Малайзын цагдаа: Монгол эмэгтэйчүүд согтож, маргалдсаны дараа нэг нь амиа алдсан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 13

Өнгөрсөн ням гарагт Малайзын Куала-Лумпур хотод монгол эмэгтэй 29 давхар орон сууцны барилгын зургаан давхраас унаж амиа алдсан тухай мэдээлсэн. Энэхүү хэрэгт гурван монгол эмэгтэйг сэжиглэн байцааж байгаа.

www.24tsag.mn сайт хэргийн тухай Малайзын цагдаагийн газраас тодрууллаа.

Хотын цагдаагийн газрын орлогч дарга Датук Лау Хон Сүний мэдээлснээр Ампанг дүүрэгт амиа алдсан монгол эмэгтэй 29 биш 27 настай аж. Талийгчийг Д.Отгонтуяа гэдэг бөгөөд зургаан давхраас ням гаргийн 11.30 цагийн үед унаж амиа алджээ. Датук Лау Хон Сүн ярихдаа “Хэрэг одоогоор гэнэтийн үхэл гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд мөрдлөгийн явцад туслаач хэмээн Монголын элчин сайдын яамнаас орчуулагч гаргаж өгөхийг хүлээж байгаа” гэлээ. Мөн талийгчтай хамт амьдардаг гурван монгол бүсгүйтэй хэл нэвтэрч чадахгүй байгаа тул байцаалт явуулахад хүндрэлтэй байгаа гэжээ.

Тэрээр “Бид ямар нэгэн дүгнэлт гаргахаас өмнө сэжигтнүүдээс баяцаалт авахыг чухалчилж байна” гэсэн юм. Малайзын “Malay Mail” сонинд бичсэнээр хэрэг гарахын өмнө дөрвөн монгол эмэгтэй согтуу байсан бөгөөд эмэгтэйг унахын өмнөхөн маргалдаж байсан гэж бичжээ.

Энэ талаар цагдаагийн эх сурвалж хэлэхдээ “Маш олон архины хоосон шил олсон. Мөн тэдний байшингийн балконы гүйдэг шилэн хаалга эвдэрсэн байсан” хэмээн ярьлаа. Үүнээс гадна хөршүүд нь хэрэг болохын өмнө чангаар хашгирч байхыг сонссон байна. Дөрвөн монгол бүсгүй бүгд хүчинтэй пасспорттой байсан ч Цагаачлалын департмент тэд Малайзад оюутны виз эсвэл аялалын визээр ирсэн эсэхийг шалгаж байгаа аж. Д.Отгонтуяа өнөгрсөн 11 дүгээр сард Малайзад очсон бөгөөд өнгөрсөн сард Малайзын Олон улсын исламын их сургуульд элсэн орсон болохыг цагдаа нар тогтоожээ. Харин сэжигтнүүд 23-32 насны эмэгтэйчүүд гэлээ.

Г.Үжин

www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх