Гадаадад ганц ч ширхэг байшин, хаусгүй хэмээн ам бардам мэдэгдэж байсан Ерөнхий сайд С.Баярын талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй таагүй мэдээлэл баримтын хамт дэлгэгдэж, өнгөрсөн долоо хоногт шуугиан тариад амжсан билээ. Тодруулбал, С.Баяр нь Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараагаар АНУ-ын хэд хэдэн мужид тансаг зэрэглэлийн хаусууд худалдаж авсан, тэрхүү хаусууд нь салсан эхнэр болон охидуудынх нь нэр дээр байдаг юм гэсэн мэдээлэл гарсан.
Үүнтэй холбогдуулан С.Баярыг Оюутолгойн гэрээг яаравчлан хийсэн нь “Рио Тинто” компаниас авлига авчээ гэх хардлагыг олон нийтийн дунд төрүүлээд байгаа юм. Тэгвэл С.Баяр энэ талаар нэгэн хэвлэлд өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх баттай мэдээлэл байгаа аж. Тэрбээр “Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна. Би солиотой биш.
Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу? Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье. Надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой” гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn