Нийгэм
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 12
・ 2
”Ноён уулаа аварья” үндэсний хөдөлгөөн, Улс төрийн хэлмэгдэгсдийн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Босоо Хөх Монгол бүлгэм, Монголын Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны салбар зөвлөл дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд дурьдахдаа,
‘’Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын ард түмэн, Монголын их өв соёл, түүх, газар нутгаас ямар их хол хүн бэ гэдэг нь саяхан УИХ дээр ажлаа тайлагнах үеэр хэлсэн үгнээс нь тод харагдлаа. Энэ хүн Монголоо гэсэн сэтгэл байхгүй юм байна. Монголын ард түмний эцэг байж чадахгүй юм байна гэдэг нь хэлсэн нь үгээрээ баталлаа. Тэрээр УИХ дээр хэлсэн болчимгүй үгэндээ ‘’Ордны баруун талд өлсөж байхаар Эрмитажийн музейн хажууд очиж өлссөн нь үнэнд их ойрхон очино’’ гэж Ноён уулаа аврах чин сэтгэл өвөрлөсөн, тууштай тэмцэл өрнүүлж буй эх орончдыг доромжиллоо. Гэтэл өмнө нь ‘’Цензургүй яриа’’ нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч орохдоо ‘’Эрмитажид байгаа Хүннүгийн булшнаас олдсон ширмэл ширдэгийг би сэргээлгэж засварлаад тэнд үзмэр болгон тавьсан’’ гэж ярьж байснаа өнөөдөр ор тас мартжээ. Тийм учраас албан ёсоор эх орноо гэх сэтгэлтэй Ноён уулаа аврах хөдөлгөөний гишүүд, Босоо Хөх Монгол бүлгэмийн гишүүдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Хоёр. Зандаахүүгийн Энхболд, Чимэдийн Сайханбилэг нар Тавантолгойн талаар ээлжит жүжгээ тоглоод эхэлжээ. Тавантолгой төслийг улс оронд ашиггүй төсөл боллоо хэмээн элдэв арга саам хийх болов. Гэтэл М.Энхсайханд эрх мэдэл олгож, сайдын шинэ орон тоог бий болгож өгсөн хирнээ УИХ-ын дарга З.Энхболд ‘’төслийг УИХ-аар хэлэлцэнэ, надад М.Энхсайхан заахгүй’’ хэмээн дарамталжээ. АН-ын тамга, УИХ-ын даргын тамгыг атгасан жижигхэн биетэй, том толгойтой энэ хүний авир нь хар алтыг дэмжихгүй, шар алтыг дэмжиж байгаагаа нотолж, Тавантолгойн төслийг гацааж байгаа нь ард түмний анхаарлыг зориуд төөрөгдүүлж, араар нь Ноён уулыг ухах ажиллагаагаа яаравчлах гэсэн санаархал юм үзэж байна. Олон түмнээ маш сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
Гурав. Өнөөдөр МУСГЗ, Олон улсын сэтгүүлч Галсангийн Жамъянгийн бичсэн ‘’Барууны тэжээврүүд’’ нэртэй ном хэвлэгдэн гарч, ТМ телевизээр шууд ярилцлага нь цацагдсан нь нийгэмд ихээхэн дуулиан дэгдээж, үнэнийг эрэлхийлсэн, үнэнээр цангасан олон түмний сэтгэлийг дэвтээж, цангааг нь тайлж байна. Дарангуйллын төрийн удирдагч нарыг барууны тэжээврүүд гэдгийг баримттайгаар, зоригтойгоор нотолсон сэтгүүлч Галсангийн Жамъянгийн эрүүл мэнд, амь насанд халдах, цаг бусаар ямар нэгэн эрсдэл тохиолдох аваас ардчилсан хэмээн өөрсдийгээ тодотгосон төрийн гурван өндөрлөг буюу цагдаа, хүчний байгууллага, тагнуул,шүүх, прокурор гээд бүхий л бүх эрх мэдлийг атган суугаа Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг нараас шууд хариуцлагыг нэхнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь улс төрийн хэлмэгдүүлэлт аль хэдийн эхэлсэнийг дээрх гурван нөхөр амьдрал дээр нотлон харуулсаар байгаа тул ‘’Барууны тэжээврүүд’’ ном бичиж, ард түмэнд үнэн баримт дэлгэснийх нь төлөө, өөр цаана нь олон баримт дэлгэнэ гэснийх нь төлөө сэтгүүлч Г.Жамъянгийн амь нас, эрүүл мэнд, ар гэрт заналхийлэл ирэхгүй гэсэн баталгаа байхгүй учраас Ноён уулаа аврах үндэсний хөдөлгөөн, Улс төрийн талаар хэлмэгдсэн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Босоо Хөх Монгол бүлгэм, Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны салбар зөвлөлийн зүгээс урьдчилан сануулж байгаа юм. Ер нь эх орон газар шороогоо гэсэн эх оронч нөхдийг янз бүрээр дарамтлах, айлгах, зодуулах, тагнаж чагнах, гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрч байгаа тул Монголын ард түмэн туйлын сонор сэрэмжтэй байж, эх орончдоо хамгаалалтандаа авахыг Монголын ард түмэндээ уриалж байна‘’ гэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.