Хиймэл дагуулаас авсан эх дэлхийн “гайхалтай - 20” зураг

Дэлхий ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 04 сар 08 ・ 9
“Daily Overview” нь цэнхэр дэлхийнхээ аль нэг хэсгийг хиймэл дагуулаас тольдож гэрэл зураг болгосноороо хүн төрөлхтөнд нэгийг бодогдуулахыг эрмэлзсэн гайхалтай төсөл юм. 

Ингээд төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа уран бүтээлч Бенжамин Грантын эмхэтгэсэн дэлхийн ховор зургуудаас толилуулъя.
 
1
Стайвесант Таун - Питер Купер Виллиж / АНУ
Нью Йорк хотод байдаг энэ газар дэлхийн II дайнаас хойшхи орон сууцны томоохон хорооллоор нэрлэгддэг. Энэ хороололд 11.250 байртай 110 орон сууцны барилга байдаг бөгөөд 25.000 гаруй хүн ам оршин суудаг гэнэ.
 
2
Шарль де Голль ОУНБ / Франц
Шарль де Голль ОУНБ-ын “Терминал - 1”-ийн архитектурыг Поль Андрё загварчилсан бөгөөд наймаалжны хэлбэрээс санаа авч гаргажээ.
 
3
Арк де Триумф / Франц
Парис хотын дэлхийд алдартай дурсгал бол Арк де Триумф билээ. Парисын арван хоёр өргөн чөлөөг нэгтгэдэг энэ хаалгыг 30 гаруй жилийн турш бүтээн байгуулсан байдаг.
 
4
Ламберт / АНУ
Виржиния мужийн Норфолк эрэг дээр байдаг “The Lambert’s Point” хэмээх энэ газар их хэмжээний нүүрсний тээвэрлэлт явагддаг бөгөөд 23.000 орчим нүүрс тээвэрлэгч бий.
 
5
Монток Пойнтын гэрэлт цамхаг / АНУ
АНУ-ын хамгийн эртний гэрэлт цамхагийн нэгт тооцогддог “The Montauk Point Light”-ыг АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны (1732 - 1799) шийдвэрээр бүтээн байгуулж байсан юм. Цамхаг Нью Йорк мужийн зүүн захад бий.
 
6
Хет Лоо ордон / Нидерланд
Хет Лоо харшийг 1684 - 1686 оны тэртээ барьж байжээ. 1984 оноос хойш музейн зориулалтаар ашиглах болсон энэ ордныг жил бүр 410.000 гаруй жуулчид ирж сонирхдог.
 
7
Стельвио / Итали
Далайн төвшнөөс дээш 2757 м өндөрт байдаг уулын зам нь дэлхийн хамгийн аюултай замын нэг юм. Жил бүрийн зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд л энэ замаар зорчих боломжтой байдаг ажээ.
 
8
Хувер далан / АНУ
АНУ-ын Аризона ба Невада мужийг зааглан оршдог Хувер далан нь хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудын нэг билээ. 221.4 м өндөр энэ далан 379 м урт үргэлжилдэг.
 
9
Халуун булаг / АНУ
“The Grand Prismatic Spring” нь АНУ-ын хамгийн том оргилуун булаг юм. Улаан, улбар шар, шар, ногоон, хөх өнгөөр солонгорч харагддаг өвөрмөц тогтоц бүхий энэ газар Вайоминг мужийн “The Yellowstone National Park” хүрээлэнд байдаг.
 
10
Лэнд - арт / Ирланд
Ирландын нийслэл Белфаст хотын 11 акр талбайг хамарсан энэ бүтээл Хорхе Родригес Герадагийнх билээ. Тэрбээр лэнд - арт, граффитийн чиглэлээр ажилладаг уран бүтээлч бөгөөд “Wish” нэртэй зурагтаа ирээдүй өөдөө харж байгаа бяцхан охины хөргийг шигтгэсэн юм.
 
11
Перл Катар хиймэл арал / Катар
Доха хотноо байдаг хиймэл арал нь нийт 4000 м.кв талбайг хамран оршдог. 2015 ондоо $15.000.000.000 ам.долларын бүтээн байгуулалтыг хийснээр 2018 он гэхэд 45.000 оршин суугчтай болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
12
Магдебургийн усан гүүр / Герман
Магдебург хотын усан гүүр нь Европын хамгийн том сувгуудыг холбосон усан гүүр ажээ. Гүүрийг бүтээн байгуулахад 24.000 тн ган төмөр, 68.000 м.куб бетон оржээ.
 
13
Давсны уурхай / Франц
Мариньян мужид байдаг цөөрмөөс нэг жилд 45.360.000 кг орчим давс олборлодог бол Марсель Прованс ОУНБ-аар найман сая гаруй зорчигч үйлчлүүлдэг гэнэ.
 
14
Таранаки галт уул / Шинэ Зеланд
Эгмонт ч гэж нэрлэдэг идэвхитэй галт уул нь Шинэ Зеландын Таранаки мужид байдаг ба 2518 м өндөр юм. Фүжи уултай төстэй харагддаг гэдэг утгаараа “Сүүлчийн Самурай” (2003) киноны чимэглэлийн зурагт дүрслэгдсэн байдаг.
 
15
Алтан хаалга гүүр / АНУ
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн алдартай гүүрээр “The Golden Gate Bridge”-ийг нэрлэдэг. Өдөрт 110.000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог гүүрийн урт 2.7 км.
 
16
Боддингтоны алтны уурхай / Австрали
Австралийн алтны томоохон орд газар нь Боддингтон хотоос 17 км - ийн зайд байдаг. Алт ба зэсийн энэ уурхайгаас нэг жилдээ 1 сая унц алт олборлодог гэнэ.
 
17
Тээвэрлэгч хөлөг онгоцууд / Сингапур
Нефть тээвэрлэгч, ачааны хөлөг онгоцууд 300.000 тн хүртэлх ачаа тээвэрлэдэг. Сингапурын "The Port of Singapore" нь хамгийн их ачаалалтай ажилладаг боомтуудын нэг ажээ.
 
18
Дуррат аль Бахрейн хиймэл арал / Бахрейн
Энэ бол Бахрейны хамгийн томд тооцогддог хиймэл арлын нэг юм. Хоорондоо холбоотой 15 хиймэл арлыг $6.000.000.000 тэрбум ам.долларын төсвөөр бүтээн байгуулжээ.
 
19
Хагупит хуй салхи / Номхон далай
2014 онд Номхон далайн орнуудад дэгдсэн Хагупит хуй салхины уршгаар 18 хүн нас барж, $114.000.000 ам.долларын гарз гарсан билээ. Хуйн хурд цагт 289 км хүртэл хүчтэй байсан гэдэг.
 
20
Галешняк арал / Хорват
Адриатын тэнгист байдаг Галешняк арал нь байгалиасаа зүрхэн хэлбэрийг олж тогтсоноороо туйлын өвөрмөц юм. “Дурлалт хосуудын арал” ч гэж нэрийддэг энэ гарал нь далайн төвшнөөс дээш 36 метрт байдаг ба 1806 оны нэгэн атласт дүрслэгдсэн байдаг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: