Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 14
・ 15
Оршин суугчдаа хохироосоор байгаа “Шинэ-Өргөө” ОСНААК-ын захирал Б.Жаргалсайханы толгойг илсээр байх уу
Тус хорооллын нэгдүгээр ээлжийн барилга өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон ч өнөөдрийг хүртэл хэрэглээний ус нь зэвтэй, үнэртэй, амттай байгаа гомдлыг манай сайтын уншигч бидэнд ирүүлсэн билээ.
Эл мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Шинэ-Өргөө” хорооллыг зорилоо.
Яармагийн гүүрний цаахан талд “Хүннү молл” их дэлгүүрийн дэргэд байрлах тус хорооллын хажууханд ирвэл цэвэр, бохир усны хоолой татаж байгаа бололтой газар ухаж, шугам байрлуулжээ. Гэсэн ч тэнд нүх ухсан талаар ямар ч анхааруулга, хаалтын зурвас татаагүй байсныг үзвэл орой үдшийн цагаар тус нүхэнд хүн унаж бэртэхгүй гэх баталгаагүй харагдаж байлаа.
Үүний ойролцоо саарал төмөр хашаа татаж, цаана нь барилга барьж байв. Бас дэргэд нь “Шинэ-Өргөө”-гийн борлуулалтын албаны рекламны самбар байршуулсныг харвал тус хорооллын хоёрдугаар ээлжинд ашиглалтад орох барилгын ажил явагдаж байгаа бололтой байлаа.
-Оршин суугчид ундны усаа зөөврөөр авч, хэрэглэж байна-
Будаг нь ханхалсан нэгдүгээр ээлжийн орон сууцнууд ашиглалтад ороод бараг хагас жилийн нүүрийг үзсэн ч хороолол гэхэд нэг л эл хуль байсан нь “Олны хөлд дарагдсан шинэ хороололд очих байх” гэсэн бодлыг маань мөхөөж орхисон юм.
Цайвар ногоон өнгөөр ижилссэн барилгуудын дунд хаа нэгтэй гацуур мод суулгаж, явган хүний сандал байрлуулжээ. Тэнд хүүхдээ салхилуулах ээж, эмээ нар сууцгаана. Харин машины зогсоол дээрх арваад машинаас өөр нүдэнд харагдах зүйл байсангүй. Өнөөх сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гээд аль ч алга.
Ингээд бид зорьж ирсэн асуудлаа тодруулж, бодит байдлыг тодруулахын тулд тус хорооллын оршин суучидтай уулзаж хорооллын хэрэглээний цэвэр ус зэвтэй эсэх, эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэх талаар тодруулахад бүгд л “Үнэхээр усны асуудал хүнд байна. Манай хорооллынхон бүгд ундны усаа зөөврөөр авч, хэрэглэж байна. Тэгэхгүй бол крантнаас гоожиж байгаа ус улаан зэв, дээрээс нь бас үнэртэй, амттай болохоор уух нь бүү хэл хувцсаа ч угааж болохгүй байгаа. Тиймээс бид өөр газар руу хувцсаа авч явж угааж байгаа. Энэ талаар “Шинэ-Өргөө” компанийн удирдлагуудад асуулга тавиад байхад ерөөсөө арга хэмжээ авч өгөхгүй, өөрсдийгөө хамгаалаад байх юм” гэцгээн ам амандаа шуугилдав.
Тэд өөрсдийн нэрийг хэлж, зураг авахуулахаас татгалзсан юм. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй” гэдэгчлэн ямар нэгэн байдлаар яриа өгснийг мэдчихвэл дараа нь “зүгээр суулгахгүй” байх хэмээн сэрэмжилж татгалзсныг нь хүлээн аваад сурвалжлагаа үргэлжлүүлэв. Үнэхээр тус хорооллын хэрэглээний ус зэвтэй, үнэртэй, амттай гарч байгааг өөрийн нүдээр үзэх хүсэлтэй байгаагаа хэлбэл оршин суугчид дуртай зөвшөөрч гэр рүүгээ оруулж, бодит байдалтай танилцууллаа.
-Айлуудын ванн, 00-ын суултуур цагаан биш улбар шар өнгөтэй-
Орцны үүдээр орвол дулааны улирал ирсэнтэй холбоотой ч юм уу, нэлээд бүгчим дээр нь чийгний үнэр болов уу нилхийсэн үнэр үнэртэж байлаа. Харин гэртээ урьж бодит байдалтай танилцахыг зөвшөөрсөн айлын ванны өрөөнд орвол зэвтэй усны нөлөөгөөр ванн, суултуур нь шарлаж, зэвний тод шар өнгө суусан байх аж. Айлын эзэгтэй “Байдал ийм л байна даа, харин ч бид ванн, суултуураа угаачихаад байгаа нь энэ. Манайх саяхан Японы толбо, зэв арилгадаг бодис авсан. Түүгээр цэвэрлээд ийм дажгүй өнгөлөг болчихоод байгаа юм. Түүнээс бидний хэрэглэж заншсан комитыг хэрэглээд ямар ч нэмэргүй болдоггүй гээд бод доо” хэмээн тайлбарласан. Мөн крантны таг, суултуурын почкиний тагийг сөхвөл хуучны байрнуудынх шиг хэдийнэ хуучирч зэвэнд идэгдсэнээс гадна мөнөөхөн асуудал болоод байгаа зэвтэй ус мэлтийж байна. Эднийх өнгөрсөн жил 61.8 м.кв хоёр байр захиалж, банкны зээлд хамрагдан арай гэж байртай болсон аж. Гэтэл хүний гол хэрэглээ болсон цэвэр усны гачаалд орж өдгөө уух нь бүү хэл хувцас ч угаах аргагүй байгаад үнэхээр их харамсаж, басхүү яах ч аргаа мэдэхгүй байгаагаа тус айлын хүмүүс учирлаж, энэ асуудалд анхаардаг, ард түмнээ боддог дарга байвал асуудлыг шийдэж өгөхийг хүсч байлаа.
Үнэхээр айл бүрийн ус зэвтэй ирж байна уу, эсвэл ганц айл ийм байдалтай байна уу гэдгийг лавлахаар дахин нэг айлд орж, усны өнгө, амтыг сонирхвол үнэхээр улаан туяа татсан улбар шаргал ус цоргоноос гоожиж байна. Зэвтэй усыг “Амттай” гэж тодотгоод байхаар нь амсаж үзлээ. Үнэхээр төмөрний ч гэмээр юм уу, зэвний ч гэмээр юм уу нэг л тааламжгүй амт амтагдаж байлаа. Уг нь ундны усанд “хөндлөнгийн” ямар нэгэн амт байдаггүй, байх ч ёсгүй. Гэтэл “Шинэ-Өргөө” хорооллынх тийм биш болохыг өөрийн нүдээр үзэж харж, амслаа.
Тус хорооллын зарим айлууд ундны усныхаа шугамд ус цэвэршүүлэгч төхөөрөмж тавиулсан байв. Тэдгээрайлууд нэг шүүлтүүрийг 160 мянган төгрөгөөр тавиулсан бөгөөд нэг удаад дөрвөн шүүлтүүр тавиулдаг нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаагаа ч хэлж байсан. Тухайн шүүлтүүрийг гурван сар хэрэглэх зориулалттай ч “Шинэ-Өргөө”-гийн зэвтэй усанд хоёр сар ч тэсэж чадахгүй байгаа гэдгийг ч нуугаагүй.
-Иргэд худалдааны цэвэршүүлсэн усны гол худалдан авагчид болжээ-
Бид цэвэр усны гол нийлүүлэгч болсон хороолол дотор байрлах ганц хүнсний дэлгүүрээр орвол 1,5-18 литрийн баллонтой усыг эгнүүлэн өржээ. Тус дэлгүүрт усны борлуулалт маш сайн байдаг болохыг худалдагч нь хэлж байв. Тиймээс оршин суугчдаас өдөрт хэдэн төгрөгийн цэвэр ус хэрэглэж байгаа талаар асуухад “Хүн ам цөөнтэй өдрийн цагаар эзгүй байдаг айлууд 18 литрийн усыг 2-3 хоног, харин нялх, бага хүүхэдтэй айл 1-2 хоног л хэрэглэдэг. Гэхдээ ингэж хэрэглэхийн тулд маш гамтай хэрэглэх шаардлагатай болдог” гэв.
Эдийн засаг сөхөрч, инфляци тэнгэрт тулж, ард түмний амьдрал хүндэрсэн энэ цаг үед худалдааны цэвэр усаар амьдарна гэдэг /1 литр ус дунджаар 500 орчим төгрөг/ дундаж орлоготой айлын санхүүд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж бодож байвал үнэхээр том эндүүрэл.
Ийнхүү биднийг хөөрөлдөж байх зуур нэгэн эмэгтэй ирж “Манай жижиг өрөөний хананаас ус шүүрээд мөөгөнцөр үүсчихсэн байгаа. Түүнийгээ “Шинэ-Өргөө” ОСНААК-ны удирдлагуудад хэлэхэд янзалж өгнө л гэсэн. Харин хананаасаа ус шүүрүүлээд байхгүйн тулд ванны өрөөнийхөө крантыг онгойлгохгүй усыг нь бүр хаачихсан байгаа” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн ”Шинэ-Өргөө” контор нь оршин суугчдын оролцоогүйгээр “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны үүрэг гүйцэтгэж засвар үйлчилгээний мөнгийг оршин суугчидтай хэлэлцэлгүйгээр байрны мөнгөн дээр нэмж авч байгааг ч тэд нуулгүй хэлсэн. Оршин суугчид энэ талаараа ШӨХТГ-т уламжилсан бөгөөд тухайн газраас ч ”Шинэ-Өргөө” контор хууль зөрчсөн болохыг баталсан хариу ирүүлсэн байна.
Б.Жаргалсайхан захирал иргэдээс хууль бусаар мөнгө сааж байсан нь тогтоогджээ
-Тэрбээр зэвтэй, үнэртэй усаа хүлээн зөвшөөрөхгүй байна-
Ингээд бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс “Шинэ-Өргөө” ОСНААК-ны захирал Б.Жаргалсайхантай уулзаж, нөхцөл байдлын талаар тодруулахаар очиход нэлээд дургүйцсэн, уурласан байдалтай өрөөндөө сууж байлаа. Тэрбээр “Манай компани Ус сувгийн удирдах газрын харъяа “Яармаг насос станц”-аас усаа нийлүүлж байгаа. Шинжилгээнд өгсөн. Хариу нь эерэг буюу хүний биед ямар нэгэн байдлаар хор учруулахгүй гэсэн дүгнэлт гарсан. Ер нь Би ч өөрөө уугаад болж л байна. Харин манай оршин суугчдаас нийгмийн идэвхитэй царайлсан хэдэн хүмүүс гар, хөлийн үсэг зуруулаад сошиал ертөнцөөр элдэв мэдээлэл тараагаад байгаа юм. Ер нь та нар үүнийг мэдлээ гээд яах юм. Наадах чинь хэнд хэрэгтэй гэж” хэмээн ихэд бухимдав.
Харин хорооллын цэвэр бохир усны шугам хоолойг ямар зүйлээр хийсэн, цаашид энэ байдлыг хэрхэн арилгах, СӨХ-ны мөнгийг хууль бусаар авч байгаа нь үнэн эсэх талаар лавлахад “Чи ер нь яагаад биднийг буруутгах гээд байгаа юм. Би чамд усны шинжилгээний хариу зүгээр гарсан, ШӨХТГ ч манайхыг хууль зөрчөөгүй гээд хэлээд байна” хэмээн улсын байцаагчийн шаардлагыг өөдөөс маань чулуудаж орхив.
Уншигчиддаа үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс түүний зүй бус үйлдлийг тэвчин байж гэсэн байв. Тиймээс “Хууль зөрчсөн байна гэж бичсэн байна шүү дээ” гээд цааш тодруулах гэсэн боловч “Шинэ-Өргөө” ОСНААК-ны захирал Б.Жаргалсайхан “Хуц п*** минь, чамд ер нь тайлбарлаж, яриа өгөх албатай юм уу” хэмээн элдэв үгээр доромжлон өрөөнөөсөө хөөлөө. Ёстой л “Ичсэн хүн хүн ална” гэгч болов бололтой.
Ямар ч энэхүү сурвалжлагын эцсийн дүнд хууль зөрчиж, оршин суугчдынхаа эрх ашгийг үл тоосон Б.Жаргалсайхан гэгч энэ балмад этгээдэд хариуцлага тооцдог , оршин суугчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг байгууллага одоохондоо алга. Мөнгөний төлөө өөрийгөө хаацайлан, иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг уландаа гишгэсэн, ёс зүйгүй авирласан, эрх дархаа хэтрүүлсэн ийм хүн өнөөдөр зэвтэй усыг амь нас хөнөөх хэмжээний аюулгүй хэмээн тайлбарлаж ажил үүргээ гүйцэтгэж байгаагаас харвал сэтгүүлч намайг доромжлох нь юу ч биш юм байна.
Уг нь “Шинэ-Өргөө” хороолол Европын стандартаар баригдсан сургууль, цэцэрлэгтэй стандарт хороолол хэмээн өөрсдийгөө сурталчилж байсансан. Мэх ихтийн уран үгэнд хууртсан иргэд өдгөө “хад мөргөж” усны гачаалд ороод байгаа нь энэ.
Хэрэглээний ус нь зэвтэй, үнэртэй, амттай байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа атал энэхүү хорооллыг улсын комисс хүлээгээд авсан, Ус сувгийн удирдах газрын Усны төв лабортори нь бага зэрэг өнгөнөөс өөр өөрчлөлтгүй, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ус гээд дүгнэлтээ гаргачихсан байгаа нь ажилдаа хайнга хандсаных уу, аль эсвэл Улаанбаатарчуудын уудаг ус нь нийтээрээ ийм учраас Ус сувгийн удирдах газрынхан ийм дүгнэлт гаргаж, улсын комисс хүлээж авсан юм уу. Аль эсвэл авлига хээл хахуультай холбоотой юм уу?.
Ямартай ч 1080 айлын хэмээгдэж байгаа “Шинэ-Өргөө” хорооллын усны асуудлыг үнэн мөнөөр нь шийдэхгүй бол “хулхи” шинжилгээний хариуны ард иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байна гэдгийг холбогдох албаны хүмүүст дуулгая.
Б.Батчимэг
http://www.24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.