Нийгэм
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 04 сар 08
・ 3
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэхээр холбогдох байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн шинэчилсэн төсөлд анх удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг ноогдуулахаар зааж өгсөн байна.
Хэрвээ тээврийн хэрэгслийг хоёр дахь удаагаа согтуугаар жолоодсон нь тогтоогдвол жолоо барих эрхийг дөрөв хүртэлх жилээр хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заасан байна.
Энэ талаар тус хуулийг санаачлагч Г.Батхүү “Энэ хуулийг боловсруулахдаа зургаан орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг авч үзэж түүн дотроос монголд авч хэрэглэж болох дэлхий нийтийн жишигт нийцсэн сайн хуульчлал, зохицуулалтыг замын хөдөлгөөний тухай хуульд авч хэрэглэсэн. Өнөөдрийн хуулиар бол долоо хоногт таван удаа улаан гэрлээр орсон зөрчил байхад нэг л хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг. Тэгэхээр одоогийн хуулиар нэгдсэн мэдээллийн санд ороод ирэхээр давтан үйлдсэн зөрчлийнхөө төлөө давтан үйлдсэндээ тохирсон хэмжээний торгууль, шийтгэл хүлээдэг энэ бололцоог шийдэж өгч байгаа юм” гэлээ.
Тээврийг хэрэгслийг согтуугаар жолоодохгүй мөн хурд хэтрүүлэхгүй, аюулгүйн бүсээ зүүж хэвшсэнээр авто ослын гэмт хэрэг 50 хувиар буурах боломжтой гэсэн судалгааг замын цагдаагийн газраас гаргасан байна. Тиймээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгад аюулгүйн бүс зүүлгүй хөдөлгөөнд оролцсон жолооч болон дэргэдэх зорчигч нарт захиргааны хариуцлага хүлээлгэх заалтыг оруулж өгчээ. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуулинд бага насны хүүхдийг өвөр дээрээ тээвэрлэж явна хэмээн заасан байдаг юм байна.
Тэгвэл шинэ хуулинд энэ заалтыг өөрчилж хүүхдийг зөвхөн зориулалтын суудал дээр тээвэрлэхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна. Шинэ хуулинд замын тэмдэг, тэмдэглэгээ, мотоциклын малгай зэргийг хэрэглэхийг хуульчилж өгөхөөр тусгажээ. Холбогдох байнгын хорооны гишүүд энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн хэдий ч хаврын чуулганаар амжих эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд зам тээврийн ослоор улсад 80,2 тэрбум төгрөгийн хохирол учирч 48 хүүхэд ослын улмаас нас барсан тоо байдаг юм байна.
Г.Мягмарсүх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.