Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 13
Дархан-Уул аймгийн Ардчилсан нам дотроо хагаралдан тэмцэлдсээр удаж байна. Өнгөрсөн намар, өвөл тус намыг шинэчлэх залуусын хөдөлгөөн байгуулагдаж, зарим нь тав хоногийн турш өлсгөлөн зарлаж хэвтэхэд хүрч байлаа.
Ер нь аливаа зөрчил хэн нэгэн этгээд, хэсэг бүлэг нөхдийн явцуу эрх ашгаас үүссэн дүрмийн бус тоглолтоос болж дэвэрдэг. Энэ тухай нийтлэлч Баабар “Зарчим алдагдахын цагт…” хэмээн бичиж байв. Дархан-Уулын Ардчилсан намын туулж ирсэн түүхийг сөхвөл яг ийм л улбаатай ажээ.
2006 оноос хойш өнөөг хүртэл Дархан-Уул аймгийн АН-ыг “Даш”-ууд хэмээх цөөн хэдэн хүн зохицуулж, хэмжээгүй эрхт эзэн хаад мэт аашлах болсон байна. Тэдний “ноёрхол”-ын жилүүдэд АН сонгууль болгоноор ялагдал хүлээжээ. Үүний учир шалтгааныг шударга гишүүд дэмжигчид нь “Манай намын дарга нар буюу “Даш”-ууд нь өрсөлдөгч намтайгаэа улс төр, эдийн засгийн тохироо хийж, зарим тохиолдолд тэд Дарханаас их хэмжээний газар эзэмших эрхийн бичгээр сонгуулийн наймаа хийсэнтэй холбоотой” хэмээн хардсаар байгаа юм. “Даш”-уудад намын дүрэм мүрэм, сонгуулийн ялалт малалт огт падлийгүй аж. Нэг үгээр хэлбэл, ардчилсан ёсны наад захын зарчмыг сахих дургүй болцгоосон улс юм байна. Бодит баримт нотолгоо энэ бүхнийг нь бидэнд хэлж өгөөд байгааг яалтай вэ. Энд тоймтой хэдхэн баримтыг өгүүлье.
Баримт-1
2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр. АН-ын ХЕХ-ны тогтоол гарч олон жил ах дүүсийн хамтаар Дархан-Уулын АН-ыг эрхшээлдээ байлгасан, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг даргаас чөлөөлж, намаа шинэчлэхийг хүссэн, намдаа шударга харилцааг төлөвшүүлэнхийг зорьсон Л.Наранбаатарыг намын даргаар сонгосон тогтоолыг батлав. Харамсалтай нь Н.Мөнхдаш намын тамгаа авч зугтсан бөгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үүнд нөлөө үзүүлж чадсангүй. Уг тогтоолын бас нэг адармаатай заалт нь тус намыг өөрчлөн шинэчилж шийдвэрлэхийг АН-ын Хэрэг эрхлэх газарт даалгажээ. Гэхдээ энэ нь шударга сонгуулиар зохион байгуулж чадвал болох л асуудал юм. Гэвч дараа дараагийн процессууд дүрэм бусаар, “Даш”-уудын тааллаар өрнөж эхэлжээ.
Баримт-2
Өнгөрсөн өвөл буюу 2013 оны 12 дугаар сард АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймагт очиж намын удирдлага, гишүүдтэй уулзав. Энэ үеэр “Даш”-ууд гайхалтай “мэргэн” санал хэлжээ. Юу гэвэл, сонгууль явуулахгүйгээр намын даргын суудлыг шууд Н.Мөнхдашид өгөх. Намын дүрэм хэрэгжихгүй, намын дотоод ардчилал алдагдсан, тэгээд ч дээрээс, Хяналтын ерөнхий хорооноос нь шударга сонгуулиар асуудлаа шийд гэхэд үгүй гээд байсан нь сонин юм. “Даш”-уудын ийм увайгүй санаархалд намаа шинэчлэхийг хүсэгчид улам дургүйцэв. Ингээд тэдний төлөөллүүд хотод ирж АН-ын үүдэнд жагсаж, мэдэгдэл гаргаж, сүүлдээ өлсгөлөнд шилжсэн байна. Тэд намын анхан шатны нэгжүүд дээрээ сонгуулийг шударга зарчмаар явуулж Дархан-Уулын АН-ын удирдлагыг шинэ бүрэлдэхүүнээр сэлбэх зорилго тавьжээ.
Баримт-3
“Даш”-уудын намын хороо дээрх залуусыг өлсгөлөн зарлаад тав дахь өдрөө сууж байхад хуралдаж намын сонгуулийг 2014 оны 3 дугаар сарын хоёрдугаар долоо хоногт бүх анхан шатны үүрүүд дээрээ явуулахаар тогтоол гаргажээ. Уг тогтоол гачлантай нь сонгуулийг заавал өнөөх Н.Мөнхдаш нь удирдахаар зааж, Н.Мөнхдашийн томилсон сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо, мөн түүний нөлөөллөөр хэсгийн хороод ажиллах агуулгатай болсон байлаа. Энэхүү тогтоолын амьд гэрч нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болов. Учир нь мань хүн тэр үеэр Дархан-Уулд очиж Н.Мөнхдашийнхант ай голцуу ажиллажээ. Өлсгөлөн зарлагчид тогтоолыг хүлээн зөвшөөрсөнгүй. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо бүхэлдээ Н.Мөнхдашийн гарт төвлөрөх нь тодорхой тул ардчилсан ёсны хэм хэмжээ, намын дүрмийн заалт бүдүүлгээр зөрчигдөнө гэж тэд үзжээ. Мөн сонгууль болтол сумуудын намын удирдлагыг ямар нэг байдлаар сольж өөрчилж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байв. Гэвч “Даш”-уудын дэглэсэн сонгууль болдогоороо л болов.
Баримт-4
Намын удирдах байгууллагын сонгуульд намынхаа татварыг төлсөн гишүүд нь оролцох бүрэн эрхтэйгээр дүрэмд заасан болохоор гишүүд сонгуулиас өмнө амжиж татвараа төлж эхэлтэл бас дахиад асуудал үүсэв. Яасан гэхээр, Хамгийн олон гишүүнтэй Дархан суманд 2014 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө татвар төлөх гэтэл данс нь хаагдчихсан байв. Сумын намын данс яагаад хаагдсан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга руугаа бичиг илгээж, дахин шинээр данс нээхийг хүсчээ. Ингээд шинээр данс нээлгэв. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд нийтдээ 7 мянга гаруй гишүүд татвараа тушаасан гээд та бодоод үз л дээ. Намаа шударга ардчилсан зарчимаар шинэчлэх гишүүдийн идэвх эрмэлзлэл ийм цөөн хоногт ингэтлээ оргилж байсныг санахгүй юм хэмээн нэгэн эх сурвалж хэлж байлаа.
Баримт-5
Сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд Дархан сумын АН-ын намын дарга Б.Баярааг ямар нэгэн хурал хийлгүйгээр ганц хоёр хүн ширээний ард сууж байгаад шууд л тогтоол бичээд халж орхисон байсныг шинэчлэлийн хөдөлгөөнийхөн хожим нь 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Үндэсний хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдэгдэх хуудас зэргээс олж харсан нь тун хачирхалтай. Банкны мэдэгдэл нь бас л данс хаах тухай байлаа. Ийм хүсэлт, шахалтыг нөгөө л Н.Мөнхдаш гардан хийжээ. Тэр Дархан суманд бүртгэлтэй, татвараа төлсөн тэдгээр 7 мянган хүнийг сонгуульд оруулахгүйн тулд ийм алхам хийсэн байв. Энэ нь яалт ч үгүй хүчирхийлэл, дарангуйлал гэгч биз ээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.