Үйлчлүүлэгч нь машинаа ачуулвал гаднаа зогсоолгүй байгууллагууд 50 хувийн төлбөрийг нь төлнө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 08

 


Замын түгжрэлийг бууруулах зорилготой гаргасан хотын даргын шийдвэр иргэдийг бухимдуулах болсон гэхэд болно. Арга ч үгүй биз, Нийслэл хотод албан байгууллага болоод зарим худалдааны төвүүд автомашины зогсоол байхгүй байхад нэгдүгээр эгнээнд автомашинаа зогсоосон иргэнийг торгож байгаа нь өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал. Эхэндээ нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолоочийг торгоход тэд өөрсдийн өмчөө буцаан авахын тулд дуугүйхэн зөвшөөрсөн. Харин эл шийдвэр хэрэгжсэн даруйд олон нийтээс шүүмжлэл, хэрүүл маргааныг араасаа тасралтгүй дагуулав. 

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт Нийслэлээс гаргасан журмын дагуу автомашин ачиж тээвэрлэх, дугуй түгжих үйл ажиллагааг хувийн аж ахуйн нэгжүүд зохион байгуулж байгаа нь хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан.  Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ыг боловсруулсныг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Бадрал танилцуулсан юм.
 
Энэ журамд аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн байрны гадаа автомашины зогсоолгүйн улмаас үйлчлүүлэгчийн автомашиныг ачсан бол төлбөрийн 50 хүртэлх хувийг төлнө гэж заажээ.  Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуйн нэгж гаднаа  зогсоолгүй, зогсоол нь хүрэлцээгүйн улмаас үйлчлүүлэгч нь автомашинаа ачуулсан бол төлбөрийн 50 хүртэлх хувийг тухайн аж ахуйн нэгж төлөх зохицуулалтыг тусгажээ. 
 
Харин энэхүү заалтын тухайд НИТХ-ын дарга Д.Баттулга “Өнөөдөр аж ахуйн нэгж, байгууллагуудад зогсоол хүрэлцээгүйн улмаас иргэд авто замын нэгдүгээр эгнээд тээврийн хэрэгслээ байршуулах зөрчил үүсч байгаа. Энэ заалтаар бол жишээ нь Хангардийн холбогдох албан тушаалтантай уулзахаар ирсэн иргэд Чингисийн талбайд тээврийн хэрэгслээ тавина. Тэгээд ороод дарга нарыг хүлээн тэд нар нь хурал зөвлөгөөнтэй гээд 30 минут, нэг цаг хүлээхэд тухайн иргэний авто машиныг ачаад аваад явчихна. За тэгээд тэр ачуулсан мөнгийг нь хотын захиргаа төлнө. Энэ байдал яам тамгын газарт ч мөн адил байна” гэсэн. 
 
 Автомашин ачиж тээвэрлэх журамд төлбөрийг заахдаа бага оврын машин 60 мянган төгрөг, жийп маркийн автомашин 70 мянган төгрөг том оврын автомашиныг ачиж тээвэрлэсэн бол 110 мянган төгрөгийг эзэмшигч өмчлөгч нь төлнө хэмээн тусгасан байна. Уг журамд энэ үйл ажиллагааг явуулах аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, жолоочийн эрх үүрэг зэргийг нарийвчлан зааж, ачиж байгаа техникийн шаардлагыг ч гэсэн тусгаж өгсөн байна. Түүнчлэн одоо ачиж журамлах үйл ажиллагаа эрхэлж байгаа 14 байгууллагын эрхийг цуцалж, ахин сонгон шалгаруулалт явуулахаар болжээ.

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх