Урлаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 21
・ 1
АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”уянгын драмын жүжиг ирэх тавдугаар сарын эхээр нээлтээ хийнэ. Уг жүжгийн гол дүр болох Базар, Төгсөө хоёрын охин Гэрлээгийн дүрд тоглож буй УДЭТ -ын жүжигчин Б.Одончимэгтэй шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа. Энэхүү жүжгийг УГЗ найруулагч Ч.Найдандорж сэргээн найруулжээ. Мөн жүжигчин бүсүй “Гэгээн муза 12” наадамд “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр өрсөлдөнө.
-Хоёулаа шинэ дүрийнхээ яриагаа эхлэх үү?
-Би гадаадад сурч байгаад гадны хүнээс жирэмсэн болоод ирж байгаа охины дүрд тоглож байгаа. Жирэмсэн болсны улмаас ээжтэйгээ маргалддаг. Энэ дүр дээр өмнө нь СТА Ч.Түвшин найруулагчийн найруулснаар МУГЖ У. Уранчимэг эгч тоглож байсан. Тиймээс энэ мундаг жүжигчний дүрд тоглож байгаадаа баяртай байна.
-Төрж байхдаа хэзээ ч би “ээжээ” гэж дуудахгүй гэдэг үгийг та хэлдэг. Энэ ээж хүний сэтгэлийг шимшрүүлсэн үг шүү?
-Мэдээж энэ үг ээжийгээ гомдоомоор үг. Яагаад гэвэл тухайн үед бүр тодруулбал социализмын үед гадны хүнээс жирэмсэн болоод эх нутагтаа ирнэ гэдэг ёс суртахууны маш том дутагдал. Сургуулиа ч төгсч чадаагүй дөнгөж 16-хан настай охиноо хүүхэдтэй болоод ирэхээр ээж хүнд мэдээж хүнд тусалгүй яахав дээ. Чиний өмнөөс хүн амьтны царайг яаж харна гээд л охиноо буруутгадаг. Дээр нь гадны хүний хүүхэд хүн биш юм шиг чамаас юу гарах бол доо гэдэг нь ээжийн мунхаглал юм. Тэр үед нь би хайртай хүнийхээ хүүхдийг тээж төрүүлж байна, надаас хүн гарна гэж бачуурч бухимдаад ийм ээж байдаггүй юм, би төрөх гээд үхэх гэж байсан ч “ээжээ” гэж дуудахгүй гэж хэлдэг. Гэсэн ч жүжгийн төгсгөлд “ээжээ” гэж орилдог. Тэгэхэд аав нь охиноо ухааруулаад чи миний алдааг давтах ёсгүй, би ээжийгээ гомдоосон хүн, чи ээжийгээ гомдоох ёсгүй гээд ухааруулснаар энэ үзэгдэл төгсдөг юм.
-Энэ дүрийг бүтээхэд ямар санагдав?
-Найдандорж найруулагч надад энэ дүрийг санал болгосон. Бид задаргааг маш олон янзаар хийсэн.Гадны хүнээс жирэмсэн болоод ирж байхдаа эжээсээ илүү ааваасаа айж байсан. Гэтэл аавдаа түрүүлж хэлэхэд аав маш эерэгээр хүлээж авдаг. Харин ээжийгээ охиноо ойлгох болов уу гэтэл ээж нь зандарахаар охин нь түүнд нь гомдож байгааг л харуулж байгаа юм. Жүжиг хөдөө орон нутгийн тоглолтоор яваад ирсний дараа нээлтээ хийнэ.
- Та үзэгчдэдээ “Аз жаргалын шок” киноны Гэрлээгийн дүрээрээ илүүд танигдсан. Үүний дараа ч мөн тайз дэлгэцийн олон бүтээлд тоглосон байдаг?
-Театрт 2008 онд орсон. Энэ хугацаанд театраасаа тавигдаж буй бүхий л уран уран бүтээлд алгасахгүй оролцож явна. Анх“Алтан түлхүүр” жүжгийн Буратиногийн дүрээс уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Харин бүрэн хэмжээний гол дүр бол “Красногоров 7” төслийн “Яаж амьдрах юм ”жүжгийн охин Кора,”Сарны цагаан хус”жүжгийн Шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан”жүжгийн Навчаа, одоо “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаагийн дүр дээр ажиллаж байна. Энэ мэтээр залуу хүн бүр алхам тутамдаа өсч дэвждэг. Бидний зүгээс ч хичээж ажиллаж байгаа. Хамгийн сүүлд “247 градус” гээд инээдмийн романтик кинонд тоглож байна.
-Мөдхөн “Гэгээн муза” наадамдаа оролцоно гээд таны уран бүтээлийн цуваа хөвөрч байна шүү?
-Тийм ээ. Би нэг хүний жүжиг болох “Танихгүй эмэгтэйн захидал” жүжгээр энэ удаагийн “Гэгээн муза” наадамдаа өрсөлдөж байгаа. Найруулагчаар манай ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зураачаар Батбилэг эгч маань ажиллаж байгаа.
-Бүтээх юмсан гэсэн мөрөөдөж явдаг дүр байдаг биз?
-Түүхэн кино, жүжиг ч юмуу дэлхийн сонгодог бүтээлд тоглох юмсан гэсэн шунал хүсэл уран бүтээлч хүн бүрт байдаг. Дүрдээ шунаж байх ёстой гэж найруулагчид ч хэлдэг. Зарим жүжигчид энэ л дүрийг бүтээчих юм бол санасандаа хүрлээ гэдэг. Миний хувьд тийм биш, залуу хүн учраас миний цаашдын гэрэлт ирээдүй харагдаж байна. Надад залуу нас, чадвар,эрч хүч байна. Уран бүтээлчийн цог золбоогоор ажиллана. Бүр цаашилбал найруулагч маань өгөөгүй болон өгсөн дүрд хүч үзэж өрсөлдөнө гэж боддог. Гал шиг дүрэлзсэн залуу насандаа л хүмүүс бүх юмыг хурдан хүлээж авч, хурдан хийж бүтээх гэж оргилж буцалж байдаг. Гэсэн ч түүнийхээ хажуугаар эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал. Ерөөсөө л эрүүл байвал бүх юмыг бүтээж чадна шүү дээ. Сэтгэл санаа тайван стресгүй байж олон зүйлийн ард гарна.
-Уран бүтээлч хүн дүр болгондоо л хайртай байдаг. Энэ бүхнээс сэтгэлд хоногшсон ямар дүр байдаг вэ?
-Дүр болгон л ажиллахад хэцүү. Гэхдээ анхны юм бүхэн л сэтгэлд хоногшдог юм уу даа. Сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж бүтээсэн болохоор дүр болгон амттай санагддаг. Дүрээ гаргах, тоглож байх явцад дүр бүхэн дурсамжтай өнгөрдөг. Угаасаа бидний мэргэжил өдөр бүхэн өөр өөрөөр өнгөрдөг учраас үнэхээр гоё. Жүжгээс жүжиг рүү өөр өөр дүрд хувирдаг, амьдралд өөр өөрөөр ханддаг. Өөрөөр хэлбэл баян ядуу хатан эмгэн, өвгөн болж хувирдаг учраас амьдрал маань ч кайфтай байдаг. Гэсэн ч энэ дундаас анх театр торж байсан, анхны дүрээ аваад сэтгэл догдолж байснаа хэзээ ч мартдаггүй. Тэр сэтгэхүйгээр цог золбоотой, яаж энэ мэргэжлийг эзэмшсэн юм, түүн шигээ ажиллах ёстой гэж боддог.
Ярилцсан : Д.Нэргүй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.