Эдийн засаг
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 04 сар 08
・ 3
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол орон даяар мэдэгдэл хийж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох зам нээгдсэн хэмээн чихэнд чимэгтэй мэдээ дуулгаж байсан. Уг нь багагүй хугацаанд гацаанд ороод байсан дээрх бүтээн байгуулалтыг хөдөлгөөнд оруулна гэж хэлсэн нь монголын ард түмний унтарч байсан нүднийх нь харцыг бага ч болов өөдөө болгоход ихээхэн урам зориг өгсөн үйл явдал болсон юм.
Гэтэл Ерөнхий сайдын уг мэдэгдлийг УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгээрээ нам цохиж баялаг бүтээгчид төдийгүй монголын ард түмний уур ундууцлыг жигтэйхэн хүргээд авсан билээ.
Тэрбээр Тавантолгойн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой хэмээн чуулганы индрээс пал хийтэл мэдэгдсэн юм. Хэрвээ уг асуудлыг УИХ-аар оруулахгүйгээр гэрээ хийвэл энэхүү гэрээнд оролцсон хэнбугайг ч огцруулах болно гэдгээ шууд л мэдэгдээд авсан юм.
Угтаа бол түүний хэлсэн энэхүү үг нь Ерөнхий сайдад хамаатуулан хэлсэн үг хэмээн улстөрчид төдийгүй ажиглагчид хэлж байгаа. Уг нь Тавантолгойн гэрээ одоогоор зурагдаагүй байгаа. Гэтэл УИХ- ын дарга яаран сандран ийнхүү хэлсэн нь зүйд нийцэхгүй байна хэмээн баялаг бүтээгчид хүртэл хэлж байсан. Тэгвэл Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан анхны хувилбар гэдгийг тодотгож Тавантолгойн төслийн манай улсын эдийн засагт үзүүлэх гол нөлөөллийг нь гурван хэсэгт хуваан ийнхүү тайлбарласан байна.
Нэгдүгээрт, ойрын үед гарах санхүүгийн шууд үр дүн нь барагцаалбал 650 сая ам. доллартай тэнцэнэ. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 200 сая ам. доллар, төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөрөнгийн эргэн төлөлт ойролцоогоор 280 сая ам. доллар, тэр нь эргээд эдийн засагт зээлийн эх үүсвэр болно. Чалко компанид төлөх байсан 142 сая ам. долларын хүндрэлээс Монгол улс чөлөөлөгдөж байгаа.
Эрдэнэс Тавантолгой компанийн хөрөнгийг мөн үнэлж Консорциумд өгнө. Мөн Улсын төсөвт аливаа нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр, төслийн үйл ажиллагааны анхны өдрөөс эхлэн улс, орон нутгийн төсөвт хуулийн дагуу орлого оруулж эхлэх бөгөөд тодруулбал, холбогдох татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цанхын талбайд уурхайн үйл ажиллагаа явуулсны төлбөр зэрэгт жил бүр 360 орчим тэрбум төгрөг төвлөрнө.
Хоёрдугаарт, Төслийн санхүүгийн шууд бус үр дүн буюу үржүүлэгч нөлөөг барагцаалбал, ойрын 3 жилд манай ДНБ-ийг 10-аас доошгүй хувиар тэлэхээр байгаа. Уурхайн барилга байгууламж, дагалдах дэд бүтэц, ТТ-ГС чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд дотоодын 500- 600 аж ахуйн нэгжийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэлбэрээр татан оролцуулж, 8-12 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой болно. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш жил бүр Монголд дунджаар 700 сая ам. доллараас 1 тэрбум хүртэл ам. долларын үйл ажиллагааны зардал гаргах бөгөөд үүний үлэмж хэсэг нь дотоодын эдийн засагт шингэх бололцоотой.
Гуравдугаарт, Тавантолгой төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болохоос гадна энэхүү төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц зэрэг бусад мега төслүүдэд хөтчийн үүрэгтэй байх нь дамжиггүй" юм гэжээ. Ямартай Тавантолгойн асуудлаар УИХ-ын зарим гишүүд эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байгаа ч гишүүдийн олонх нь яаралтай эдийн засгийг хөлд дээр босгох хэрэгтэй хэмээн үзэж буй юм. Тиймээс өнөөдөр Засгийн газар ээлжит бус хурал хийж, Тавантолгойн төслийн асуудлаар дахин хэлэлцэхээр болсон юм. Уг нь УИХ-ын чуулганаар Тавантолгойн асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлгийн гишүүдээсээ хүссэн . Дээр хэлсэнчлэн УИХ- ын дарга З.Энхболд уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулахаа мэдэгдээд байгаа» Ямартай ч асуудал дагуулсан Тавантолгой энэ хаврын чухал гол сэдэв байх бололтой дог.
Эх сурвалж: Өглөөний сонин
Р.Саруултөгс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.