Нийгэм
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 04 сар 08
・ 5
|
Сүүлийн үед “Монос” гэж компани монголчуудын эрүүл мэндээр тоглодог болчихоод байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард “Монос эх нялхас” мийн сангийн жор баригч “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгож улмаар 16 нярай хордож, эмчлүүлж байсан билээ. Тухайн үед ШӨХТГ-аас “Монос” группийн эмийн сангуудад хяналт хийхэд бараг бүгд зөрчилтэй шалгагдсан байдаг. Ийнхүү өмнөх асуудал намжаагүй байхад “Монос”-той холбоотой таагүй мэдээлэл дахин цацагдлаа.
Учир нь “Монос” дахиад л хүүхдүүдийг хордуулсан байна. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан найман сартайгаас 15 хүртэлх настай хүүхдүүд эмэнд хорджээ. ЭХЭМҮТ-ийн ажилтан “Монос”-ын агуулах руу утасдаж эм захиалахад харшил, үрэвсэл, хордлого, шокийн эсрэг хэрэглэдэг “Ланадексон” гэх эмийг “Ланасорбид” гэдэг насан хүрэгчдэд өгдөг, зүрхний эмээр сольж өгснөөс энэ асуудал үүссэн байна.
Хүүхдүүдэд тус эмнээс арав хоногийн дотор 188 ширхгийг уулгасан байсан бөгөөд тэдний эцэг эх анзаараагүй бол хүүхдүүд амиа алдах эрсдэлтэй байсан гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлж байна. Утсаар захиалга өгсөн, эмийг шалгаж аваагүй гээд ЭХЭМҮТ-ийн ажилтанд буруу байгаа ч “Монос” групп утасны захиалгаар эм олгох ёсгүй, бүр захиалсан эмийг андуураад шал өөр эмээр солиод өгсөн байгаа юм. Ийнхүү хариуцлагагүй байгууллага, хувь хүний буруугаас болж эх орны ирээдүй болсон хүүхдүүд хохирсоор байна. Гэтэл мөнөөх “Монос” үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж, тэр энэ буруутай гэсэн арьсаа хамгаалсан тайлбараа өгч байгаа нь тус компанийн даварсан үйлдэл хэрээс хэтэрч байгааг харуулж байна.
Тэгвэл энэ удаагийн хэрэгт мэргэжлийн хяналтын газраас ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” компанид Эрүүл мэндийн тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр болсон гэнэ. Тэгэхээр монопол компани энэ мөнгийг асуудалгүй төлчих биз. Харин цаана нь өчнөөн хүүхдийн эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Түүнчлэн дахиад ийм хэрэг гарахгүй гэх баталгаагүй. Тиймээс хүний нялх хүүхдүүдийн эрүүл мэндээр “тоглосон” “Монос”-ыг даврааж, толгойг илэхгүйгээр хариуцлага тооцох хэрэгтэй байгааг сануулахад илүүдэхгүй л болов уу.
Мэдээний эх сурвалж сайт: www.INFO.mn С.НАРАН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.