Хулгай хийдэг залуусыг Солонгосын талд өгөхийг хүсчээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12
 
БНСУ-д манай улсын гурван иргэн хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан байгаа. Тэднийг удаа дараа бүлэглэн хулгай хийсэн этгээдүүд хэмээн Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэл хийж, эл залуусын талаар олон нийтэд дэлгэсэн байгаа. Тэдний нэгийг нь саатуулж, хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа аж. Тодруулбал, эдгээр залуус өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Сөүл хотын Метроны 4-р шугам, Түндэмүн буудлын дамжин өнгөрөх цахилгаан шатан дээр зорчиж байхдаа Солонгос Улсын иргэн, 24 настай Ким бүсгүйн гадуур хувцасны халаасанд байсан нэг сая воны үнэ бүхий ухаалаг утсыг хулгайлжээ. Хулгай хийхдээ тэдний хоёр нь хохирогчийн ард тулж зогсоод, нэг нь дундуур нь гараа шургуулан утсыг авч буй нь метроны камерт бичигдэн үлдсэн байна. 

Цагдаагийн ажилтнууд нууц камерын бичлэгүүдийг нягталж үзээд тус улсад хууль бусаар амьдардаг Монгол Улсын иргэн 27-н настай М, 26-н настай О нар нэр нь тодорхойгүй нэгэн залуугийн хамт эл хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Улмаар М-ийг Сөүл хотын Имүндунг дүүрэгт байх гэрээс нь баривчилсан бол хоёр хамсаатан нь өөрсдийг нь эрэн сурвалжилж буйг таамаглаж Монгол руугаа буцсан аж. Тэд нэг бус удаа бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон тул холбогдох хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэхийн тулд эх орон руугаа буцсан хоёр залууг саатуулж, Солонгосын талд хүлээлгэн өгөх хүсэлтийг манай улсын Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн байна. 
Эх сурвалж www.wikimon.mn
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх