрэх  вий, хамгийн  гол  нь  байнга  хянаж  байдаг.  Учир  нь  гяндангийн  хянагчид бол  ард  олныхоо  амгалан  тайван байдлын  манаанд  нүд  цавчилгүй зогсдог хүмүүс гэж болно. Хүмүүн бусын  орилоон  хашгираан,  үзэн ядалт ханхалсан хараалын үгс хайр найргүй  шидлэх  тэр  л  хоригдлуудын   дүр  төрхийг  харж,  дуу  авиаг сонсох  тийм  ч  амар  даваа  биш. Ээж  нь  бурхан  болсон  хоригдолд муу  мэдээ  дуулгах,  эргэлт  оруулахгүй  өдөр  гянданд  ирээд  нулимс дүүрэн  нүдтэй  буцаж  байгаа  тэдний  ар  гэрийнхнийг  үдэх  зэрэг  нь хянагчдад  өдөр  бүр  тохиолддог бэрхшээлүүдийн нэг.

Холбоочин бүсгүй хором бүрийг ажиглана

Саарал  байрны   хоёр   давхрын өрөөнд  дүрэмт  хувцастай  гуч  гаруй  насны   нүдэнд  дулаахан  бүсгүй хяналтын теле камеруудыг нүд цавчилгүй ширтэнэ. Хананд эгнүүлсэн  теле  камерт  үзэгдэх  дүрсийг харвал  баруун  талаасаа  гурав  дахь хэсэгт бидний танил мөнөөх Хөвсгөлийн  гэх  тодотголтой  Н.Мөнх­Оргил хааш хаашаагаа есөн метр кв орчим зайтай өрөөндөө гимнастик хийж, нааш цааш холхиж буй харагдана.  Харин  зэргэлдээх  камерт  нь 20  орчим  насны  залуу  таазруу гөлийн  хөдөлгөөнгүй  зогсох  агаад нөгөө  талд  хоёр  хүн  зураг  зурж байгаа дүр содон санагдав. Ангийн даргаас  учир  байдлыг  тодруулбал, хоригдлууд  цаас,  лаа  тэргүүтнээр баримал  бүтээж,  уран  зураг  ч зурдаг  гэнэ.  Зарим  нь  лаагаар  бурхан  бүтээж,  нүглээ  нимгэлэхийг хичээдэг гэх.

Хяналтын камерт үүрэг  гүйцэтгэж  буй  эмэгтэй  бол  харуул  хамгаалалтын  холбооны  ахлагч Л.Буянцэцэг. Тэрбээр тус хорих ангид  нэлээд  хэдэн  жил  ажиллаж буй гэнэ. Хүн л юм хойно шантрах, сэтгэл үймрэх зүйл олон тохиолддог ч тангараг өргөсөн цэрэг гэдгээрээ бахархдаг. Л.Буянцэцэг  холбоочин “Хүнийг  ганцаарчлан  хорьж  буй нь өөрийнхөө нүглийг бодож ухамсарлах,  алдааг  бусдаас  бус  өөрөөсөө хайх боломжийг эрэл хийлэх тэр нөхцөлийг  хангаж  өгдөг  гэж  ойлгодог” гэв. Хянагч нар давхар давхартаа хоригдлуудыг хянана. Минут тутамд  нэгэндээ  нөхцөл  байдлаа танилцуулж  байх  юм  билээ.  Холбоочны  өрөөнд  түр  саатсан  бид халуун  цэг  буюу  гяндангийн  хоригдлуудын  өрөөний  нөхцөлтэй хальт танилцсан юм.

Гурван давхар цоожтой төмөр хаалгыг  нэвтэрч,  сая  л  гяндангийн  хүмүүжигчдийн  коридоррүү  нэвтрэв.  Сараалжин  төмрөөр  торлосон хаалганы цаанаас цонхийсэн цагаан царай,  хацар  нь  хонхойж,  гөлөрсөн  харцтай  хоригдлууд  бачимхан өрөөндөө нааш цааш холхих аж. Тэд гаднаас орж ирсэн хүмүүсийг эвэртэй  туулай  үзсэн  мэт  цоо  шир тэх нь  цаанаа  л  нэг  айдастай.  Цементэн  саарал  шал,  хүйт  даасан  хана, чийг  ханхалсан  уртаас  урт  хонгил гяндангийн өнгөц төрх.

Нэгэн камерын  хүмүүжигчтэй  цөөн  үг  солив. Түүний  нэрийг  Б  гэдэг.  Өдгөө  гянданд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа гэнэ.

-Энд ирээд хэдэн жил болж байна вэ?

-Гурав дахь жилдээ ялаа эдэлж байна. Анх найзуудтайгаа доргиж яваад л  согтуугаар  хүний  амь  хөнөөчихсөн.  Шүүхээс  таван  жил  гяндан, 20 жилийн чанга дэглэмтэй ял эдлэхээр  орж  ирсэн.  Их  ч  зүйлийг ухаарч  байна.  Эрх  чөлөө,  ээж  аав, найз нөхөд ямар эрхэм зүйл болохыг ойлгосон.

-Хохирогчийнхоо  тухай  боддог уу?

-Намайг  энд  хоригдсон  жил  ээж маань  бурхан  болсон  юм.  Ямар их  шаналж,  ямар  их  гуниглаж  энэ хорвоог  орхисон  бол  гэхээс  өр  зүсэгддэг.  Яг  ээжийгээ  талийгаач болчихлоо  гэдэг  мэдээг  сончихоод сэтгэлзүйчээс  зул  аваад  асаах  тэр агшинд хохирогчийнхоо тухай бодсон.  Ар  гэрийнхэнд  нь  хичнээн хүнд байсан бол. Би ямар том нүгэл, ямар их хагацал, гайг тэр гэр бүлд учруулсан  бол  гэж  бодсон.  Сэтгэл маш их өвдсөн шүү. Эндээс гарвал хамгийн  түрүүнд  хохирогчийнхоо гэрийнхнээс очиж уучлалт гуйна.

-Хэдэн  настайдаа  шүүхээс  ял сонссон бэ?

-Дөнгөж  19  настай.  Одоо  би  хоригдоод  суллагдвал  44  настай  суллагдана. Хийж  бүтээх  залуу  нас минь  өргөст  торны  цаана  өнгөрнө гэж бодохоор бөөн харуусал гуниг. Нэг  нэгнийгээ  хайрлах  хайр,  сурч боловсрох залуу нас минь яг л энэ өрөөнд үлдэж байна шүү дээ.

-Хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Архи,  дарс  зугаа  цэнгэлээс  хол яваарай залуус аа. Түр зуурын жаргал чинь насан туршийн амьдралыг тань  баллана.  Найз  нөхдөө  ч  зөв сонгоорой. Хэзээ  ч  архи  дарсанд  битгий  согтуу раарай гэж хэлье дээ.

Санаа алдан  гунигтай  нь  аргагүй  шал  ширтэн  ярих  21  настай  энэ  залуугийн өрөөнд  хоёр  метр  орчим  урттай ор,  хуванцар  аяга,  жижигхэн дөрвөлжин шүүгээ тэргүүтэн байх бөгөөд  хажууханд  нь  бие  засах газрынх нь үнэр ханхийж, тэр чийг даасан  хүйтэн  өрөөний  буланд араас  гөлөрсөн  харцаар  ширтэн үлдэв.  Бид  тэндээс  гараад  гурван жилийн  өмнө  заставын  даргаа буудаж хөнөөн олныг цочирдуулсан дуулиант  хэргийн  эзэн  хилчин Б.Тулгатай уулзсан юм.

Гяндангаас үзэгдэх "Цагаан уул" өөр хэнд ч харагдахгүй

Гяндангийн юм бүхэн төмөр тор, цоож цуургатай. Хүмүүс нь хүртэл гартаа гавтай. Төмөр гинжээр гар, хөлөө дөнгөлүүлсэн дунд зэргийн нуруутай хорь орчим насны залууг харгалзагч хөтөлж явна. Биеийн тамирын өмд, цамц, пүүзтэй энэ залуу гурван жилийн өмнө цэрэг хувцастай байхдаа Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хилийн цэргийн Шанагын заставт үүрэг гүйцэтгэж яваад харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийн нэг М.Тулга юм байна. Олныг цочирдуулсан хэрэг шил шилээ даран гарсан тэр жилийн хамгийн их дуулиан тарьсан хэргийн эзэн. Түүнийг харгалзагч гяндангийн өрөөнд нь оруулж суулгав. Шоронгийн ёозгүй амьдралд гундсан түүнтэй хэдэн үг солих сониуч зангаа дийлж төвдсөнгүй. Ялтан залуугийн нүд нь бүлтэгнэж гар нь салгалах юм. Зүрх нь оволзож амьсгаа нь түргэсчээ. “Чи хэзээ орж ирсэн бэ” гэж асуутал давхийтэл цочин над руу нэг том харснаа хана руу хараад суучихав. Үг солих гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтлээ. Гяндангийн бүүдгэр өрөө нам гүм хэн. Өтгөн шингэний үнэр хамар цоргиулж, хажуу өрөөнд хүн ханиалгах нь тодоос тод сонсогдоно.

Хүмүүжигчдийн байж ядсан байртай нааш цааш холхих чимээ чихэнд чийртэй. М.Тулга хэсэг дуугуй сууснаа ам нээв. Түүний хувьд орж ирснээсээ хойш ээжтэйгээ гурван удаа уулзжээ. Ер нь гяндангийн дотоод журмаар хоригдогсод жилд нэг удаа гурван цагийн хугацаатай эргэлт авах боломжтой юм байна. Ээж нь хамгийн сүүлд уулзахдаа юу гэж захисан бэ гэж асуутал нэлээд эмзэглэж буй бололтой хоолой нь зангирч, нүдний аягаар нь нулимс дүүрээд ирэв. “Ээж үү” гэж хэлээд уртаар санаа алдсанаа “Миний хүү эрүүл байх хэрэгтэй шүү. Гол нь тайван байгаарай. Эрүүл байвал залуу хүн гараад л ирнэ, ээж нь хүүгээ хүлээнэ ээ. Хүүгийнхээ гяндангаас суллагдаж, эрх чөлөөтэй алхахыг заавал харна шүү” гэж захисныг хэлэв.

-Хэдэн онд энд ирсэн бэ?

-2009 онд цэрэгт алба хааж байхдаа хүний амь хөнөөсөн. Тэгээд л тэр жилдээ шүүхээс ял аваад орж ирсэн. Тухайн үед уураа барьж чадалгүй хүний амь насыг хөнөөсөндөө одоо маш их харамсдаг.

-Та нарын үйлдсэн хэрэг нийгмийг цочирдуулсан шүү дээ. Шүүхээс цаазын ял сонсоход юу бодогдож байв?

-Маш хүнд хүлээж авсан. Дотор харанхуйлаад л нэг л сонин мэдрэмж төрсөн. Тэр үед би юу хийчихсэн юм бэ гэж анх удаагаа л өөрөөсөө асуусан. Гэрийнхнийгээ л их өрөвдсөн дөө. Одоо ялаа эдлээд гурван жил болж байна.

-Та хэд даргыгаа буудаж хөнөөчихөөд олон хүнийг барьцаалсан байдаг. Тухайн үед өөрийн гэсэн ухаантай байсан уу?

-Бид тухайн үедээ “Бригад” киноны баатруудтай адилхан болчихсон юм шиг санагдаад инээлдэцгээж байсан. Тэгээд нэг нэгэндээ “Найзууд аа, бид яг л кинонд тоглож байгаа юм шиг гоё байна, тийм үү” гэж хэлж байснаа санадаг юм. Одоо бодоод үнэхээр харуусдаг.

-Гянданд орсон анхны өдрөө юу бодож байв?

-Эхний өдөр маш хүнд санагдсан. Үгээр илэрхийлэх аргагүй. Газар дайвалзаж, нүд харанхуйлж, юу болж буйг ухаарч чадахгүй байсан. Хэзээ ч төсөөлж байгаагүй, огт өөр ертөнцөд ороод ирсэн. Бачуурч, орилж хашгирмаар. Нүд харанхуйлж, гэр бүлээ маш их санаж эхэлсэн шүү. Бүх амьдралаа шоронгийн өрөөнд өнгөрөөнө гэж бодохоор гутамшигтай, дэндүү харамсмаар санагдсанаа нуугаад яах вэ.

-Ээж нь уулзаад юу гэж захих юм?

-Миний хүү эрүүл байгаарай. Ээж нь хүүгээ гарч ирэхийг нь хүлээнэ гэдэг. Заримдаа ээж уйлж байгаагаар миний зүүдэнд ордог юм. Хөөрхий дөө, ээж минь ямар их шаналж байгаа бол гэж бодохоор дотор харанхуйлдаг шүү. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй л гэж захидагдаа.

-Энэ өрөөнд өглөөнөөс орой болтол юу хийдэг вэ?

-Дотоод журмын дагуу өглөө босно. Өдөр нэг цаг салхинд гарна. Тэгээд л өрөөндөө өнжинө дөө. Тодорхой хуваарийн дагуу хооллодог. Ер нь аль болох өөрийгөө завгүй байлгах гэж л хичээдэг. Тэгвэл сэтгэл үймрэх нь бага. Тэгэхгүй бол элдэв зүйл бодоод яг солиормоор санагддаг юм. Дасгал сургуулилт хийнэ. Хорихоос биднийг 14 хоногт нэг удаа усанд оруулдаг.

-Хамгийн сүүлд хэзээ хүнтэй үг солив?

-Хааяа хянагчтайгаа л үг сольдог. Эрэгтэй хүмүүс л болсон хойно хоорондоо сэтгэлээ нээж ярих үе бий л дээ. Мөн шаардлагатай үедээ сэтгэлзүйчтэйгээ уулзана. Зан чанарын болон бясалгалын хичээл заалгадаг юм. Яг одоогоор бол сэтгэл санаа харьцангуй тогтвортой л байна.

-Хохирогчийнхоо тухай бодох юм уу?

-Бодох үе бий. Харуусдаг шүү.

-Залуучуудад хандаж юу хэлэх вэ?

Хэзээ ч засч болохгүй алдаа гэж бий. Уур омгоо дарж яваарай. Залуу насаа надтай адилхан шоронд өнгөрөөв дөө гэж хэлье дээ. /санаа алдав/. Тэрээр надтай ярилцаж байхдаа харц нь тогтворгүй, цаанаа л нэг айсан төрхтэй. Ярьж байхдаа орныхоо дэвсгэр даавуунаас чанга гэгч нь атгачихсан харагдав. Тэрбээр бурхны ном уншиж, нүглээ намчилж байгаа гэв. Түүнчлэн эрх чөлөөтэй байхдаа сурч боловсрох насаа үр дүнгүй өнгөрөөсөндөө дэндүү их харамсдгаа ч нуусангүй. Даанч оройтсон доо гээд санаа алдав.

“Яс цоож” буюу гяндангийн хоригдлууд “Цагаан уулын бэл рүүгээ явна даа” гэж хэлээд амиа хорлох оролдлого хийх нь энүүхэнд. Тэд үхье гэж нэг л шийдсэн бол янз бүрийн арга хэрэглэж амиа егүүтгэхээр зүтгэдэг гэх. Нэг хоригдол бүр сарын турш хянагч нараа сандаргажээ. Хоолноос гарч, үг ч дуугарахгүй гөлийчихнө. Ер нь тэд “Цагаан уулын бэл” яриад л унтах нь багасвал үхэх тухай бодолдоо хөтлөгдсөн нь тэр гэж хянагч хэлэв.

Ааваа таны өрөө хүйтэн байна уу

“Яс цоож”ны хоёр давхарт нэгэн өрөө бий. Тэнд хоригдлууд жилд нэг удаа гэрийнхэнтэйгээ уулздаг юм билээ. Уулзаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс шалнаас бэхэлсэн дөнгөтөй. Тэр дөнгөөр хоригдлуудыг дөнгөлнө. Эндэхийн дотоод журмаар хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ жилд нэг л удаа гурван цаг л уулзах зөвшөөрөлтэй. Тэрхүү уулзалтын өрөөнд санал сэтгэгдэл бичих дэвтэр байрлуулсан байх агаад ээж нь хүүтэйгээ уулзаад баярласнаа илэрхийлсэн зурвас, охин нь аавдаа хандан хоригдож байгаа өрөө нь ямар хүйтэн байгаа бол гэж харуусан гунигласан олон сэтгэгдэл тэр дэвтэрт бичигдэн үлджээ.

Ц гэх 13 настай охины захидлаас сийрүүлбэл “Аав аа, охин нь том болж байгаа шүү. Таныгаа зөндөө их санадаг. Өрөө чинь их хүйтэн байна уу. Та их даарч байгаа биз дээ. Ааваа би Гэрэл эгчтэй хамт зах яваад танд дулаахан хүрэм авсан” гээд нулимсанд норж цаас нь халтартсан тул бичиг цааш уншигдахааргүй болжээ.

Гяндангийн хамгийн ахмад нь 18 жил хоригдсон хүмүүжигч бий. Түүнийг О гэдэг. Нүд нь хонхойж, шанааны яс нь ёрдойж, арьс нь хууларчээ. Цаанаа л үхмэл, яс шиг цагаан царайтай юм. Түүнийг шоронд орох тэр жил “Москвич”, “Лада” ид моодонд орж байжээ. Тэрбээр 1990-ээд оны үед “Тохиролцооны дэлгүүр”-ийн гадна улаан усаар архи даруулж ууж байгаад хүний амь хөнөөсөн гэх. Түүнийгээ ээрч муурч, үгээ арай ядан эвлүүлж ярих нь хүний ертөнцөөс бүрмөсөн тасарч дээ гэх сэтгэгдэл төрүүлэв. Тэр одоо гадаад ертөнцийг төсөөлж чадахгүй. Олон машин, өндөр өндөр байшин барилгатай болсон байх хэмээн таамаглаж буйгаа арай ядан илэрхийлэв. Түүний хавирга нь цамцных нь цаанаас нэвт харагдах аж. Туниа муутай гараараа хана налж зогсоно. Тэр эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг огтоос мэдэхгүй. 1990-ээд оны үеийн давс, сахараас өөр зүйлгүй лангуу, картын барааны үеэс өөрийг төсөөлж чадахгүйгээ өгүүлэв.

Ер нь онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэрэгтнүүд энд хоригддог тул хянагч нарт маш хүнд. Зарим нь орилж хашгирна. Амиа хорлох оролдлого хийнэ. Элдэв ааш гаргаж, хянагч нарыг зовоох бол энүүхэнд. Тэд орж ирсэн эхний гурван сардаа томоотой байх боловч хоног хугацаа өнгөрөх тутам дуу нь өндөрсч эхэлдэг гэнэ. Сэтгэл санаа нь үргэлж тогтворгүй байдаг учраас сэтгэлзүйчид нь нэлээд ачаалалтай ажилладаг байна. Хоригдлуудад гадны шашны байгууллагынхан сургалт явуулна. Гэгээрэл, бурхны сургаал сонсгоно. Буддагийн ном уншиж, сэтгэл санааг нь тогтворжуулдаг ажээ. Биднийг очих үеэр шашны байгууллагын сургагч багш нар ирчихсэн сургаалаа сонсгож байв. Энэ үеэр дөрвөн хоригдол олбог тавьж суусан агаад нүдээ аньж, энгэртээ гараа тавьсан харагдана. Ном уншиж бясалгахаас гадна гарын дүйтэй хоригдлууд лаа, савангаар бүтээл урлана. Зарим нь уран зураг зурсан бол, зарим нь цаасаар янз бүрийн бүтээл шаглажээ. Азарганы ноцолдоон, монгол шатар, эвтэй дөрвөн амьтан, усан онгоц, гар хатгамал зэргийг уралсан нь их л содон санагдав.

Гянданд А гэгч 50 гаруй насны хоригдол байна. Зураач, бүр гайхамшигтай уран зурдаг юм билээ. Түүний зурсан зургийг үзээд биширсэн хүн олон. Тэр 25 жил шоронд суугаад суллагдсан боловч саяхан дахиад л ороод ирсэн гэх. Одоо тэрбээр дахин 25 жилийг эндээ үднэ. Бас л архи уугаад согтуурахдаа хүний амь хөнөөсөн аж. Гэхдээ тэр өрөөндөө хамгийн сайн хүмүүжигч. Зургаа зурсаар л сууна. Хаашаа ч харахгүй. Ямар ч зүйлийг анзаарахгүй. Хянагч нарын хэлж байгаагаар хоригдлуудын сонсох эрхтэн нь маш сайн хөгжсөн байдаг гэнэ. Алхаагаар нь ямар хянагч, хэн ирж буйг шууд л танина. Дарга нарын алхааг бол бүр ч андахгүй. Зарим хоригдол хянагч нарыг сэтгэл санаагаар дарамталдаг гэнэ. “Хөөе эхнэр чинь өөр хүнтэй явж байгаа. Чи тэгэхэд энд юу ч мэдэхгүй. Хохь нь муу п...” гээд л хараал урсгах нь энүүхэнд.

Өвдсөн хоригдлуудыг тусад нь эмнэлэгт хэвтүүлнэ. Нэг эмч, хоёр сувилагчтай. Биднийг очих үед гяндангийн эмч хот руу сургалтад явсан байв. Гяндан дотор байрлах эмнэлгийн үүдээр явтал хоёр хоригдол хаалга руугаа дөхөж ирээд биднийг их л сонжсон байдалтай харж байснаа гэнэт нуугдан алга болов.

Гяндангийн хоригдлуудын хамгийн залуухан нь 20 настай О. Бас л эрдэнэт хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн нэгэн. Ер нь “яс цоож”-д 20-28 насны арав гаруй хүмүүжигч бий. Зарим нь 18-хан настай өргөст торны хаалгыг татсан байх юм. Тэд ихэвчлэн олуулаа согтуурч дарвиж яваад хүний амь хөнөөсөн гэдэг. Уур омгоо даралгүй, нэгнийгээ хөөр гөснөөс үүдэн хүний аминд хүрч бүх насаа гяндангийн давчуу өрөөнд өнгөрүүлж байна даа гэж харуусан гуниглах хүн олон таарав.

Нэгэн хоригдол “Би хэрэгт орохын өмнөх өдөр нь гэрийнхэнтэйгээ ширээ тойрч суугаад хооллож суусан юм. Тэр үед ямар их аз жаргал, ямар их эрх чөлөөтэй байсан юм бэ. Инээж хөхөрч, намар нь орох сургуулийнхаа бэлтгэлийг хэрхэн базаах талаар ярилцаж суусан юм. Гэтэл маргааш нь хар ус балгаж дэмий тэнэж яваад хэрэгт орчихсон. Эгч маань намайг тэр орой гарах гэтэл ”Миний дүү орой болчихсон байна шүү дээ. Гадагш гарч яах гэсэн юм. Унтаж амар” гэж хэлэхэд нь би зөрүүдэлсээр гэрээсээ гарч явсан. Тэр шөнө нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо архи ууж, юу хийснээ ч санадаггүй. Нэг л мэдэхэд, би гартаа гавтай цагдаагийн хэлтсийн өрөөнд хэвтэж байлаа” хэмээн хоолой зангируулан ярив. Тэнд хоригдож буй хүмүүжигчдээс харууссан сэтгэлээ нууж төвдөхгүй нэгэн ч байв. Гяндангийн хоёр давхрын мухрын өрөөнд хоригдож буй 21 настай Л гэх залуу тааз ширтсэн чигээрээ гөлөрчээ. Тэр бодолдоо автан эргэн тойрноо анзаарах сөхөөгүй зогсоно. Түүнийг яагаад ийм байдалтай буйг хянагчаас асуувал “Л-ийн ээж өнөөдөр Америк руу нисч байгаа юм билээ. Тэгэхдээ бүр олон жилийн хугацаагаар Америк орныг зорьж байгаа гэсэн. Тэрбээр ээжийгээ хилийн дээс алхахын өмнө нь сэтгэлийнхээ үгийг тэрлэсэн захидлыг бичлэг болгон явуулсан” хэмээн хянагч ярив. Хүү ээжтэйгээ хэзээ уулзахаа таах аргагүй. Өөрийгөө гяндангаас 25 жилийн дараа гарлаа гэхэд ээж нь мэнд байхыг мэдэхгүйгээ гуниглан ярьсан гэж ойр хавийнхан нь хэллээ.

Тэрхүү шоронгийн ёозгүй амьдралд гундсан олон арван залуус давчуухан өрөөндөө хөлхөх чимээ цаанаа л нэг харуусал тээнэ. Гяндангийн зэврүүн хонгилын баруун талаасаа хоёр дахь нь 23 настай Ц-гийн өрөө. Тэр яс чангад хоригдоод яг таван жилийн нүүр үзэж буй аж. Цэнхэр бэлтгэлийн хувцастай, өндөр туранхай залуутай бид цөөн үг солихоор уулзсан юм. Түүний сэтгэл зүй одоохондоо тогтуун байгаа гэж сэтгэлзүйч нь тайлбарлав. Шалны будаг нь халцарч халтартсан давчуухан өрөөнийнхөө зүүн талд байрлах модон орон дээр буруу харж суусан тэрбээр залууст сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.

-Хэдэн настай энд орж ирсэн юм бэ?

-Одоогоос таван жилийн өмнө 18-хан настай байхдаа залуу насны ааг омгоор хүний амь хөнөөчихсөн. Тэр жилийнхээ намар аравдугаар сард шүүхээр орсон л доо. Ялын дээд хэмжээ авчихсан. Яах аргагүй үйлдсэн хэрэгтээ тохирох ялаа авсан ч амьдралд ч хөл тавиагүй би чинь 18-хан настай шүү дээ гэж бодохоор дэндүү харуусмаар санагдсан. Би буудуулна. Би цаазлуулна гэж бодохоор нэг хөл хаалганы цаана нэг хөл хаалганы наана байгаа юм шиг санагдаад солиорох шахсан.

-Дунд сургуулиа төгссөн байв уу?

-Аравдугаар ангиа төгсөх жилийн хавар л даа. Цэргийн хүн болно гэж боддог байсан юм. Мэдээж сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл их байсан юм шүү дээ. Гэтэл буудуулах ял сонсчихоод тэнгэр хөмрөх шиг л болсон.

-Цаазын ялыг 30 жил гяндангаар солиход юу бодогдов?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Монголын төр иргэнээ хороохгүй гэж ярилцлага өгсөн гэж сонсоод маш их баярласан. Тэрийг сонсоод бид амьдрах юм байна. Бидний амьдрал үргэлжлэх юм байна бодсон.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд хохирогчоосоо уучлалт гуйсан уу?

-Мэдээж хохирогчоо бодно. Анх шүүх хурал дээр орохдоо уучлалт гуйя гэж бодож байсан юм. Гэхдээ уучлалт гуйж чадаагүй. Хэрэв эндээс амьд гарвал, амьдралын хүрд эргүүлэх боломж гарвал уучлалт гуйна гэж боддог доо. Тэрбээр “Би чинь 18-хан настай байсан шүү дээ” гэж давтан давтан хэлсэн бөгөөд залуу насаа өргөст торны цаана эрх чөлөөгүй өнгөрөөж буйдаа дэндүү их харуусч явдгаа нуусангүй.

Монгол Улсын хэмжээнд ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад 7000 орчим хүмүүжигч хоригддог гэсэн судалгаа бий. Тэднээс 91 хүмүүжигч энэхүү онцгой бүсэд хоригддог юм байна.

Гянданд онцгой хэрэгтнүүдийг хянадаг алба хаагчид онц сэрэмжтэй ажиллах үүрэгтэй. Учир нь энэ бүсэд онц хүнд хэрэг үйлдсэн ялтнууд хоригддог. Тус ангийн дарга “Цаазын ялаас уучлагдсан хүмүүсийг энд үхэх ёстой гэсэн байр сууринаас хандах ёсгүй. Тэд үйлдсэн гэмт хэргийнхээ хор холбогдлыг ойлгох ёстой” гэдгийг тодотгож хэлсэн юм. Түүнчлэн тус хорихын ээлжийн дарга, хянагч сувилагч нар яг л хоригдлуудтай адил нөхцөлд цоожлогдон 24 цаг хаашаа ч гарах эрхгүй. Өөрөөр хэлбэл, 24 цаг нар салхи харахгүй өнгөрөөдөг гэдгийг алба хаагчид хэлж байв. Тиймдээ ч бусад дэглэмийн шоронгийн нөхцөлөөс өөр юм билээ. Онц хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог учраас болгоомжлол, хянуур байдлыг байнга шаарддаг гэдэг нь хянагч нарын ярианаас тодорхой байлаа. Түүнээс гадна тэнд хоригдож байгаа хянагч болон хоригдож буй хоригдлуудын сэтгэл зүй тогтвортой бус байдаг учраас ямар нэгэн гэнэтийн эрсдэл гарах магадлал их өндөр байдаг юм билээ. Хамгийн наад зах нь л гэхэд хоригдлууд “Цагаан уулын бэл рүүгээ явна” хэмээн амиа хорлох талаар ярьж, янз бүрийн болчимгүй оролдлого хийх нь энүүхэнд. Хянагчдын хувьд ч гэсэн яг л хоригдлуудтай адилхан орчин нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж “хоригдож” байгаа учраас сэтгэл заслын эмчилгээнд хамрагддаг.
Яс цоожны ялтнуудын хоригдож буй нөхцөл тэдэнтэй яг нүүр тулж ажиллаж буй хянагч нарын нэг өдрийн ажил, амьдралыг сурвалжилсан тэмдэглэл үүгээр өндөрлөж байна

Н.Түвшинжаргал

Эх сурвалж: www.erkhzui.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх