Салбарын яамнаас дур мэдэн өгсөн зөвшөөрөл балаг тарьж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 23 ・ 1

Баянгол дүүргийн XIV хорооны 16-р байрны 200 гаруй оршин суугчийг өчигдөр нүүлгэн шилжүүлээд байна. Учир нь, тус байрны зүүн талд барилга барихаар газар ухсанаас хөрс нь суларч уг байр нурах магадлалтай болоод буйг манай сурвалжлах баг цаг тухайд нь мэдээлсэн. Бид болсон явдлыг лавшруулан хэн барилга барих зөвшөөрөл өгсөн, яагаад ийм явдал болсон талаар олон талын төлөөллөөс тодруулахын зэрэгцээ газар дээрээс нь сурвалжлага бэлтгэсэн юм. 

 

 

Нийслэлийн Онцгой комисс уржигдар орой хуралдан дээрх байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, ойролцоох долоон зочид буудалд гурав хоногийн хугацаатай байрлуулаад байгаа юм. Улмаар 16-р байрны барилгад мэргэжлийн хяналтын байцаагчид хэмжилт хийж дүгнэлт гаргахаар ажиллаж эхэлжээ.

 

Баянгол дүүргийн XIV хорооны 16-р байрны дэргэд 18 давхар орон сууцны барилга барихаар өнгөрсөн жилээс суурийг нь ухаж эхэлснийг оршин суугчид хэлж байна. Тэд уг барилгын ажлыг эсэргүүцэж байсан ч суурь цутгах нүхийг хэдийнэ ухаад эхэлсэн гэнэ. Харин байрны дэргэд хэт ойрхон нүх ухсанаас 16-р байрны барилгын суурь доргиж, хөрс нь суларснаас нурах аюул нүүрлэсэн аж.

 

213 иргэний 178 нь 7 зочид буудалд байрлаж байна

 

Тус байрны оршин суугч 213 иргэнээс 178 нь буудалд, үлдсэн 35 нь ах, дүү, хамаатан садныдаа байрлаж буйг албаныхан хэлсэн. VI бичил хорооллын замын хойно байдаг “Эрхэс”, “247” зэрэг зочид буудалд байрлаж буй иргэдтэй уулзлаа.

 

 

Оршин суугч Х.Намхай гуай гэргий, хүүхдүүдийнхээ хамтаар тус байрны 2 өрөө байранд амьдардаг байжээ. Иргэдийг нүүлгэхэд “247” буудлын нэг өрөө тэдэнд оногдсон байна. Тэрээр “Настай хүмүүс буудалд байрлах ямар сайн байх вэ дээ. Өөрийн гэр шиг тав тухтай биш учраас даралт ихсээд таагүй байна” хэмээж байв. Тэрбээр үргэлжлүүлэн бидний асуултад ийн хариулсан юм. 

 

-Тухайн барилгын суурийг ухаж эхэлснээс хойш оршин суугчид эсэргүүцсээр ирсэн гэсэн. Зохих байгууллагууд нь үүнийг анхааралдаа авч ажиллаагүй гэсэн үг үү?

 

-Бид энэ барилгыг өнгөрсөн намраас хойш бариулахгүй гэж өчнөөн тэмцсэн. Миний бие хүртэл эсэргүүцсэн уриа лоозон бариад зогсож байлаа. Тухайн үед гаргасан кадастрын зураг төсөлд манай байрны зургийг оруулаагүй байсан. Тэгж байж л талбайг нь том харагдуулан 18 давхар барилгаа бариулахаар улайрсан. Манай хажуугийн 15 дугаар байрнаас  22 дугаар байр хүртэл кадастрын зурагт орсон байдаг учраас дунд нь их зай гарч байгаа юм. Бид үүнд маш их гомдолтой байгаа. Манай байрны зургийг тэрхүү зурагтаа оруулсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан шүү дээ. 

 

-Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд албаны хүмүүс юу хэлж байв?

 

-Гурав хоног буудлаар байж бай. Бид арга хэмжээ авна л гэж хэлсэн. Тэгээд ойр зуурын хувцас, бичиг баримтаа аваад бүх зүйлээ орхиод гарсан. Сая  байр руугаа очиж харлаа. Албаны хүмүүс хэмжилт хийж байгаа гэж цагдаагийнхан хэлсэн.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: