Б.Сэр-Од төрийн албан хаагчдын хүнд суртлаас болж үндэсний шигшээ багаас гарч, Японы тамирчин болов

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 20 ・ 1


Монголын Хөнгөн атлетикийн спортоос төрсөн гурав дахь гавьяат  МУГТ Б.Сэр-Од хөнгөн атлетикийн спорт, тэр тусмаа тэсвэр тэвчээрээ чинээнд нь тултал шавхаж байж амжилтад хүрдэг марафоны төрлөөр Монголын нэрийг тив, дэлхий, олимпийн талбарт тахалж яваа ганц тамирчин.

Гэтэл тэрбээр Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багаас гарч, Япончуудын нэрийн өмнөөс уралдах гэрээ хийжээ. Үүний  шалтгаан нь ердөө л төрийн албан хаагчдын хүнд суртлаас болсон гэнэ. Энэ мэтээр манайхан спорт хөгжсөн энэ үед үл ойлголцлоос болж сайн тамирчдаа гадагш  алдаад байх юм даа.

Түүнийг өнгөрсөн  олон тэмцээн уралдаанд дасгалжуулж ирсэн хүн бол түүний эхнэр О.Оюунтуяа. Тэрбээр өөрөө дундын зайн гүйгч байсан. Анх хэн ч таньдаггүй залуу тамирчин эхнэртэйгээ хамт бэлтгэл хийж, эхнэр нь дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж, олон уралдаан тэмцээнд тэд хамтдаа явж, амжилт гаргаж, ялж, ялагдаж ирсэн.

Улмаар монголын Үндэсний шигшээ баг шинэ журамтай болох хүртэл ямар нэг асуудалгүй тэмцээн уралдаанд оролцож байсан гэнэ. Гэтэл ССАЖЯ-наас баталсан журмаар  эхнэрийг нь дасгалжуулагчаар томилчих юм бол Ашиг сонирхолын тухай хууль зөрчсөн болно, харин өөр дасгалжуулагч олж авч болно гэжээ. Тиймээс  Б.Сэр-Од уралдаан тэмцээнд явах гэхээр дасгалжуулагчгүй болсон учраас аргаа барахдаа Үндэсний шигшээ багаас татгалзаж, Япончуудтай гэрээ байгуулан тус улсын нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцох болоод байна.

Япончууд түүнд өндөр цалин хангамж амлаж, эхнэрийг нь дасгалжуулагчаар давхар ажиллуулах гэрээ хийсэндээ тун ч сэтгэл хангалуун байгаа сурагтай. Ийнхүү  Японы “NTT” корпорациас тавьсан саналын дагуу өдгөө Б.Сэр-Од гэр бүлийн хамт Японд амьдарч, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тун удахгүй Японы Наганод “Нагано-1998” цагаан олимпийн дурсгалд зориулсан марафон гүйлтийн тэмцээн болно. Энэхүү уралдаанд тус улсын нэрийн өмнөөс оролцох ажээ. МУГТ Б.Мөнхбаяр Герман улсад очоод ямар өндөр амжилтууд гаргав, түүний нэгэн жишээ л болох нь дээ. 
 

Д.Нэргүй

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 15/

    спортоо ойлгодоггүй, тамирчинаа дэмждэггүй улс аа гэж

    Хариулах