Нийгэм
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 09
・ 1
Яруу найрагч Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Болзоогүй цагийн хураангүй”, “Эрхшээх сэтгэлийн амирлин” зэрэг ухаарал, бодролын номуудаа уншигчдадаа өргөн бариад байна. “16 насны намар”шүлгээ “Болор цом”-ын тайзнаа уншиж олондоо танигдаж байсан найрагч бүсгүй өдгөө монголын энтэй яруу найрагч болжээ. Тиймдээ ч тэрээр би өөрийн гэсэн уншигчидтай хэмээж байсан юм.
-Цаг хугацаа амархан өнгөрдөг шиг юм ч амархан хуучирдаг болж. Гэсэн ч таны сүүлийн үеийн бүтээлүүд товч бөгөөд тодорхой уншихад ч цаг хэмнэж байгаа юм шиг санагдлаа?
-Нийгмийн ардчилал Эмэгтэйчүүдийн холбоо санаачлага гарган дэмжлэг үзүүлээд миний хоёр шинэ номын нээлтийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулж сайхан болсонд баяртай байгаа. ШУБЯ, ГХЯ-ны дэд сайдууд болон ном буяны олон анд нөхөд маань ирсэн. “Болзоогүй цагийн хураангүй” хэмээх афоризмын хувьд өнөөдөр нийгмийн үсрэнгүй хөгжил, цаг үеийн хурдаас шалтгаалаад бичиж туурвихаас гадна унших цаг зав багассан байна. Тийм учраас ялангуяа “Болзоогүй цагийн хураангүй” ном маань цагаа олж гарлаа гэж үзэж байгаа. Би ертөнцийг юу гэж харж байна, энэ амьдрал гэж юу юм гэдгийг илэрхийлсэн миний бодлын хураангүй юм л даа. Өөрөөр хэлбэл ханасан бодол гэж хэлж болно.
-Уншигчид номыг өөр өөрийнхөөрөө хүлээж авч байна л даа?
-Товчхондоо хэлэхэд миний бүтээл хүн болгонд таалагдах албагүй. Надаас давсан сэдэв монголд их байна, ялангуяа эмэгтэй хүний санаа зовох зүйл бүр ч байна. Тийм учраас номын маань утга бодсон бодлын маань нэг өнцөг болсон болов уу. Ном маань дахин шинэчлэгдэн найруулагдаад хэвлэгдэх гэж байгаа. Уншигчид маань ийм сэдвээр цангажээ. Би өөрийгөө өөрийн гэсэн уншигчтай уран бүтээлч гэж ойлгодог. Энэ утгаараа ном маань хүмүүст хүрсэн. Өнгөрсөн жил “Сэтгэл зүрхний үзэгдлүүд” гэж жинхэнэ зүрх сэтгэлээс үүссэн цахим гар утасны шүлгүүдээр ном гаргасан. Энэ номынхоо үргэлжлэл болгож “Эрхшээх сэтгэлийн амирлан” гэж номоо бүтээлээ.
-Энэ ном “Сэтгэл зүрхний үзэгдлүүд”номноос юугаараа ялгаатай вэ?
-Өөрийнхөө гар утсанд үзэж харсан болсон зүйлүүдээ эмхэтгэж бичсэн. Нэг үгээр бодлын тунгаамал юм даа. Номын редакторууд маань тодорхой хэмжээгээр дүгнэлтүүдийг өгсөн. Уншигчид ч олон янзаар үзэл бодол сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Энэ бүхэнд номыг бүтээгчийн хувьд талархаж байгаа. Хүн өөрийн үр хүүхдэдээ хайртай байдаг шиг өөрийн харж байгаа тусгалдаа зөв үнэнч байх ёстой гэж боддог. Шүлэг найраг гэдэг цагийн өнгө аястайгаар ургаж төлжиж байдаг. Үнэхээр цагийн өнцөг утга уянга, яруу найраг байдаг гэдгийг уншигчид ойлгож байна. Энэ утгаараа цаг үеэ дагасан бүтээлүүд гэж ойлгож болно.Тэгээд ч өнөөдөр хэтэрхий их уянгалдаг, магтан дуулдаг, бүх үзэгдлийг уянгалж, энэрдэг цаг биш байна. Уншигчид ч энэ талын асуудлыг таашаах нь багасч. Нялуун хэтэрхий их цатгалан магтаалд нийгэм өөрөө бялуурсан байна. Ингэж хүн болгон өөр өөрийн гэсэн зүг чигтэй болсон энэ үед хэн нэгэнд тулгах нь утгагүй. Тийм учраас номын талаар яриа хөөрөө үүсч байгааг энэ нийгмийн өөрийнх нь хэлбэршил, янз бүрээр амьсгалж байгаа гэдгийг мэдэрлээ. Дор бүртээ өөрийн гэсэн лаборторитой, өөрийн дотоод сэтгэлтэй, боловсруулалтай болчихсон энэ цаг үед өөрийнхөө бодсоныг , бүр цаашилбал тэр хүний тухай дүгнэлтийг хэтэрхий ил гаргаж цацдаг цаг үе биш болсон байна. Хүний юмыг таалахаасаа илүү өөрөө таалагдаж байна уу гэдгээ байнга хянаж байх хэрэгтэй юм байна.
-Хаврын улиралд яруу найрагч хүмүүсийн сэтгэл уярч догдолдог гэдэг. Энэ хэрээр онгод тань их хөглөгдөж бичиж туурвих хүсэл урьдынхаас илүү төрдөг болов уу?
-Хаврын улирлыг би оюун санаа сэтгэлийн улирал гэж ойлгодог. Ягаад гэвэл энэ үед байгаль өөрөө шинэчлэгдэж сэргэдэг учраас хүний эд эс санамж сэрэмжүүдийг хүнээс шаардаж байдаг. Тийм учраас уран бүтээлч хүмүүс хаврыг хамгийн сайхан улирал, хайрын улирал гэж нэрлэддэг л дээ. Энэ утгаар би хаврыг хамгийн шинэ улирал гэж ойлгодог. Магадгүй энэ утгаараа уран бүтээлч хүмүүсийн сэтгэл зүрхний үзэгдэл байдаг учраас сэрж мэдэрхийг шаардаж байдаг улирал юм уу гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл уран бүтээлч сэтгэл хөдлөл, зөн сэрэл шинээр нээгдэж ялангуяа сэтгэлд хүрсэн уран бүтээлүүд төрдөг юм болов уу гэж боддог.
-Тэгвэл танд хавар төрсөн уран бүтээл хэр олон байдаг вэ?
-Миний хувьд хавар төрсөн болоод тэр үү миний сэтгэл зүрх, оюун тархи төрсөн өдрийнхөө төөрөг, гариг амин од тохиосон өдөр жил сартайгаа дөхүү байдаг юм шиг байгаа юм л даа. Яагаад гэвэл хавар хүмүүс тогтворгүй болдог гэдэг бол миний хувьд илүү дотогшоо байж, илүү их өндийхийг хичээдэг. Өөрийнхөө дотоод нөөц шимийг хурааж байх хүсэлтэй. Гэсэн ч надаас хавраасаа илүү намар сайхан санагддаг. Магадгүй би өөрөө говь талын хүн, говийн намар урт болдог болоод ч тийм байж магадгүй.
-Таныг 1990 оны “Болор цом наадамд “16 насны намар” шүлгээ уншиж байснаар тань уншигчид таньдаг?
-Тэр цагаас хойш нэг л мэдэхэд 20 гаруй жил өнгөрсөн байна шүү дээ. Манай үеийнхэн 20-иод жилийн өмнө хорь ч хүрээгүй хонгорхон дүртэй хүүхдүүд монголын утга зохиолд орж ирж байжээ. 90-ээд оныхон гэдэг тодотголд багтаж үүрэх ёстой ачаагаа үүрэлцэж уран бүтээлдээ тодорхой хэмжээгээр өсч өндийжээ гэж бид тэр үеэ омогшилтойгоор бахдан ярих дуртай. Тийм учраас хүүхэд байхдаа бичиж байсан шүлгүүд төдий чинээ амттай илүү хөөрхөн байдаг юм байна. Магадгүй тэр үеийн бүтээлүүд маань миний хүүхэд насны он жилүүдийг надад дахин дахин авчирч байгаа хаврын сайхан өдрүүд шиг үргэлж намайг сэрээж байдаг. Тиймээс тэдгээр шүлгээ өөртөө ч гэсэн уншиж байдаг. Хаа ч явсан миний багын шүлгүүдийг хүмүүс санаж уншиж өгөөч гэж урьж байдагт нь баяртай байдаг. Хиргүй тунгалаг сэтгэлээр бүтээгдсэн учраас хүмүүст их хүрсэн болов уу гэж боддог юм.
-Манай сайт Залуучуудад зориулсан булантай. Тиймээс та шинэ зууны залуус ямар байх ёстой гэж боддог вэ?
-Цаг үе бүхэн өөрийн хэмнэлтэй, залуу нас өөрөө явдаг жамтай.Тиймээс би өөрийнхөө залуу насыг одоогийн залуу настай харьцуулах ямар ч шаардлага байхгүй. Энэ залуу насыг миний настай харьцуулах ч шаардлаггүй. Тийм учраас хүн болгоны залуу нас өөр өөрийн өнгө төрх, ааг омгоор омогшиж буцалж яваа учраас би энэ цагийн залуус ийм байх ёстой гэсэн онолоос хол байдаг. Харин энэ ертөнцийнхөө жамаар ийм зүйлд суралцах ёстой, ийм зүйлийг мэдэх ёстой гэдэг энэ ертөнцийн зарчмаар л явж байгаа. Цаг болгон өөрийн залуу настай. Тиймээс бидний залуу нас байхгүйгээсээ бий болгож амьдарсан цаг үе. Бидний өвөг дээдэс ч тийм явж ирсэн, бид ч тийм явсан, бидний үр хүүхэд ч тэгж амьдарна.
www.zaluu.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.